Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн хэлэлцүүлэг хойшиллоо
Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль парламентыг хаалгаа хаахад хүргэсэн ч ил тод хууль юуг нуух вэ гэж зарим гишүүд шүүмжилжээ. Харин энэ хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг алгассанаар үдээс хойшхи хуралдаан үргэлжилсэн юм.
Энэ хуулийн гол заалт нь байгалийн нөөц ашигласны төлбөр буюу роялт юм. Энэ нь компани нийт олсон орлогынхоо таван хувийг татвар хэлбэрээр улсад төлөх хууль үйлчилж байгаа. Харин засгийн газраас боловсруулсан хуульд роялтыг 2.5 хувь болгохоор төлөвлөсөн.
Гэхдээ хэлэлцүүлгийн явцад улсын их хурлаас алдаатай ажиллах эрсдэлтэй гэдгийг хэлж байлаа. Тухайлбал ил тод гэдэг нэртэй хуулийг хаалттай хэлэлцэж байгаа нь логикийн хувьд алдаатай гэдгийг хэллээ. Харин Шударга ёс бүлгэмийнхэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Д.Батцогт "Өнөөдөр Монгол банканд жилд дунджаар таван тонн алт цуглаж байгаа. Харин хууль батлагдсанаар Монгол банканд тушаах алтны хэмжээ эрс өснө гэж үзэж байгаа. Энэ хэмжээгээрээ валютын нөөцөө нэмэгдүүлнэ. Шударга ёс бүлгэм хуралдаж байгаад энэ хуулийг гаргах нь зөв гэдэг шийдвэр гаргасан байгаа" хэмээн хэллээ.
Засгийн газрын үзэж байгаагаар олон төрлийн татвар байгаагаас компаниуд олсон алтаа хил давуулан худалдаалдаг, татвар төлдөг хэдий ч монгол банканд алт хийхгүй байгаа учраас ийм зохицуулалт хийгдсэн гэж тайлбарлаж байна. Хэрвээ хууль батлагдвал монгол банканд алтаа тушаагаад байгалийн нөөц ашигласан татвараа багаар төлөх юм.