Д.Ганбат: Алтны хууль батлагдвал валютын ханш буурах байсан юм
УИХ-ын гишүүд Засгийн газраас оруулах зарим хуулийн төслийг түүхий байна хэмээн буцааж байна. Өнгөрсөн баасан гаригт гэхэд хоёр төсөл унагаав.
Нэг нь Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль. Нөгөөх нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль. Энэ хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригийн чуулганаар хэлэлцээд буцаалаа. Та хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч. Энэ төслийг ямар үндэслэлээр унагаасан юм бэ. Асуудлыг хаалттай хэлэлцсэн учраас мэдээлэлгүй байна?
-Чуулганы нэгдсэн хуралдаанаар зөвхөн хэлэлцэх, хэлэлцэхгүй тухай ярилцсан. Нэг байна уу хоёр хүний саналаар уначихлаа.
-Яагаад?
-МАН-ын гишүүд болон бие даагчдын байр сууринаас болж уналаа. Дээрээс нь Засгийн газрын гишүүд хуралдаа бүрэн гүйцэд ирээгүй учраас буцаалаа гэж үзэж байна.
-Энэ хуулийн төсөл анхнаасаа маргаан дагуулж байсан. Алтны худалдааг нууцлах нь гээд л. Ялангуяа, МАН-ынхан “Алт” хөтөлбөрийн үр дүнгийн талаар нэлээд ярих шиг боллоо. Алтанд шунаснаар ард түмэн баяждаггүй, харин ч хоосордог гэж?
-Энэ хуулийг ярих сургаар алт олборлолт ихэссэн. Дээрээс нь хүлээлт бий болж, валютын ханш зохих хэмжээгээр бууж байсан. Сүүлийн нэг сард гэхэд валют 80 төгрөгөөр буусан байна лээ. Хэрэв энэ хуулийг сайжруулаад баталчихсан бол валютын ханш бууж монгол төгрөгийн баталгаа өндөрсөх байлаа. Өнөөдөр монгол төгрөгийн баталгаа тийм ч сайн биш байна. Нөгөө талдаа манай улс олборлож байгаа алтаа хянаж чадахгүй хэр удаан явах юм бэ.
Олборлолт ч тэр, тушаалт ч тэр. Аль, аль нь хяналтгүй. Ихэнхдээ Хятадын эдийн засгийг дэмжсэн маягаар гадагшаа гаргачихаж байх шиг ээ.
Олборлолт ч тэр, тушаалт ч тэр. Аль, аль нь хяналтгүй. Ихэнхдээ Хятадын эдийн засгийг дэмжсэн маягаар гадагшаа гаргачихаж байх шиг ээ. Яагаад гэхээр Хятадад алтны роялтын татвар ердөө хоёр хувь байдаг юм байна. Хаана татвар багатай байна тийшээ нууцаар гаргана биз дээ. Ер нь Монгол Улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж дөрөв дахин буурчээ. Түүнийг дагаад алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж
Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой хэмээн үзэх нь бий. Учир нь УИХ-аас дээрх хуулийг батлахаас өмнөх дөрвөн жилд Монгол Улс 77 тонн алт олборлодог байсан бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан байна.
-Ер нь дэлхийн жишигт роялтын татвар ямар байдаг юм?
-БНХАУ-д хоёр, ОХУ-д дөрвөн хувь байдаг юм билээ. Хуучин цагт энэ орнууд алтаа бараа, эд хогшил мэт дэлхийн зах зээлд гаргадаг байлаа. Одоо бол бүх орнууд алтаа өөрийнхөө банкинд байршуулахыг илүүд үзэж байна. Сүүлийн үед Хятадын алтны нөөц маш их нэмэгдэж байгаа. Энэ нь мэдээж роялтын татвар нь бага байгаатай холбоотой.
-Төслийг унагах шалтгаан нь таван жилээр татвараас чөлөөлөх, 2.5 хувийн роялтын татвар ногдуулах гэсэн заалт уу?
