Ч.Улаан: Оюу толгойн өрийг ирэх оноос төлж эхэлнэ
Сангийн сайд Ч.Улаанаас зарим зүйлийг тодруулав.
-Засгийн газрын тусгай сан хэтэрхий олон байна. Үүнийг цөөлөхөөр судалж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатанд яваа вэ?
-Улсын төсөвт Засгийн газрын тусгай сангууд бий. Эдгээр сангийн орлогын нэг хэсэг нь төсвөөс, үлдсэн нь бусад эх үүсвэрээс бүрддэг учраас тусад нь авч үзэж байгаа юм. Нийт орлого, зарлагын дүнг нь авч үзээд хэрэгжүүлэх арга хэмжээ нэг бүрээр нь задалж баталдаггүй. Улсын төсөвт бол төсөл арга хэмжээ нэг бүрээр нь баталдаг. Сан, улсын төсөв хоёрын ялгаа энэ.
Иймд сантай болох сонирхол төсвийн бүх эрх захирагч нарт байдаг. Энэ шалтгаанаар тусгай сангийн тоо олширсон юм. Өнөөдөр улсын төсвийн бүрэлдэхүүнд 40 тусгай сан бий. Албан ёсоор хуульчилсан 37 сан байгаа. Шинээр байгуулагдаж буй гурав сан бий. Мөнгөн дүнг нь аваад үзвэл улсын төсвийн зарлагын 20 гаруй хувийг сар тутамд эзэлдэг. Тэгэхээр улсын төсвийн зарлагын дээрх хувийг нь арга хэмжээ, төсөл нэг бүрээр биш нийт дүнгээр нь баталж өгч байгаа юм.
Иймээс энэ сангуудыг журамлаж үр дүнтэй, хяналттай болгох үүднээс Сангийн яам Засгийн газрын тусгай сангуудыг цэгцлэх санал боловсруулсан. Дээрх сангуудын нэлээд хэсэг нь хэвээр үлдэнэ. Яагаад гэвэл “Бага чулуугаар их чулуу доргионо” гэдэг зарчим бий. Бид нэг сан байгуулаад жаахан мөнгө хийчихвэл олон улсын байгууллага түүнд орлого нэмдэг.
Товчхондоо вакцинжуулалтын сан юм. Жишээ нь манай улс 100 төгрөг хийлээ гэхэд олон улсын байгууллагаас 300 төгрөг хийдэг гэсэн үг. Ингээд тэр 400 төгрөг тухайн салбартаа очих нь ашигтай. Нэг хэсэг санг тусгай данс болгох юм. Энэ дансанд өгдөг мөнгөө өгөөд зарцуулалтад нь хяналт тавина. Шаардлагагүйг нь цөөлнө. Үүнийг Засгийн газраар оруулсан. Одоо гүйцэд боловсруулах ажил хийж байна. УИХ-д удахгүй өргөн барина. Тэгэхээр төсвийн нэг хэсэг илүү хяналттай болно гэсэн үг.
-Ирэх жилийн төсвийн сайн бөгөөд сул тал нь юу вэ?
-Төсвийг бодит байдалд нийцүүлсэн нь сайн. Нэг сул тал нь хөгжлийн зориулалтаар хөрөнгө босгох явдал хязгаарлагдмал байна. Төсвийн үр дүнг хуулиар тодорхойлсон дөрвөн үзүүлэлт бий. Үүнийг ирэх оны төсөв гүйцэд хангасан. Иймд хуулийн хүрээнд бүрэн хангасан төсөв болсон. Тухайлбал нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, тэнцвэржүүлсэн тэнцэл нь ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй алдагдалтай, эсвэл ашигтай байх юм.
-Чингис бонд бол төсвөөс гадуур хийж байгаа хөрөнгө оруулалт. Гэтэл улсын өрийн хэмжээг нэмэгдүүлж төсөвт тооцож байгааг юу гэж ойлгох вэ?
-Хуулийн уялдаагүй байдлаас болоод улсын өрийн тооцоонд “Чингис бонд” орчихоод байгаа юм. Тэгээд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэх өрийн үлдэгдэл ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалтад орж хөрөнгө оруулалтын нэмэлт санхүүжилт гаргахад саад болж байна. Тиймээс эхлээд хууль хоорондын энэ уялдаагүй байдлыг засах ёстой.
-Манай улсын өрийн дарамт ямар байгаа вэ. Өр болон ДНБ зохистой харьцаандаа байж чадаж байна уу?
-Өнөөдөр Монгол Улсын төсөвт өрийн хэмжээ ДНБ-ий 49.6 орчим хувьтай байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ онд ДНБ-ий 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Тэгэхээр хуулийн уг шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа. Цаашид энэ хувь хэмжээ буурах хуулийн заалт бий. Тухайлбал ирэх онд 40 хувь болох юм. Иймд энэ маань бодит байдалтай уялдахгүй байна.
