Н.Алгаа: Алтны тухай хууль Оюутолгойд үйлчлэхгүй
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаа
2014.01.10

Н.Алгаа: Алтны тухай хууль Оюутолгойд үйлчлэхгүй

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаатай ярилцлаа.

-Өнгөрсөн онд Засгийн газраас Алтны ил тод байдлын тухай хууль  санаачлан  оруулж ирсэн ч унасан. Харин үүнтэй зэрэгцэн  хуулийн төслийнхөө нэрийг өөрчлөөд  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээд оруулаад ирсэн.  Алтны татварыг хөнгөвчлөх зорилготой  гэх эл хуулийг  олон нийт янз бүрээр л тайлбарлаж байна. Таны хувьд энэ хуулийн төслийг хэрхэн харж байна.  Зарим нь бүр Оюутолгойд зориулсан хууль ч гэх юм?

-Алт гэлтгүй бүх ашигт малтмалын  татварын суурь хөнгөлөлт таван хувь байдаг.  Энэ хуульд зааснаар олборлосон алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд  тав биш 2.5 хувийн хөнгөлөлт үзүүлнэ л гэсэн үг юм билээ.  Энэ хуулийг анх Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль гэж оруулж ирээд нэршил нь ч буруу байна , ил тод ч гэж юу гэсэн үг юм, юуг нь ил тод болгох гээд байгаа юм гээд буцаачихсан. 

Угтаа энэ хуулийн цаад утга санаа нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тав дээр нэмэх нь нэг нэг хувиар нэмэгдээд 10 хүртэлх хэмжээтэй байгаа. Үнэ өндөр  болвол арав болно. Нэг үгээр бол, хамгийн доод талын суурь үнэ нь таван хувь. Гэхдээ үнийн өсөлтөөс хамаараад нэг нэг хувиар нэмэгдээд явна гэсэн заалттай. Нөгөө талаас тэр Оюутолгод зориулсан хууль гээд байгааг би ойлгохгүй байгаа юм. Үнэндээ энэ хуулийн цаад утгыг ухаж ойлгож чадвал Оюутолгойд зориулсан гэж томьёолох ямар ч боломжгүй.

-Монголбанкинд хамгийн их алт худалдах нь Оюутолгой учраас тэдэнд зориулж таван хувийг 2.5 болтол нь буурууллаа гэж үзэх хүн олон байна. Ер нь Монголбанкинд Оюутолгойгоос гадна алт худалддаг газар байдаг юм байгаа биз дээ?

лтыг нь зэсийн баяжмалаас салгах, худалдах бололцоо ч гэж байхгүй.

-Монгол улсад ашигт малтмал олборлож  байгаа бүхий л компаниуд Монголбанкинд алтаа тушааж байгаа. Оюутолгой ганцхан алт олборлодог юм биш шүү дээ. Тэд зэсийн баяжмал олборлож байгаа. Тэр дотор нь алт нь явж байгаа. Алтыг нь зэсийн баяжмалаас салгах, худалдах бололцоо ч гэж байхгүй. Харин зэсийн баяжмалд байгаа алтны үнийг тооцож болно. Тухайлбал, зэсийн баяжмал хэдэн төгрөгийн үнэтэй байна, түүнд агуулагдаж байгаа алтны хэмжээг мэдэж байвал зах зээлийнх нь үнээр үржүүлээд хайлуулж, цэвэршүүлдэг зардал, эдийн засгийн хорогдлыг нь хассаны дараа зах зээлийнх нь үнээр үржүүлээд зэсийн баяжмалынх нь үнэ гарна.

Жишээ нь зэсийн баяжмал 1000 ам.доллар байлаа гэхэд дотор нь байгаа агууламж нь алтны агууламжаасаа хамаараад  дахиад 500-600 ам.доллараар нэмэгдэнэ. Харин энэ үнээс нь таван хувийн татвар авдаг байсан. Алт нь салаагүй учраас тэр. Цаашлаад алт нь хэзээ салах вэ гэхээр зэсийн баяжмалыг хайлуулж, цэвэршүүлэх гэсэн хоёр том технологи явсны дараа цэвэр зэсний шаар дотор алт нь үлдэх юм.  Ингээд ч болохгүй дахиж цэвэршүүлж байж алтаа гаргаж авна. Тэгэхээр Оюутолгойн алт энэ татварт хэзээ хамрагдах вэ гэхээр энэ компани хайлах, цэвэршүүлэх үйлдвэр бариад цэвэр зэс гаргаж худалдчихаад алтаа ялгаж авч үлдэн, Монголбанкинд худалдах тэр үед л хамаарах юм шүү дээ.

-Энэ хугацааг та хол гэж үзээд байна уу?

