Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтэд 24 тэрбум доллар хэрэгтэй
Оюутолгойн төслийн хоёр дахь шатны санхүүжилтыг олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгох эсэхэд Монголын Засгийн Газар гурван сарын дотор хариу өгөхөөр болсон билээ. Энэ асуудлыг Оюутолгой төслийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд Туркойз Хилл Ресурс компаний зүгээс танилцуулжээ.
Оюутолгой компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 12 сарын 12-ны өдөр болж, Монголын дэлхийн зах зээлд гаргасан ганц төсөл болох Оюутолгойн төслийн хоёр дахь шатны санхүүжилт болон тус компаний 2014 оны төсвийг хэлэлцжээ.
“Оюутолгой” компаний ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг:
Энэ хурлаар шийдсэн гол асуудал гэвэл Оюутолгой ХХК-ий 2014 оны төсвийг баталсан явдал.
Мөн энэ хурлаар Монголын Засгийн Газар Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтыг олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгох эсэхэд гурван сарын дотор хариу өгөх асуудлыг хэлэлцжээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар:
Оюутолгой компани Монголын Засгийн Газрыг дээрх асуудлаар гурван сарын дотор хариу өгөх хүсэлтийг тавьсан тухай мэдээлэл өмнө цацагдсан. Хэрэв Монголын Засгийн Газартай тодорхой тохиролцоонд хүрчих юм бол энэ ажил урагшилна гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Энэ гурван сарын хугацаанд Засгийн Газар ухаалаг ажиллах хэрэгтэй. Сонгуулийн үеэр хамгийн их амлаж, улс төр хийсэн, өнөөдөр Эдийн Засгийн Сайд, Уул Уурхайн сайд, УИХ-ын дарга болчихсон хүмүүс нэг бол сайн ажиллаж, эсвэл зайгаа тавьж байж Оюутолгойн төсөл үргэлжилнэ.
Оюутолгойн гүний уурхайд нийт нөөцийн 80 хувь агуулагддаг. Энэ хэсгийг олборлох хөрөнгө оруулалт гацсанаас болж төслийн ажил зогсонги байдалд ороод байна. Үүнд шаардагдах 24 тэрбум ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгох саналыг Туркойз Хилл Ресурс компани Монголын талд санал болгоод жил гаруй боллоо. Шийдвэр гаралгүй удсанаас Оюутолгой компани удирдлагаа сольж, 1500 ажилтныг халсан билээ.