Д.Ганбат: Гарц хайх гэж л оролдож байна шүү дээ
Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
Тус хуулийн төслийн гол заалт нь компаниуд олборлосон алтаа Монголбанкинд тушаавал нөөц ашигласны төлбөрийг таван хувь байсныг 2.5 хувь болгож бууруулахаар байгаа юм.
Нөөц ашигласны төлбөрийн хэмжээ ингэж буруулахаар зохицуулсанд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. УИХ-ын зарим гишүүн энэ хуулийн төслийг “Рио Тинто” зэрэг гаднын компаниудын лоббитой гэж үзэж байгаа юм.
Харин Монголбанкнаас “Энэ хуулийг баталснаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр хилээр нууцаар аж гаргадаг байдал арилж манай улсын алтны нөөцийн хэмжээ нэмэгдэнэ ” гэж тайлбарлаж байгаа юм.
Тус хуулийн төслийн талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөлд нөөц ашигласны төлбөрийн хэмжээг бууруулахаар заасныг бодож үзэх л хэрэгтэй. Энэ асуудлыг олон талаас нь ярих ёстой. Энэ хуулийг “Рио тинто” компанийн лоббигоор батлах гэж байна гэсэн яриа гарч байна.
Хуулийн төслийг одоогийн нөхцөл байдлаас улбаалан боловсруулсан.
Миний хувьд ийм зүйл байхгүй гэж хэлмээр байгаа юм. Энэ хуулийн төслийг одоогийн нөхцөл байдлаас улбаалан боловсруулсан. Алтны нөөцөө эх орондоо авч үлдэхийн тулд яах ёстой вэ гэдэгт гарц хайх гэж л оролдож байна шүү дээ.
Өөрөөр хэлбэл, хилээр хулгайгаар алт гаргах асуудлыг үгүй хийнэ гэсэн үг. Хамгийн гол нь энэ талаар олон хүний үзэл бодлыг уралдуулж сайн хэлэлцэх ёстой л гэж үзэж байна.