Г.Баярсайхан: Төр хүнд ачаа үүрэхгүйн тулд “Оюутолгой”-н 34 хувиа зарах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.
-УИХ Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хүлээж авсангүй. Хүн өөрөө ажиллах боломжгүй гэж байхад УИХ хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаад олон хүн дургүй байх шиг байна?
-Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргасан. Яагаад бүрэн эрхээсээ татгалзаж байгаа үндэслэлээ ч тодорхой гаргасан. Миний хувьд Р.Амаржаргал гишүүний хөндсөн асуудлуудтай санал нэг байгаа. Өнөөдөр УИХ-д эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилдэг цөөн хэдэн гишүүн байна шүү дээ.
Үнэхээр эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хийж хэрэгжүүлж байгаа ажил, “Чингис” бондын зарцуулалт хангалтгүй, авлига газар авсан нь үнэн. Р.Амаржаргал гишүүн болохгүй бүхнийг ил тодоор хэлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ асуудлыг өөрчлөхийн тулд ажиллахын оронд зөвхөн шүүмжлээд, бүрэн эрхээсээ татгалзаад явах гэж байгаа нь хариуцлагагүй алхам гэж бодож байна.
Үүний оронд Засгийн газар, эрх баригчдын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ажиллах ёстой юм. Бид иргэдийн итгэлийг тээж УИХ-д орж ирсэн. АН засгийн эрх барьж байна. Тиймээс Засгийн газар ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй. Гэтэл Р.Амаржаргал гишүүн энэ ажлаас зугтаж байна гэж би харж байна.
Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн сонгогчдын эрх ашиг яригдана. Ер нь Сүхбаатар дүүргийн сонгогчид л энэ хүнийг эргүүлэн татах эсэх асуудлыг шийдвэрлэнэ шүү дээ.
-Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэг шиг л юм болж байх шиг байна. Үүнээс гадна эрүүл мэндийн шалтгаантай гэж сонссон юм байна?
-Эрүүл мэнд нь ямар байгаа талаар би хэлж мэдэхгүй юм байна. Ямар ч байсан нэгэнт л УИХ-аар энэ асуудлыг дэмжээгүй болохоор өргөсөн тангарагтаа үнэнч байж ажиллах л ёстой.
-Засгийн газрын боловсруулсан Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл УИХ-аар ороод уначихлаа. Ер нь алтаа эх орондоо авч үлдэхэд үүнээс арга байхгүй гэж үү?
Миний харж байгаагаар Оюутолгойн алтыг Монголбанкинд тушаадаг болчихвол эдийн засагт томоохон түлхэц болно.
-Бид жаахан мэдрэмжтэй, овсгоотой байх хэрэгтэй байна. Засгийн газрын санаачилж оруулж ирсэн хуулийн төслийг өнөөдөр (өчигдөр) УИХ дэмжсэнгүй. Манай орноос гадагш урсаж байгаа алтны цоргыг бид хааж чадсангүй. Хэдийгээр алтаа гадагш гаргаж болохгүй, зөвхөн Монголбанкиндаа тушаах хэрэгтэй гэж хэчнээн яриад хэрэгжих боломжгүй.
Хамгийн гол нь Засгийн газрын оруулж байгаа эдийн засгийн хөшүүрэг нь чухал байгаа юм. Миний харж байгаагаар Оюутолгойн алтыг Монголбанкинд тушаадаг болчихвол эдийн засагт томоохон түлхэц болно. Алтны татварыг 5-2.5 хувь болгож буулгахаар ярьж байлаа шүү дээ.
Уг нь энэ хуулийг баталсан бол “Рио Тинто”-гийн удирдлагууд алтаа Монголбанкинд тушаах шийдвэр гаргана. Тиймээс бид энэ хуулийг батлах ёстой байлаа. Ер нь энэ олон компани Монголбанкиндаа алтаа тушаадаг болоход эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх нь л хамгийн оновчтой шийдэл байсан. Урьд нь 2005 оноос өмнө алтны татвар 2.5 хувь байлаа.