Яагаад гэвэл бид бүтээн байгуулалтын эхлүүлсэн ажлынхаа хүрээг хумих биш харин өргөжүүлэх шаардлагатай. Энэ зөрчлийг арилгах үүднээс бид өрийн хязгаарыг нэмэгдүүлье гэсэн санал оруулсан. Улсын төсөв батлагдахдаа хуульд заасан хувь хэмжээгээр нь тооцсон.
-Шинэ он гарсны дараа ирэх жилийн төсөвт яагаад тодотгол хийх болсон юм бэ?
-Ирэх жилийн төсвийг оны эхний нэгдүгээр улиралд бататгах даалгавар өгсөн. Энэ бол сонгодог утгаараа төсвийн тодотгол биш. Хуульд ямар үед төсөвт тодотгол хийх ёстой вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Энэ шалгуур үзүүлэлтээр бол тодотгол гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл, энэ жилийн төсвийг батлах явц үргэлжилж байгаа.
Өөрөөр хэлбэл 240 төсөлд бид санал нэгдээд төсөвт тоо хэмжээг оновчтой тогтоогоод батлах бололцоо байсангүй. Уг ажлыг хийж гүйцээхийн тулд тодорхой хугацаа өгөөд Үндэсний аудитын газрыг ажиллууллаа. Шалгалтын үнэлгээ дүн гарахаар энэ төсөвт нийт дүнгээр нь баталсан хөрөнгийг төсөл арга хэмжээ нэг бүрт хувааж задалж өгөх юм. Тэгэхээр ирэх оны нэгдүгээр улиралд зөвхөн хөрөнгө оруулалтын хүрээнд батлагдсан дүнг төсөл бүрээр хуваарилж өгөх ажиллагаа хийнэ гэсэн үг.
-Оюу толгойгоос зээлсэн мөнгөө төлж эхлэх цаг болсон. Үүнийг ирэх жилийн улсын төсөвт хэрхэн тооцож оруулсан юм бол?
-Манай улс Оюу толгойгоос урьдчилгаа төлбөр аваад ашигласан. Үүнийг эргүүлэн төлөх учиртай. Улсын төсвөөс шууд суутгана, хурааж авах асуудал байхгүй. Оюу толгойн гэрээг анх байгуулахдаа 2012 оноос төлж эхэлнэ гэж тохирсон юм билээ. Гэхдээ жил жилд суутган тооцох хэмжээгээ хоёр тал тохиролцож төсөвтөө суулгаж баталгаажуулна гэсэн заалт бий.
Одоогоор ямар нэг суутгал тооцоогүй. Учир нь, жил жилд төлөх ёстой мөнгөө төсөвтөө тооцоогүй байсан. Ирэх жилийн төсөвт төлөх мөнгөө харилцан тохиролцоод суулгасан. Иймд гарфикийн дагуу уг өрийн суутгал тооцоог хийнэ. Манай улс Оюу толгойгоос 250 сая ам.доллар аваад ашигласан. Үүнийгээ төлнө. Цаашдаа хөрөнгө оруулалтын байдалтайгаа уялдуулаад үйл ажиллагаа, ашиг орлогын хуваарилалт хийх учиртай.
Энэ төслийн эхний шатны хөрөнгө оруулалтын байдалд задлан шинжилгээ үнэлгээ хийх ажил дуусч байна. Уг ажлын явцаас үзвэл бид Оюу толгойд өглөгтэй бус харин авлагатай болохоор байгаа.
-Улсын төсөвт ам.долларын ханшийг хэт доогуур тооцсон ЭЗХЯ, Сангийн яам хоёр уялдаагүй ажиллалаа гэдэг шүүмжлэл нэлээд гарсан. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Манай хоёр яам бол нэг асуудлын хоёр тал. Иймд нягт уялдаатай ажилладаг. Ерөнхий дүр зургийг ЭЗХЯ зурна. Үүнийг бодит ажил болгож санхүүжүүлэх ажлыг Сангийн яам хариуцдаг юм. Валютын ханшийн тооцоолол дээр хоёр зөрүүтэй байр сууринаас хандаагүй. ЭЗХЯ нэг ам.доллар 1384 төгрөг байна гэж тооцож гаргасан. Уг ханшийг тодорхойлохдоо хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ хүлээж буй үр дүнг харгалзаж тогтоодог.
Бид ийм үр дүн гарч болох юм байна гэдэгт санал нэг байгаа. Учир нь, олон улсын хөрөнгийн зах зээлээс “Чингис бонд”-ын хоёр дахь ээлжийг босгоно, улсын өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байна гэсэн бодлоготой уялдсан. Гэтэл улсын төсөв батлагдахдаа тэр 60 хувь нь байхгүй болсон. Иймд ам.долларын ханшийн тооцоо маань асуудалд орлоо.
Өөрөөр хэлбэл бодож байсан бодлого өөрчлөгдсөн тул эргэж харах асуудал гарсан юм. Хэрэв төсөвлөсөн бодлого тэр хэмжээгээр явсан бол хэрэгжих бололцоо байсан. Үүнийг амьдралын жишээнээс харахад 1700 хүрсэн байсан ханшийг 1300 болгож бууруулж байсан тохиолдол бий.