"Эрдэнэс Тавантолгой" ХК 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна
"Иргэн бүрт 1072" түр хорооны гишүүд
2013.06.06

"Эрдэнэс Тавантолгой" ХК 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна

Сүүлийн үед Тавантолгойн талаар таагүй зүйлс сонсогдох болсон. Ялангуяа ашиггүй ажиллаж байгаа бөгөөд бүрэн ашиглалтад ороогүй мөртлөө урьдчилаад зээл авчихсан хэмээн ярьж байгаа.

Энэ бүгдээс үзэхэд иргэн бүрийн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа үнэтэй болж, ногдол ашиг авах нь эргэлзээтэй санагдах болсон.

Өнөөдөр “Иргэн бүрт-1072” түр хороо хувьцаа эзэмшигчид өөрсдийн эрхийг хамгаалан, хуулиар олгогдсон эрхээ эдлэх зорилгоор  шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэртээх он жилүүдэд өдөр шөнөгүй ярьж, амлаж, ард иргэдэд цаасан малгай өмсгөсөн 1072 ширхэг хувьцааг өнөөдөр ямар ч албан тушаалтан ярихгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс түр хорооноос “Эрдэнэс татавантолгой” компаний удирдлагат хандан шаардлага хүргүүлж, дараах хуулийн зөрчлийг арилгахыг хүсч байгаа гэнэ.

Үүнд:

  1. Компанийн тухай хуулийн 3.3-т “Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа бүх асуудлаар болон зарим асуудлаар санал өгөх... зэрэг үндсэн эрх эдэлнэ”. 33.5-д “Хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна” гэснийг зөрчиж, 1072 хувьцаа эзэмшигчдэд ямар ч эрхийг эдлэх боломжийг олгоогүй байна.
  2. Компанийн тухай хуулийн 10.1. Үнэт цаас гаргагчийн үүрэг нь: хагас жилийн болон аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг хугацаанд нь гаргаж, Хороо болон хөрөнгийн биржид хүргэх, тайлангийн хураангуйг хэвлэлд нийтлэх, хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын материалыг гаргасан шийдвэрийн хамт 6 дугаар сарын 1-ний дотор Хороонд нь хүргэх тухай заалтуудыг зөрчиж, хувьцаа эзэмшигчид энэ талаар ямар ч мэдээлэл авах боломж олдоогүй байнай.
  3. Мөн хуулийн 60.3. Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна гэсний зөрчиж, энэ хугацаанд хуралдуулаагүй. Хуралдуулаагүй гэдэг нь хэвлэл мэдээллээр зарлаагүйгээс тодорхой.
  4. Мөн хуулийн 63.1-д “зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан: төлөөлөн удирдлах зөвлөлийн гишүүдийг сонгох, компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах, зэрэг эрхүүдийг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл эдэлж чадаагүй.
  5. Эдгээрээс үүдэн Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдаагүй байхад сонгогдсон гэх ТУЗ нь хүчин төгөлдөр бус, Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдсан байсан ч ард түмний төлөөлөл ороогүй учраас энэ нь хүчин төгөлдөр бус, үүнээс үндэслэн одоо ажиллаж байгаа гэх ТУЗ-ийн гаргасан шийдвэр, үйл ажиллагаа хүчин төгөлдөр бус байх болно.
  6. Хууль бус ТУЗ-өөс явуулж байгаа шийдвэр, үйл ажиллагаа нь мөн Компаний тухай хуулийн 86, 97 дугаар зүйлд заасан шаардлагууд, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг давхар зөрчсөн байна.

Иймд ард түмэнд, хүн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд ногдох эрхийг нь эдлүүлэх, Эрдэнэс тавантолгой компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоож, хуулийг мөрдүүлж ажиллуулахыг Засгийн газраас шаардаж байна хэмээн түр хорооны гишүүн, “Үнэт цаас академи” ТББ-ын тэргүүн С.Гэрэлмаа хэлсэн юм. Хуулийн зүгээс ямартай ч  зургаан зүйл заалтыг зөрчсөн бөгөөд олон нийтэд нээлттэй хувьцаатай компани мөртлөө үйл ажиллагаа, тайлан мэдээллээ хаалттай байлгаж байгаа нь хамгийн том асуудлыг үүсгэж байгаа юм. Бид энэ талаар эрэн сурвалжилж, мэдээллэх болно.