-Лав л ойрын арван жилдээ  тийм боломжгүй.

-Оюутолгойд зориулсан хууль гэж үзээд байгаа хүмүүс энэ талын мэдээлэл багатай байна гэж та хэлэх гээд байна уу?

-Ерөөсөө л алтны хуулийг Оюутолгойтой холбож байгаа нь мэдлэг, мэдээлэл думтагийнх. Буруу ойлголттой байна. Технологи, үйлдвэрийн дамжлага гэж юу байдгийг мэдэхгүй. Зэсийн баяжмалын агуулгад юу ордог, тэр нь хэзээ яаж салдаг, зэсийн баяжмалд ямар агууламж  үнэ нэмэгдэхэд нөлөөлдөг, ямар нь нөлөөлдөггүй вэ гэдгийг мэдэхгүй хүмүүсийн л яриа.

Гэхдээ мэдээж энэ бүхнийг хүн болгон мэдэх албагүй л дээ, металлургийн нарийн мэргэжлийн хүний мэдэх ажил. Ерөөсөө мэдээлэл багатай байгаа хүмүүс л ингэж яриад байгаа юм.  Тусгай мэргэжилтэн энэ талаар мэдээлэлтэй байх ёстой ч гэсэн хууль боловсруулж байгаа хүмүүс энэ  төрлийн хуулийг батлуулах гэж байгаа бол мэдээлэлтэй л байх ёстой.

-Мэдээлэл багатай ч гэсэн хууль санаачлагчид нэрийг нь өөрчлөөд ч болов зүтгүүлээд л байгаа шүү дээ.  Таныхаар энэ хууль батлагдах магадлал хэр байна?

-Хоёр талтай л байна. Хууль санаачлагчдийн зүгээс их л зүтгүүлж байна. Харин нөгөө хэсэг нь бол дээр ярьсанчлан Оюутолгойн лобби орчихлоо гэж хардаад байгаа юм.  Оюутолгойн зэс, алтны орд гэж байдаг. Тэнд  их  алт бий. Түүнийг нь шороон болон үндсэн ордын алт шиг л салаад байдаг гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр огт тийм зүйл байхгүй учраас энэ хууль Оюутолгойд огт үйлчлэхгүй.  Харин шороон болон алтны үндсэн ордуудад л үйлчлэх юм.  Өнөөдрийн байдлаар “Олон овоот”, “Бороо”-гийн алтны уурхай  зогсчихсон.

“Баян айраг”-ийн шинэ төсөл энэ зунаас эхлэх эсэх нь тодорхойгүй байна.

“Баян айраг”-ийн шинэ төсөл энэ зунаас эхлэх эсэх нь тодорхойгүй байна.  Гэтэл цаана нь шороон ордын алт бий ч Урт нэртэй хуульд хамрагдаад яг алтны шороон орд дээр үйл ажиллагаа явуулж байсан 254 лицензийг хоёр жилийн хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоочихоод байгаа шүү дээ. Үүнд хамрагдсан компаниуд зарим нь нөхөх олговроо хүлээгээд сууж байдаг, зарим нь ямар нэгэн шалтгаанаар нөхөх олговор байхгүй байна гэж үзээд цуцлагдсан байдаг.

Үлдсэн хэсэг нь хуульд ямар нэг эерэг өөрчлөлт орж магадгүй гээд хүлээгээд сууж байна. Дээр нь урт нэртэй хуулийн бүсэд хамаарахгүй гадна нь үйл ажиллагаа явуулж байгаа, гол уснаас хол “Алтан Дорнод Монгол”, “Мон дулаан” гэх мэт алтны шороон ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд багтах гээд байна л даа. Гэтэл энэ Алтны ил тод байдлын гэж нэрлээд байгаа хуулийг урт нэртэй хуультай хамтатгаад явуулчихвал нууцаар хил даваад байгаа алтнууд чинь Монголбанк руу л явж эхлэх юм.

-Энэ хуулийг батлах нь зөв гэдэгт санал нэгдэж байгаа юм байна гэж ойлгож болох нь ээ. Хуулийн эерэг болон сөрөг талыг та хэрхэн харж байна?

-Манай ассоциацаас  өмнө нь байсан таван хувийг 2.5 болгочихвол юу болох вэ гэдгийг тооцож үзсэн л дээ. Алт үйлдвэрлэгчдийн холбоо ярихдаа 2014-2016 онд  нийтдээ 36 тонн алт олборлох нөөц бололцоо бидэнд байна гээд байгаа.  Хэрвээ энэ шинэ  хууль гарчихвал тэр алт Монголбанкинд худалдаалагдах юм.  Өнгөрсөн жил зургаан тонн алтыг л Монголбанкинд худалдсан. Энэ тоо 2012 онд гурван тонн л байсан. Энэ жилийн нэмэгдлийг “Алтан Дорнод Монгол”, “Мон дулаан” хоёр л  авчирлаа. “Мон дулаан” бол маш гүнзгий буюу 50 метрийн гүнд олборлолт явуулж байна.