-Уг нь их уян хатан хууль болж байсан юмсан. Таван жил энэ загвараар ажиллаад үзэх хэрэгтэй байлаа.
-Таван жилийн дотор алтныхаа нэлээд хэсгийг олборлочихвол яах вэ. Роялтын татвар нь бага гэж далимдуулаад?
-Тийм юм байхгүй. 2019 он хүртэл энэ хуулийг мөрдөөд үзэх хэрэгтэй байгаа юм. Угаасаа алтыг олборлодогоороо олборлоно. Гагцхүү худалдаа нь далд байгаа учраас ил болгох хууль шүү дээ, энэ чинь.
-Нөгөө талаас Оюутолгойд зориулсан хууль гэж шүүмжлэх хүн олон байсан?
-Оюутолгойд энэ хууль үйлчлэхгүй. Гэхдээ Оюутолгой сонголт хийж болно. Манайд алтаа тушаагаад 2.5 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Магадгүй 2.5-аас илүү хоёр хувь болгох нь илүү зөв ч юм билүү. Яагаад гэвэл БНХАУ-тай адилхан роялтын татвартай байж алтаа авч үлдэх боломжтой
-Монголбанк алтаа хаана хадгалдаг юм бэ. Нууц биш бол?
- Хаана байх нь тийм чухал биш. Гагцхүү алт байна гэдэг нь валюттай гэсэн үг. Түүнийг хэзээ дуртай үедээ сольж болно.
-Алтыг Монголбанкинд тушаахаас илүү хил давуулан худалдаалдаг гэдэг шүү дээ. Монголбанкинд жилд хэр хэмжээний алт төвлөрөх ёстой байдаг юм бэ?
-Статистикийн мэдээллээр жилдээ 20 гаруй тонн алт олборлодог гэх юм билээ. Зарим үед Монголбанкны 68 хувийн татвар бий болсноос хойш хоёр тонн ч хүрэхгүй алттай болсон гэсэн. Энэ жил 4-5 тонн тушаасан байна. Ер нь алтны 60-70 хувь нь хил, гаалиар хууль бусаар нэвтэрсэн гэх судалгаа бий. Тэгвэл цаашдаа алт нь Монголбанкиндаа цуглардаг болох ёстой.
Алтыг үнэтэй байгаа үед нь олборлоод эргэлтэд оруулбал манай улсад хэрэгтэй. Хуучин цагт биднийг алтан дээр сандайлсан гуйлгачид гэж хэлдэг байлаа. Одоо бол алтаа гаргаад тавьчихсан, хоосон нүхэн дээр суусан гуйлгачид гэж хэлэхэд буруудахгүй нь. Яагаад гэхээр алтыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байна. Дээрээс нь тэндээс гарч ирэх мөнгө нь хууль ёсны бус байна.
-Засгийн газар энэ хуулиа дахиад өргөн барих болов уу?
-Цаашдаа яах тухайгаа ярилцах ёстой. Засгийн газар юм уу эсвэл гишүүд нэгдээд өөр хувилбараар гаргаж ирж болох юм. Түүнчлэн энэ хуулийн эсрэг дарсан гишүүдийнхээ санал бодлыг сонсч байгаад шийдэх нь зөв. Уг нь нэг өдрийн өмнө ч гэсэн батлагдаад явсан бол валютын ханшийг тогтвортой байлгах байлаа. Энэ байдлаараа яваад байвал бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч жолоогоо алдах вий. Шатахууны үнийг удаан хугацаанд тогтвортой байлгана гэж хэцүү. Бусад бараа ч гэсэн адилхан.
-Өнгөрсөн долоо хоногт Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцсэн. Р.Амаржаргал, Ж.Батзандан та гурав нэг санаа бодолтой мэт харагддаг. АН дотроо Засгийн газрын үйл ажиллагааг хатуухан шүүмжилдэг нь та гурав байх аа?