Энэ үед ОХУ-аас хүртэл Монголбанкинд алт тушаадаг байсан юм. Одоогийн байдлаар алтны татвар ОХУ-д дөрвөн хувьтай, БНХАУ-д хоёр хувь, манайд таван хувь байна. Тэгэхээр бид нэгэнт л ийм хууль гаргахаар болвол 2.5 биш хоёр хувийн татвар ногдуулах ч боломжтой. Хулгайгаар гаргаж байгаа алтны сувгийг боох ганц арга нь эдийн засгийн хөшүүрэг юм. Одоогийн байдлаар алт олборлогч компаниуд, нинжа нар бүгд л нууц сүлжээнд орчихоод байгаа.
Нүүрс, хүдэр дотор нууж гаргадаг, вагоны дугуйн алтаа нааж гаргадаг гэх мэт яриа гарч л байдаг. Энэ бол илрүүлэхэд маш хүнд том сүлжээ шүү дээ. Тэгэхээр алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль унасан нь харамсалтай л байна. Уг нь энэ хуулийг баталчихвал татварын хэмжээ тодорхой хувиар буурах ч гэсэн манай улсад орж ирэх алтны хэмжээ эрс нэмэгдэнэ гээд л удаа дараа ярьж байна шүү дээ. Үүнийг дагаад төгрөгийн ханш чангарах зэрэг эерэг үр дагавар маш их байсан юм. Монголын баялаг өөр улсын банкинд тушаагдаж байгаа нь л хамгийн харамсалтай байна.
-Энэ хуулийн төслийг боловсронгүй болгоод УИХ-д дахин оруулах боломжтой биз дээ?
-Засгийн газар энэ хуулийн төслөө боловсронгуй болгоод дахиад оруулаад ирэх л хэрэгтэй. УИХ-д санал хураахад хоёрхон гишүүний зөрүүтэй л уналаа шүү дээ. Засгийн газрын хоёр гишүүн энэ үеэр эзгүй байсан юм. Тиймээс энэ хуулийг дахин УИХ-д оруулж алтны салбараа босгож ирэх хэрэгтэй. Дээр нь манай алт олборлогч компаниуд эх оронч байх хэрэгтэй байна.
-Энэ хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулаад “Оюутолгой” ХХК “Монголд баяжуулах үйлдвэр байхгүй учраас Монголбанкинд алт олборлох боломжгүй. Тиймээс энэ хуулийг баталсан ч гэсэн “Оюутолгой” компани алтаа Хятадад боловсруулах болж байна” гэсэн байсан. Алтаа баяжуулалгүй Монголбанкинд тушаах боломжтой юм уу?
-Би энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт нь орсон байгаа. Бид мэргэжлийнхэнтэй уулзаж байхад вертуаль хэлбэрээр алтаа Монголбанкинд тушаах боломж байна гэсэн. Алтаа заавал хилээр гаргаж баяжуулчихаад эргүүлээд Монголбанк руу тушаана гэсэн үг биш.
-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал болж байна. Өмнө нь Лондонд болсон ТУЗ-ийн хурлаас бодитой үр дүн бараг гарсангүй. Энэ удаагийн хурал өнөөдөр (өчигдөр) гурав дахь өдрөө үргэлжилж байгаа. Хурлаас ямар үр дүн гарч байгаа талаар УИХ-ын гишүүд ямар мэдээлэлтэй байна вэ?
-Бид шаардлагатай бол энэ талаарх мэдээллийг авч болно. Гэхдээ одоогийн байдлаар хурлаас ямар шийдвэр гарч, ямар тохироонд хүрч байгаа талаар мэдээлэл алга байна. Ер нь “Оюутолгой” ХХК-ийн эзэмшиж байгаа Монголын 34 хувь бидэнд үр ашиг гэхээс илүү дараа болж байна. Болбол “Оюутолгой” ХХК-ийн 34 хувиа эх орондоо нээлттэй зарчих хэрэгтэй.
Төр үүнээс болж ачаа үүрч байна. Манайд томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бидний хийж байгаа заргаас болж манай нэр хүнд унаж байна шүү дээ. Төр уул уурхайн салбарт гүнзгий ороод хэрэггүй. Татвараа аваад л явж байхад болно.