Тэгэхээр алтны өсөлтийн 40-50 хувийг энэ компаниуд л авч ирж байна шүү дээ. Тэгэхээр ийм маягаар цаашаа өсөлт гарвал өссөн том хэмжээнээс авсан бага хувьтай татвар 2016 он дууссаны дараа тэнцчихэж байгаа юм. Гэтэл жилд найм гэж бүртгэгдээд орж ирж байгаа орлого жилд 12-16 болохоор борлуулалтын орлого хамаагүй өсөөд явчихна. Тэр өсөлт юу орох вэ гэхээр шинээр ажиллаж байгаа ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчдын ахуй хангамж, тухайн орон нутагт очих орлого гээд бүх юм өснө гэсэн үг.

Тэгэхээр зөвхөн татварын орлогоос гадна бизнесийн идэвхжилт нөлөөлөөд эдийн засгийн эерэг өөрчлөлт орох гээд байна шүү дээ. Гурван жилийн дараа гэхэд л  нэлээд олон татвар төлөгчтэй болоод бааз суурь томроно гэсэн үндэслэлээр энэ хуулийг батлах нь зөв гэж бид үзээд байгаа юм. Гэхдээ ямар ч шинэ зүйл хөрсөн дээр буухдаа хугацаа шаарддаг учраас эерэг үр дүн өгч эхэлтэл шүүмжлэлд өртөх байх л даа.

-Энэ хууль батлагдсанаар  Монголбанкинд худалдах алтны хэмжээ нэмэгдэх нь ээ?

-Энэ хууль алтны худалдааг либералчлах гээд байна шүү дээ. 2006 онд нинжа нар жилд 500 кг алтыг Монголбанкинд худалдаалж байлаа. Тэр үед татвар бага  байж л дээ. Харин өнөөдрийн хэмжээнд хуулиас гадуур гурван төрлийн алт олборлолт явагдаж байна. Ганцаараа бие дааж яваа нинжа, хэсэг бүлгээрээ нэгдсэн бичил уурхайчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу техникжсэн нинжа гээд гурван янз байна. Энэ гурван нинжа нарын олборлож байгаа алт хаашаа орж байгаа нь мэдэгдэхгүй.

Гадагшаа гарвал хил дээр баригдана л даа.  Одоогоос хэдэн жилийн өмнө солонгосын хэдэн иргэн 17 кг алтыг шулуун гэдсэндээ нууж гарсан тохиолдол гарсан. Гэхдээ онгоцонд суугаад гарсан хойно нь ажиллагаа явагдсан байдаг. Үүнийг яаж илрүүлсэн гэхээр дотроосоо л мэдээлэл өгчихөж байгаа юм. Нэг ёсондоо баялагаа гадагш гаргадаг сүлжээ байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Тиймээс энэ хууль бус үйлдлийг таслан зогсоох давуу талтай хууль учраас батлах л учиртай гэж бид үзэж байгаа юм. Ганцхан татвар биш өөр ямар эерэг тал байгааг нь харах хэрэгтэй. Мэдээж Монголбанкинд очих алтны хэмжээ нэмэгдэж таарна.

-Алтыг бага татвартайгаар авах нь гадагш гарах урсгалыг л зогсоох гэсэн оролдлого гэж үзэх хэрэгтэй юм байна?

-Нэг талаас тийм.   Хэрвээ энэ татварыг тэглэчихвэл шууд эндээ үлдэх юм. Дээр үед татвар бага байхад Оросоос хил давж ирсэн алт манайд худалдагдаж байсан. Харин одоо бол гадагшаа гараад байна. Гэхдээ энэ хууль гарснаар гадагшлах урсгал шууд зогсоно гэж байхгүй.  Мэдээж тодорхой хугацаа хэрэгтэй. Ямар ч байсан гадагшлах урсгал татарна. Алтыг монголбанк төгрөгөөр худалдаж авна шүү дээ.

Энэ чинь эргээд доллартай тэнцэхүйц хатуу хэмжээний валют гэж тооцогдоно.  Энэ мэтчилэн маш олон эерэг үр дагавартай учраас энэ хуулийг батлаасай л гэж харж байна. Татвар бууруулж, хувийн секторыг дэмжиж байна гэж харахаасаа илүү хуулийн эерэг талыг нь олж хармаар байна. Тэгэхээр хувийн сектор буюу баялаг бүтээгчдийг ад үзэх явдал хавтгай байгаа нь буруу.