-Р.Амаржаргал гишүүнийг байр суурийг хүндэлж бас ойлгож байгаа. Гэхдээ нам гэж бий. Тойрог, сонгогчид гэж бий. Р.Амаржаргал бол жагсаалтаар орж ирээгүй, тойргоос сонгогдсон хүн. Тэр тойргийн хүмүүсийн санал бодлыг сонсох ёстой. Эцсийн дүндээ Р.Амаржаргал гишүүн болон Ерөнхийлөгчийн яриад байгаачлан ухаалаг төр рүү явах болон данхайсан төрийн бүтцийг багасгах талд байр суурь нэг байгаа.
-Та чуулганы хуралдаанд АН-д албан тушаал хувааж авдаг фракц бүлэглэл их байна гэж шүүмжилж байсан. Ер нь намыхныгаа шударга шүүмжилдэг учраас таныг ялгаварлан гадуурхах зүйл байдаг уу. Ц.Нямдорж гишүүн танд их санаа зовж байна гэх юм билээ?
-Тийм асуудал байхгүй. АН нь өөрөө олон ургалч үзлийг уралдуулдаг нам. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас үгээ чөлөөтэй хэлэх эрх нь надад бий. Тэгээд ч буруу бүхэнтэй эвлэрээд суух биш эрүүл шүүмжлэл УИХ-д байх ёстой. Эрүүл шүүмжлэл АН-д ч хэрэгтэй. Тэгэх гэж сонгогчид надад итгэл хүлээлгэн сонгосон юм шүү дээ. Түүнээс биш болж бүтэхгүй бүхэнтэй эвлэрээд суу гээгүй.
-Байнгын болон дэд хорооны дарга нарын албан тушаал эрхлэх хугацаа дуусч байна. Таны тэргүүлдэг Хүний эрхийн дэд хороо нэг жилийн хугацаанд юу бүтээв. Хууль, эрх зүйн ямар асуудал шийдэв?
-Ер нь хүний эрхийн хувьд Монгол Улс Азидаа зохих хэмжээний амжилт олжээ. Ардчилсан нам олуулаа болоод ажиллаж байгаа энэ үед хүний эрхийн төлөө хичээн ажиллаж байна. Хүн бүр л хүний эрхийн төлөө ярина. Гэхдээ шаардлагын хэмжээнд очсон уу гэвэл үгүй. Хүний эрхийн асуудлыг өдөр бүр ярьж байх ёстой. Бид хуулиудад мониторинг хийж байна. Шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг, хүний нэр төрд халдах үзэгдэл байгаа учраас яриад суух биш судалгаа шинжилгээ хийх шаардлага ч байна.
УИХ-ын дарга З.Энхболдын дэмжлэгтэйгээр 21 аймагт Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг ажиллуулахаар боллоо. 2014 онд зарцуулах төсөв мөнгийг нь батлаад өгчихсөн. Орон нутагт хүний эрх ярьдаг хүнтэй болсноор нэг шат ахилаа гэж үзэх ёстой. Сүүлийн нэг жилийн дотор хүний эрхийг өндөр төвшинд ярьдаг боллоо. Энэ хугацаанд хүний эрхийн төлөөлөгч нарыг бүх аймагт бий болгож чадлаа.
Орон нутагт хүний эрхийн талаар зөвөлгөө өгдөг, хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүстэй болно гэсэн үг. Тэгээд ч манай улс хүний эрхийн байнгын хороотой болно гээд НҮБ-д амлалт өгсөн байдаг. Амлалтаа бодсон ч, өнөөгийн нийгэм дэх хүний эрхийн зөрчлийг бодсон ч байнгын хороо болгох ёстой. Хүний эрх бол өдөр болгон ярьж хэлж, тэмцэж байх зүйл. Түүнээс биш хэдэн нөхөр шоу хийгээд явах салбар биш.
-Та дэд хорооны даргад дахин өрсөлдөх үү?
-Тухайн үеийнхээ байдлаас болох байх.