Д.Ганбат: Өөрсдөө авлигаасаа салаагүй байж хөрөнгө оруулагчдаа чангалсан хууль гаргаж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.12.10

Д.Ганбат: Өөрсдөө авлигаасаа салаагүй байж хөрөнгө оруулагчдаа чангалсан хууль гаргаж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Таныг гадаад томилолттой яваад байна гэсэн. Хаагуур ямар ажил амжуулж яваад ирэв?

-Женев хотод байдаг Хүний эрхийн зөвлөлийн хуралд оролцоод ирлээ. Замаараа Германы Бундестагийн Хүний эрхийн хорооны даргатай уулзаж санал солилцсон. Энэ хүн ирэх оны хоёрдугаар сард манай оронд айлчилж хүний эрхийн талаарх зөвлөгөөнд оролцож өөрийн байр суурийг илэрхийлэхээр болсон. Удахгүй манай орон Газрын тухай хуулиа батлах гэж байна. Энэ хүн Германд газрыг хэрхэн хувьчилж, эзэмшиж, ашиглаж байсан талаар заавар зөвлөгөө өгнө.

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж байна. Хуулийн төсөл аль шатандаа хэлэлцэгдэж байна вэ?

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл намын бүлгүүд дээр хэлэлцэгдэж байна. Урьдчилсан байдлаар ажлын хэсэг гараад ажлаа эхлүүлсэн. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хүмүүстэйгээ Засгийн газраас оруулж ирсэн хууль дээр ажиллаж байгаа. Хуулийн агуулга нь өсөн нэмэгдэх татварыг таван хувьтай байсан татварыг 2.5 хувьтай байлгах талаар хэлэлцэж байна. Сүүлийн жилүүдэд газрын баялаг ашигласны татвар таван хувь, өсөн нэмэгдэх татвар таваас дээш гээд нийтдээ 10 гаруй хувьтай татвартай байлаа.

Уг татвар нөхцөлд алт тушаагдахгүй буруу гараар орж манай орны эдийн засагт үр өгөөжөө өгөхгүй байсан, Алт олборлогчид нууцаар алт хил давуулсан гээд гэмт хэрэгтнүүд болчих хэмжээнд хүрсэн тул уг хуулийг өөрчлөх шаардлага тулгарсан.

Алт олборлоод байгаа хэрнээ ямар ч үр ашиггүй байгаа нь хууль эрхзүйн орчин нь тааруу байгаагийн илрэл юм. Тиймээс Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар оруулж ирсэн зөв зүйтэй алхам гэж харж байгаа. Уг хуулийн төсөлд цаашид засаж сайжруулах зүйлс байна даа.

-Жишээ нь юу юуг сайжруулна гэж?

-Тухайлбал Монгол банканд алтаа тушаавал татвар 2.5 тушаахгүй бол таван хувийн татвар авна гээд заасан. Нэг хэсэг алтыг жирийн барааны түвшинд авч үздэг байсан бол одоо тийм биш болсон. Алт аль ч улс орны мөнгөний баталгаа болдог хэлбэр рүүгээ орж, эрдэнэсийн сангаа алтаар байлгах хүсэлтэй болжээ. Эдийн засгийн тогтворгүй байдал хаа сайгүй байгаа тул манай хөрш орнууд хоёр хувийн татвартай л байна.

Манай орон жилдээ 20 гаруй тонн алт олборлодог байсан бол сүүлдээ дөрвөн тонн алт ч тушааж чадахгүй хэмжээнд хүрсэн. Өнөө жил 7-8 тонн алт тушаагдаж байгаа байх. Алтны компаниуд уг хуулийг хүлээсэн байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа нь анзаарагдсан. Тиймээс бид уг хуульд ач холбогдол өгч ажиллаж хуулийн төслийг шийдэх ёстой.

-Намын бүлгүүд уг хуулийн тал дээр дорвитой байр суурийг илэрхийлэхгүй байна. Ажлын хэсэг дээр намын бүлгүүд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бэ?

Оюу толгойн ган хайлж буй хүдэр дотор алт байгаа тул үүнийг борлуулсныхаа таван хувийг тушаана гэсэн гэрээтэй юм билээ.

