Бие даагч гишүүд мэдээлэл хийлээ
УИХ дахь Бие даагч гишүүдийн зөвлөлөөс даваа гариг бүр мэдээлэл хийдэг уламжлалын дагуу өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудлын талаар бие даагч гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Бид Нийтийн ашиг сонирхлын тухай хуулийн төслийг санаачлагчдын байр суурьтай нэг байгаа. О.Баасанхүү, Ж.Батзандан гишүүн нарын оруулсан заалтууд маш зөв зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байсан хүн ажиллах хугацаандаа, ажлаа өгснийхөө дараа хоёр жилд гадаадын компанитай хамтарсан хөрөнгө оруулалт хийхгүй байх зүйлийг санаачилсан.
Энэ асуудлыг гарган тавих нь зүйтэй. Нөгөөтэйгүүр энэ долоо хоногт Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Бид энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл, энэ жил "Оюутолгой" ХХК 28 тонн алт экспортолно. Дэлхийн зах зээлийн ханшаар нэг кг алт 50 мянган ам.доллар байна гэж үзвэл 28 тонн алтны 70 хувь нь 75 сая ам.доллар болно. Харин таван хувиас 2,5-аар хөнгөлөхөөр 37 сая ам.долллар болно. Бид энэ жил "Оюутолгой"-оос нөөц ашигласны төлбөр гэж 161 тэрбум буюу 94 сая ам.доллар оруулахаар төлөвлөсөн.
Бие даагч гишүүд мэдээлэл хийлээ
37 сая гэдэг нь 94 сая ам.долларын бараг 40 хувь болох юм. Тэгэхээр бид авах гэж байгаа нөөц ашигласныхаа төлбөрийн 40 хувийг чөлөөлөөд өгөхөөр ашигтай байх уу гэдэг нь ойлгомжтой зүйл. Тиймээс ялангуяа "Оюутолгой" ХХК дээр нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувь болгохын эсрэг байгаа юм. Энэ хөнгөлөлтийг бий болгосноор ирэх жил "Оюутолгой"-оос авах 94 сая ам.долларынхоо 37 саяыг буцааж өгнө гэсэн үг. Тэгэхээр ийм зүйл байж болохгүй гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Соёлын өвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Бие даагчдын зөвлөлөөс аман өвийг маш бага оруулсан байна гэж үзэж байгаа. Үлгэр, домог, тууль үндсэндээ хаягдаж байна. Тиймээс энэ байдлыг түлхүү оруулж, тэр дундаа биет болон биет бус өв болох үлгэр, домгийг ерөнхий боловрол, сургуулийн өмнөх боловсролын системд нэлээд хүчтэй оруулж өгье гэсэн байр суурийг барьж ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Энэ долоо хоногт ажлын хэсэг, байнгын хороогоор орох чухал хуулийн нэг бол Сонгуулийн тухай болон Газрын тосны тухай хууль байгаа. 1991 онд гарсан Газрын тосны тухай хуулийн дагуу өнөөдрийн газрын тосны салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, бололцоо байхгүй. Ийм учраас Газрын тосны тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.
Гэхдээ энэ хуулийг хэлэлцэхэд гадна, дотны лоббинд орох байдал хэвшил болсон. Ялангуяа Ашигт малтмалын тухай хуульд хоёрхон өгүүлбэр оруулаад "Оюутолгой"-гоос гэхэд 34 хувиа хүүтэй мөнгө төлж авах болоод байна.
Газрын тосны хуульд ашиг сонирхлын зөрчил их байдаг. УИХ-аар хоёр удаа орох гээд буцсан. Ажлын хэсгийн хуралдааны явцад ажиглаж байхад ашиг сонирхлын зөрчлөө тулгах гэсэн, хэрэгцээтэй зүйл заалтыг хасах гэсэн байдал ажиглагдаж байна. Бид шаардлагатай гэвэл тухайн гишүүн, хүмүүсийн нэрсийг зарлах болно гэдгийг албан ёсоор хэлье.