Гадаад өр төлөхөд бэрхшээл үүсэхгүй гэв
Сангийн сайд Ч.Улаан
2014.09.11

Гадаад өр төлөхөд бэрхшээл үүсэхгүй гэв

“Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлыг энэ оны эцэс гэхэд шийдсэнээр Монгол Улсын өрийн эрсдэл буурна хэмээн Сангийн сайд Ч.Улаан ярьсныг “Financial Times” мэдээлжээ.

Өнгөрсөн долдугаар сард олон улсын үнэлгээний “Мооdу's” агентлаг Засгийн газрын валютын бондын зэрэглэлийг нэг түвшнээр бууруулан В2 болгосон нь “өндөр эрсдэлтэй” гэх тодотгол дагуулж буйг мөн онцолсон байв. Үүнд гадаадын шууд хөрөнгө оруулалт, валютын нөөц буурсан нь нөлөөлсөн.

Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан "Монгол Улс экспорт, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, нийгмийн халамжийг бууруулан валютын нөөцөө өсгөж Засгийн газрын өрийг ДНБ-ний 40 хувьд хүргэхээр зорьж байгаа” хэмээн өгүүлжээ.

Мөн тэрбээр “Олон улсын зах зээлээс босгосон хөрөнгөө эргүүлэн төлөхөд асуудал үүсэхгүй. Цаашид ч тийм байдал бий болохгүй” гэж ярьсан байна.

“Мооdу's”-ын тооцоолсноор манай улсын нийт гадаад өр энэ оны нэгдүгээр улиралд 20 тэрбум ам.долларт дөхөж очсон гэнэ.

Энэ нь ДНБ-ий 167 орчим хувьтай тэнцэж байгаа үзүүлэлт юм. Олон улсад гаргасан бондын үйлчилгээний зардалд экспортын орлогын тав орчим хувийг зарцуулж буй бололтой.

Ч.Улаан “Хэдийгээр “Оюутолгой” төслийн хэлэлцээр үргэлжилж буй ч хоёр дахь шат- ны бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ хэмээн найдаж байна” гэжээ. Дашрамд дурдахад. өнгөрсөн баасан гаригт Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэгч хоёр төхөөрөмжийн нэгд гэмтэл гарсан байна.

Үүний шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд засварын ажлыг эхлүүлжээ. Одоогоор баяжуулах үйлдвэр хүчин чадлынхаа 60 орчим хувийг ашиглаж байгааг marketwired.com цахим хуудсанд мэдээлэв.