-МАН-ын бүлэг Оюу толгойгоос авах татвар багасах гээд байна гэсэн. Оюу толгойн ган хайлж буй хүдэр дотор алт байгаа тул үүнийг борлуулсныхаа таван хувийг тушаана гэсэн гэрээтэй юм билээ. Гэхдээ тэдний гэрээгээр мөнгө нь гадаадын банканд байршина. Тэгэхээр манайд төдийлөн ашигтай биш. Монгол төгрөгийн ханш суларч ам.долларын ханш чангарч байгаа энэ үед валютыг баталгаажуулж буй зүйл яах аргагүй алт болоод байна.

Оюу толгойн гэрээг өөрчилж болохгүй. Харин тэдний сонирхлыг татахуйц санал гаргах ёстой. Манай орон хоёр хувийн татвартай Хятад шиг байж тэд алтаа манайд тушаана. МАН-ын бүлэг, бие даагчдын зөвлөл таван хувь байлгах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Эцсийн үр дүн өгөөжийг нь бодоод үзэхээр Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл нь зөв зүйтэй байгаа л даа. Гэхдээ уг хуулийг 2014-2019 оны хооронд таван жилийн хугацаанд л мөрдөнө.

Нүүрс, зэсийн үнэ унаж, дэд бүтцээ тавьж чадаагүй нөхцөлд бид хугацаа хожиж үүнийг хийх л ёстой. Тэртэй тэргүй алт ямар ч хяналтгүй гадагшаа гарч байна. Тиймээс татварын орчныг нь хөнгөлсөн хэрнээ алт нь эх орондоо үлдэж валютын баталгаа болдог байх хэрэгтэй. Харин “Шударга ёс” эвслийн бүлэг уг хуулийг дэмжиж байгаа ч цаашид хэдэн хувийн татвартай байх тал дээр ярья гэсэн байгаа. Ардчилсан намын бүлэг 2-2.5 хувийн татвартай байж энэ хууль хэрэгжинэ гэсэн байр суурьтай байна.

-Ам.долларгүйгээс болж Монголын эдийн засаг хүндхэн байна. Ард түмэн өлсөхгүйн тулд доллартай байх шаардлагатай. Татварыг 2.5 болголоо гэхэд алтны компаниуд Монгол банканд алтаа байршуулах баталгаа байна уу?

-Хуулийг нь сайн гаргаад өгчихвөл өмнө нь бидний хянаж чадахгүй гадагшаа гаргадаг алт зогсоно. Вагоны доор, машины банканд хийж гаргадаг гээд асуудал их байна. Үүнээс болж иргэд гэмт хэрэгтэн болох нь элбэг. Манай газар дороос гарсан алт эх орондоо бус гадны эдийн засагт үйлчилж байгаа нь үнэн. Үүнээс болж монголчууд бус буруу гарын нөхдүүд ашгийг нь хүртэж байгаа.

Тиймээс хуулийг нь баталж эдгээр хүмүүст боломжийг нь нээгээд өгвөл хүмүүс эрсдэлтэй алхам хийхгүй. 2.5 хувийг эх орондоо авахын тулд эсэргүүцээд байх хүн байхгүй байх. Харин 10 хувь гэдэг бол хөл дээрээ зогсох гэж яваа компаниудын хувьд хүндхэн цохилт байх нь гарцаагүй. Өнөөдөр татварын орчин ойлгомжтой байх ёстой.

Гэтэл нэмж шинээр татвар гаргах гэж байгаа нь буруу. Тав, зургаахан татвартай гадны орнууд сайхан амьдарч болоод л байна. Татварын орчин ойлгомжтой болоод бүх хүн татвараа төлдөг 4:10- ын бодлого гэж байсан. Түүн шиг 4:5-ын бодлого гэж байх ёстой.

-Хууль батлагдлаа гэхэд манайхаас дүрвэсэн хөрөнгө оруулагчид буцаад ирэх болов уу?

-Манай гишүүдийн сэтгэлгээ хоцрогдсон байна. Сэтгэж байгаа нь буруу байна. Одоо сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Аль болох авдаг, өгдөг хууль гаргаад бүх зүйл сайхан болдог юм биш. Хүмүүсийг ажиллах орчин бүрдүүлсэн, амьдралд хэрэг болохуйц хууль гаргаад мөрдүүлэх нь чухал. Тэгэхгүйгээр мөрдөхийн аргагүй хууль гаргаад түүнийг шахаж шаардан авлига авдаг байсан.

Бид ойлгомжтой, цомхон, уян хатан хууль гаргаж чаддаг байх ёстой. Хуучин монголчуудыг ал- тан дээр суусан гуйлгачид гэдэг байсан бол одоо алтгүй нүхэн дээр суусан гуйлгачид болчих гээд байна. Бид гадагшаа гарч буй алтаа хянаж чадахгүй нэлээд хэдэн жил явж ирсэн. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол цаг хугацаа, эдийн засгийн олон боломжуудыг алдаж эхэлсэн.

