Д.Ганхуяг: Татварын орлого буурах ч борлуулалтын орлого 1.5-2.0 тэрбумаар өснө
Засгийн газар “унасан” төслийн агуулгыг бараг бүхэлд нь шингээсэн төслийг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр УИХ-д оруулж ирснийг хэлэлцэж эхлээд буй.
Тодруулбал, Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгон бууруулж, өсөн нэмэгдэх роялти авахаа зогсоохоор эл төсөлд тусгаад байгаа юм. Алт тойрсон асуудлаарх уул уурхайн сайд Д.Ганхуягийн товч ярилцлагыг хүргэж байна.
-Ашигт малтмалын тухай хуульд оруулахаар хэлэлцэж буй нэмэлт, өөрчл өлтийн үр дагавар, ач холбогдол нь юу юм бэ?
-Хуулийн гол зорилго нь ердөө л алтны салбарын татварын орчны өрсөлдөх чадварыг сайжруулах юм. Алтны хууль бус, далд худалдааг ил болгох, Монголбанк болон арилжааны банкуудад төгрөгөөр тушааж буй алтны хэмжээг өсгөх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төрлийн татвараар алт олборлогч компаниас улсын төсөвт оруулах орлогыг бүрэн төвлөрүүлэх зорилгоор анх Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьсан.
Манай улс 2005 онд нийт 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж Монголбанкинд тушаасан алтны хэмжээ буурсан. Гэтэл энэ хугацаанд зах зээл дээр алтны үнэ тогтвортой өсөж ирсэн. Үнээ дагаад олборлолт нэмэгдэх нь эдийн засгийн хууль шүү дээ. Хачирхалтай нь манайд эсрэгээрээ алтны олборлолтын хэмжээ буураад байгаа юм.
2011 онд ашигт малтмалын боловсруулалтын түвшингээс хамааруулан өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр роялтийн суурийг таван хувь, үнийн өсөлтөөс хамаарч нэмэх нь таван хувь буюу нийтдээ 10 хувь байхаар хуульчилсан. Энэ хувь хэмжээг татвар төлөхийн өмнөх ашгаас тооцвол 20-30 хувийн ашгийн татвартай тэнцэх юм. Энэ нь алтны салбарын татвар болон хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байна.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд роялтийг хоёр дахин бууруулахаар тусгасан. Энэ нь улсын төсөвт орох орлого энэ хэмжээгээр буурна гэсэн үг юм биш үү?
Улс орнуудын роялти харилцан адилгүй байна.
-Хөрөнгө оруулалтыг татах ямар боломж байж болох хийгээд алт олборлогч бусад орнуудын роялтийн талаар судалгаа хийсэн. Улс орнуудын роялти харилцан адилгүй байна. Тухайлбал, АНУ гурав, Чили тав, Бразил хоёр, Индонез дөрөв, Энэтхэг 2.5 хувь байхад манай улс суурь таван хувь, үүн дээр нэмээд өсөн нэмэгдэх татварын таван хувь нийлээд 10 хувьтай байна. Аливаа үйлдвэрлэл эрхлэгчид татварын таатай орчныг л хүсдэг.
Тэгтэл манай өмнөд хөрш Байгалийн нөөцийн тухай хуульдаа заасны дагуу алтны уурхайн хүчин чадал болон ордын уул техникийн нөхцөл, газар зүйн байршил зэргээс хамааран үндсэн орд дээр 2-7, шороон орд дээр 1.2-2 хувийн роялти төлж байна. Алт тушаахад л хоёр хувийн роялтитай байна. Энэ их зөв зохицуулалт юм билээ. Тиймээс Монголбанк, арилжааны банкинд алтаа худалдсан тохиолдолд нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь байхаар, бусад этгээдэд худалдсан тохиолдолд таван хувьтай тэнцүү байхаар хуулийн төсөлд тусгасан.
Хууль батлагдвал татварын орлого жилд 40-50 сая ам.доллараар буурах боловч алтны борлуулалтын орлого 1.5-2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Хөгжилтэй орнуудын гадаад валютын нөөц ДНБ-ий 40-өөс дээш хувьтай байдаг бол эл хууль батлагдсанаар таван жилийн хугацаанд Монголбанкин дахь алтны болон валютын нөөц жилд 8.5-10 тэрбум ам.доллараар өснө.
-Хуулийн төсөлтэй холбоотойгоор “Оюутолгой”-г дагасан хардлага нэлээд байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-“Оюутолгой” ХХК-ийн алт баяжмал дотроо экспортод гарч байгаа учир Монголбанкинд алтаа биетээр, төгрөгөөр худалдах боломжгүй. Тэгэхээр хардах шаардлагагүй байх. Харин биет бусаар буюу санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглаж, Монголбанк төгрөгөөр худалдан авах боломж байх талтай. Тэгээд ч гэрээгээр “Оюутолгой” ХХКиас таван хувиас илүү роялти авах боломжгүй.
Энэ хууль таван жилийн хугацаанд үйлчилнэ. Зэс хайлуулах үйлдвэрээ энэ хугацаанд барьчихвал Монголбанк энэ алтыг төгрөгөөр худалдан авах боломжтой болно. Гэхдээ үндсэн орд дээр шороон ордоос арай илүү роялти авах боломж бий. Энэ бүхнийг шийдэх эрх нь УИХ-д байгаа.