Блүүмбэргтэй ярилцах цаг
2013.12.31

Д.Ганхуяг: 2014 оны эхний хагас жил гэхэд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэх ёстой

Уул уурхайн салбар 2013 онд аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 61 хувийг эзэлж, улсын төсвийн орлогын 19,1 хувийг бүрдүүлжээ. Мөн энэ хугацаанд гарсан экспортын бүтээгдэхүүний 80 хувийг, харин гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73,6 хувийг эзэлсэн тухай салбарын яамнаас танилцууллаа. Өөрөөр хэлбэл өнгөрч буй онд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл үл ялиг багасчээ. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон үйл явдал боллоо. Энэ талаар Уул Уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

2013 оны уул уурхайн салбарын ажлыг ерөнхийд нь дүгнэж хэлэхгүй юу?

Өнгөрч буй онд Монголын уул уурхайн салбар тогтвортой, ойлгомжтой байх эрх зүйн алхмуудыг хийлээ. Томоохон төслүүд амжилттай хэрэгжиж эхэллээ. Оюутолгой л гэхэд баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад, түүхий эдээ экспортлоод эхэлчихлээ. Тавантолгойн компаний үнэ цэнийг нэмэгдүүлэх алхмуудыг хийлээ.

Төмөр замыг барих анхны хөрөнгө оруулалт шийдэгдлээ. Мөн цахилгаан станци барих анхны хөрөнгийг бондын хөрөнгөөр шийдэж өглөө. Түүнчлэн Баруун Цанхийн ордыг ашиглалтад орууллаа. Нүүрс болон зэсийн баяжмал гаргадаг Гашуун Сухайтын боомтод төмөр зам барих компаниудыг хооронд нь холбож, ажлыг нь чиглүүлж өглөө.

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлыг тогтмол хийдэг болсон нь энэ оны онцлох үйл явдал гэж уул уурхайн салбарынхан ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

Нийлж байна. Оюутолгой бол хязгаарлагдмал хариуцлагатай компани. Компаний тухай хуулиар ийм компаний эрх зүйн байдал их ойлгомжтой бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл нь гол шийдвэрээ гаргадаг. Үүнийг олон нийт ойлгосон болов уу гэж бодож байна.

Монголын гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэрийн хуудас болсон Оюутолгойн далд уурхайн ажил ирэх онд эхэлнэ гэдэгт та итгэл төгс байна уу?

Уул Уурхайн Сайд Д.Ганхуяг

Санхүүжилтээ шийдэх нь чухал байна. Оюутолгой төсөл зөвхөн Монголын Засгийн Газрын ажил бус, цаана нь олон хувь нийлүүлэгчид байна. Хөрөнгө оруулагчид 66 хувийг эзэмшдэг. Санхүүжилтээ шийдээч гэсэн хүсэлтийг бид ТУЗ-д олонтаа тавьж, бид хоорондоо тогтмол уулзаж мэдээлэл солилцож байна. 2014 оны эхний хагас жил нэмэлт санхүүжилт шийдэгдэх ёстой.

Тавантолгойн бүлэг ордоос нэг тэрбум тонн нүүрсийг нийлүүлэхээр болсон. 2016 он гэхэд экспортын энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг салбарын яам дэвшүүлээд байна.

Энэ бол зөвхөн уул уурхайн яамны асуудал биш. 2016 он гэхэд уурхайн болон боомтын төмөр замын асуудал шийдэгдсэн байх ёстой гэж бодож байна. Бид олборлогч компаниудын санал дээр үндэслээд 20 жилийн судалгаа хийсэн. Том төслийн хувьд урт хугацааны чадварлаг худалдан авагч байна гэдэг маш чухал. Хятадын Шиньхуа компани улсдаа нүүрсний хамгийн том компани. Хятадын нүүрсний хэрэгцээ гурав тэрбум тонн бол түүний 700-800 сая тонныг нь энэ компани хариуцдаг.