Бага татвар ногдуулснаар 1800 тонн алт Монгол улсад тушаагдана
2013.12.11

Алтын ил тод байдлын тухай хууль Монголын валютын нөөцийг нэмэгдүүлнэ

Байгалийн нөөц ашигласны татварыг таван хувиас 2,5 болгон бууруулснаар эдийн засаг сэргэж ам.долларын нөөц нэмэгдэнэ гэж Ардчилсан Намынхан үзэж байна.

Монгол улс өмнө нь 24 тн алт жилд тушаадаг байсан бол гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас болж 2012 он гэхэд ердөө 6 тонн болжээ. “Алтны  худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хууль”-ийн төсөл гадаад валютын нөөцийг зузаатгах боломжтой. Энэ хууль УИХ-аар батлагдвал улсын төсөвт жил бүр татвар хураамжийн хэлбэрээр орох мөнгө 40-50 сая ам доллараар буурах боловч, банкан дахь алт болон валютын нөөц жилдээ 1,7-2 тэрбум доллараар нэмэгдэнэ гэж Ардчилсан Нам тооцож байна.

УИХ-ын гишүүн, БОХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан:

Оюу Толгойн цаана байгаа Рио Тинто компани олон нийтийн компани учраас хувьцаа эзэмшигчид нь бага татвартай газар алтаа тушаахыг хүснэ. Хэрэв алс хэтээ харвал, бага татвар ногдуулснаар 1800 тонн алт Монгол улсад тушаагдаж, маш их хэмжээний мөнгө орж ирнэ. Татварын зөрүүнээс олох ашиг, татвар бага ногдуулаад олох цаад ашиг хоёрыг харьцуулвал хоёр дахь хувилбар хамаагүй ашигтай байна.

Хууль хэрэгжих таван жилийн хугацаанд 8,5-10 тэрбум ам долларын гадаад валютын нөөцтэй болох тооцоог Монгол Банк гаргажээ. Монгол улс 2005 онд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2,5 хувийн татвартай байхдаа түүхэндээ хамгийн их болох 24 тн алтыг олборлож байжээ.

Монгол Банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан:

Алтнаас бусад металлын баяжмалуудаас гарч байгаа алт нь Төв Банканд үлддэггүй. Үүнийг валют хэлбэрээр Төв Банкны нөөцөд оруулж ирэх боломжийг энэ хууль олгоно.

Энэ хууль батлагдсанаар Оюу Толгой маш их хөнгөлөлт эдэлж, бидний хүсэн хүлээсэн эдийн засгийн өсөлт гарахгүй гэсэн хардлага хүмүүсийн дунд байна. Харин Оюу Толгой Монгол Банканд алтаа худалдахгүй тохиолдолд таван хувийн роялтийг төлнө. Эрсдлийг давуу тал болгож, валютын нөөцөө нэмэгдүүлэхийг Уул Уурхайн сайд уриаллаа.