-“Оюутолгой”-н дараагийн хөрөнгө оруулалт орчихвол манай эдийн засаг нэлээд сэргэнэ гэж байгаа. Гэтэл одоог хүртэл тохироонд хүрч чадахгүй байна. Энэ мэтчилэн шалтгаануудаас болж эдийн засаг ирэх онд хямарч магадгүй гэсэн болгоомжлол олон хүнд байна. Та ирэх оны эдийн засгийн өнгийг ямраар дүгнэж байгаа вэ?
-Миний хувьд улс орныхоо ирээдүйг гэрэл гэгээтэй хардаг. Бидэнд асар их боломж байна. Гэхдээ бид төмөр замын асуудлаа ч шийдвэрлэж чадаагүй байж уул уурхайн салбараас их хэмжээний орлого олоход хүндрэлтэй. Одоо төмөр замын царигийн маргаанаа зогсоох хэрэгтэй байна.
-Оюутолгой төслийг урагшлуулахын тулд цаашид яах ёстой гэж үзэж байна вэ?
-Би гадна дотны олон төлөөлөгчтэй уулзаж байхад гэрээний заалтаас ухарна гэдэг л буруу гэж байна. Монгол хүн, монгол бизнесмэн найдваргүй гэдэг зүйл газар авсан байгаа. Тиймээс “Оюутолгой”-н үйл ажиллагааг хурдан урагшлуулах л хэрэгтэй байна.
-“Оюутолгой” компанийн ТУЗ-д шинээр томилогдсон гурван гишүүний талаар юу хэлэх вэ. Энэ ажлыг аваад нэлээд хугацаа өнгөрсөн ч асуудал тодорхойгүй хэвээр л байна?
-Хамгийн гол нь асуудалд бодитой хандах л хэрэгтэй. Хоосон эх оронч зан гаргаад хэрэггүй.
-Царигийн маргаан дахиад л дэгдэж эхэллээ?
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хүртэл өргөн царигийн төмөр замаа тавиад, Хятад руу нарийн царигийн төмөр замаа тавьчихаж болно шүү дээ. Ер нь энэ бүгдийг эдийн засгийн үүднээс хармаар байна. Эдийн засгаа өсгөе гэвэл төмөр замаа л хурдхан тавих хэрэгтэй. Түүнээс биш морин тэргээр нүүрс зөөгөөд хол явахгүй.
-Засгийн газар өрийн хэмжээг нэмэх хуулийн төслийг боловсруулж байна.
-Бонд дахин гаргах нь чухал. Эдийн засагт хөрөнгө оруулалт буюу агаар, ус дутагдаад байна. Ер нь дэлхийн жишгээр харвал манай улс шиг хөгжлийн шатанд явж байгаа оронд өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувьд байх нь бага л тоо юм билээ. Гэхдээ үүнээс өмнө бондын зарцуулалтад тавих анхаарлаа л нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Би “Чингис” бондын зарцуулалтыг аахар шаахар зүйлд л зарцуулчихлаа гэж харж байна. Стратегийн хөрөнгө оруулалтыг хийсэнгүй. Цахилгаан станц, төмөр зам зэрэг төсөлд хөрөнгө ахиухан оруулах нь зөв л байх. Гэхдээ дэндүү олон жижиг зүйлд энэ хөрөнгийг зарцуулж байна.
-Одоо дахин хөрөнгө босгочихвол ямар төслүүдэд зарцуулах ёстой юм бэ?
-Томоохон бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх нь л чухал. Зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс түлш гаргах үйлдвэр, усан цахилгаан станц зэрэг олон бүтээн байгуулалтын ажил байна.
-Гэхдээ бэлэн төсөл байхгүй байна гээд энэ төслүүдэд мөнгө оруулдаггүй шүү дээ?
-Бэлэн төсөл байгаа. Би бол ийм л төслүүдийг санхүүжүүлнэ.
-Жижиг дунд бизнесээ яах вэ?
-Дэмжих ёстой. Гэхдээ хамгийн түрүүнд төр хувийн хэвшлийнхний бизнесийг булаахаа л больчихъё. Төрийн бизнес дэх оролцоо дэндүү их байна. Барилгын салбар руу орж байна. Энэ мэтчилэн АН ардчиллын зарчмаасаа ухарч байна. Төрийн оролцоотой үйлдвэрүүдийг МИАТ-ээс эхлээд хувьчлах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.