Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.09.10

Баруун цанхийн ордноос ашиг олох боломжтой

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани өмнөх хамтарсан засгийн газрын өрийг дарахын тулд ямар ч ашиггүй ажиллаж байна.

Учир нь 2008 -2012 оны хооронд Монгол улсын засгийн газар ард түмэнд өгсөн сонгуулийн амлалт бүхий хүний хөгжил сангийн мөнгийг тараахын тулд Тавантолгойн орд газрын ирээдүйд олох орлогоос 250 сая ам.долларыг зээлсэн.

Таван толгойн нүүрсний олборлолт сэргэж эдийн засгийн эргэлтэд орж эхэлсэн ч Монгол улсад ямар ч ашиггүй зөвхөн өмнөх өрөө төлөхийн тулд хэдэн сая тонн нүүрсийг экспортолж байна. Өнөөдрийн байдлаар 180 гаруй сая ам.долларыг төлж барагдуулаад байгааг Засгийн газар мэдэгдсэн.

Харин Автозамаар биш төмөр замаар нүүрсээ тээвэрлэж нэмүү өртөг шингээж гаргах нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай гэдгийг салбарынхан сануулж байна.

Нүүрсний эрэлт ба үнэ

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Баруун цанхиас экспортод нүүрс гаргаж эхэлсэн. Энэ нь нэг том амжилт. Нэгэнт өр тавиад идчихсэн учир өрөө төлөхөөс өөр арга байхгүй. Үүнийг аль болох хурдан төлж дуусгах шаардлагатай.

Зүүн цанхийн ашгаар өрөө төлж, баруун цанхиас ашиг олохоор ажиллаж байна. Таамаг, сэтгэлийн хөдөлгөөнөөр нэмүү өртөг шингээх нь ашигтай гэж олгож болохгүй. Бидний худалдан авагч хэн бэ гэдгийг судлах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Хятадын тал аль болох түүхий нүүрс авахыг эрмэлзэж байгаа" хэмээн хэллээ.

Монголын ард түмэн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшиж байгаа учир энэ орд газрын олох орлого өсөх тусам эдийн засгийн үр өгөөж эх орондоо үлдэнэ. Тиймээс засгийн газар илүү бүтээмжтэй технологиор, хурдтай олборлолт хийснээр Монгол улс таван толгойн нүүрсний орд газрын ашгаар амьдрах боломж байгаа.