Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Гишүүний асуулгад Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өгсөн хариултдаа, өнгөрсөн оны эцсийн байдлаар манай улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран Нарийн сухайт, Бороо, Төмөртэй ордуудыг тогтвортой байдлын гэрээгээр, Оюутолгойн ордыг хөрөнгө оруулалтын гэрээгээр тус тус ашиглаж байна. Харин газрын тосны салбарт нийт 21 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас нэг нь дуусгавар болж, 21 нь хүчин төгөлдөр байгааг дурдав.
Оюутолгой төслийн нэгдүгээр үе шат /анхны/-ны хөрөнгө оруулалтын дүн хэмжээний тухайд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед гэрээнд зааснаар болон төслийн батлагдсан ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын хуваарийн дагуу “Оюутолгой” ХХК-ийн анхны бүтээгдэхүүн гаргах хүртэл хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар боловч 2012 оны жилийн эцсийн байдлаар 7.1 тэрбум ам.долларт хүрч 2 тэрбум гаруй ам.доллараар буюу 40 орчим хувиар өссөн тооцоо гарч байна. Энэ асуудалтай холбогдуулан манай талаас хийгдсэн хөрөнгө оруулалт, зардлыг баримтаар баталгаажуулах, хянаж нягтлах ажлыг хийж гүйцэтгэж байгаа.
Далд уурхайн санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой асуудлын тухайд Засгийн газрын зүгээс анх тохирсон өгөөжийн харьцааг аль болох эвдэхгүй, өөрчлөхгүй байх шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьж байгаа. Уул уурхайн яамны зүгээс шинэчилсэн ТЭЗҮ-г удаа дараа шаардсаар ирсэн боловч Оюутолгой ХХК өнөөг хүртэл эцсийн албан хувилбараа ирүүлэхгүй хугацаа алдаж байна. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг 15 банкнаас нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг авах хүсэлтээ хөрөнгө оруулагчид Засгийн газарт тавьсан. Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Хувь нийлүүлэгчдийн хурал нь энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг сайд дурдав.