Татварын орчин либралчлагдаж бизнес хийхэд хялбар болох, лиценз багасгах нь мэдээж хөрөнгө оруулагчид эргэн ирэхэд сайнаар нөлөөлнө. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсан тул дагалдаж эдгээр хуулиуд гараад ирэхээр болох байх. Хамгийн гол нь төрийн байгууллагууд авлигагүй ажилладаг болох хэмжээндээ хүрч чадаагүй байж хөрөнгө оруулагчдаа чангалсан хуулиуд гаргаад байж болохгүй.

-Ажлын хэсэг хуулийг хэзээ батлахаар ажиллаж байна вэ?

-Миний хувьд ажлын хэсгийг ахалж буй болохоор хүмүүс уг хуулийн талаар ойлголттой болог гэсний үүднээс харж л байна. Намын бүлгүүд мэтгэлцсэний үндсэн дээр ойлгох ёстой зүйлсээ ойлгож авахгүй бол сүүлд нь хэл ам гарах магадлалтай. Тиймээс хэсэг харзнаж байгаа юм. Одоо харин цаг нь болсон.

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль, урт нэртэй хуультай хэр зохицож байгаа бол?

-Алт ухаж байна гээд байгаль орчноо сүйтгэж болохгүй. Уг хоёр хууль амь нэгтэй байх учиртай. Урт нэртэй хууль концепцийнхоо хувьд байх ёстой. Гэхдээ нөгөө тал руу нь хэт туйлшруулж болохгүй гэдгийг хэлье. Байгалийн баялагтай улс эрдэс баялгаа олборлохгүй яах вэ. Тэглээ гээд гол мөрнөө ширгээж, байгальд зүй бус хандах нь буруу хэлбэр байгаа юм.

Манайх шиг гадаргын усны нөөц багатай, гадагшаа урсгалтай гол мөрөнтэй гэдгээ ухамсар- лах нь зайлшгүй. Мөн дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж экологийн тэнцвэрийг хадгалах нь чухал. Гол мөрнөө устгалгүй алтаа авчих хэмжээний газрууд манайд бий.

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт занарыг Монголд боловсруулахгүй гээд заасан гэх юм. Уг нь манайх шиг шатахуунаа гаднаас импортолдог оронд томоохон боломж байсан юм шиг санагдах юм?

-Занарыг уламжлалт газрын тос хэмээн аль хэдийнэ яриад эхэлсэн. Израйль, Америк зэрэг орнууд занар боловсруулах тал дээр технологийн дэвшил гаргаж амжилт олсон юм билээ. Гэхдээ зөв, буруу хэмээн манайхан хоёр талын байр суурийг илэрхийлж харагдсан. Бид боломжтой газраа занараа ашиглаж бензиний хараат байдлаас гарах гарц байж болох юм. Энэ талаар бид эрэл хайгуул хийх л ёстой.

-Мөн бодлогын баримт бичигт гадаргын усыг уул уурхайн салбарт ашиглаж болохоор заасан байгаа гэсэн. Манайх шиг усны нөөц багатай оронд тохиромжгүй юм биш үү?

-Гадаргын усаа ашиглахгүйгээр байгалийн ус буюу бороо, цасны усыг цөөрөм болгон тогтоож аваад ашиглах нь үр дүнтэй. Гадны орнууд ч мөн тэгж л ашигладаг юм билээ. Уул уурхайн салбарт усны асуудал чухал. Ялангуяа гүний ус гэдэг эмзэг юм. Газрын гүний усыг ашиглаад эхэлбэл цөлжилт хурдсаж дараа дараагийн үр дагаврыг тааж хэлэхийн аргагүй болно.

Сүүлийн үед технологийн дэвшил гарч байгаа тул тэр бүхнийг бид нэвтрүүлэхийг хуулиндаа зааж оруулах нь чухал. Манай орон залуучуудын орон. Тиймээс залуусаа гадагшаа сургуульд явуулж өндөр чадамжтай инженерүүдийг бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр манайд нийгмийн салбарын ажилтнууд оффист суугаад л байна. Цаана чинь инженерүүд хэрэгтэй байгаа болохоор уул уурхайгаас олсон мөнгөө боловсролын салбарт зориулах хэрэгтэй гэж боддог.