2013.04.16

Ж.Цэдэнрагчаа: Xуулийг хангалтгүй боловсруулж байна

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар энэхүү хууль нь журам төдий шинжтэй болсон хэмээн үзэж байгаагаа Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо мэдэгдлээ. Тус холбоо энэхүү хуулийн төсөлд саналаа тусгахаар таван жилийн турш удаа дараа хандахад саналыг нь огт хүлээж аваагүй аж. Төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын тэгш оролцоог хангахгүй байна хэмээн тэд үзэж байна. 

Энэ талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хууль боловсруулахад хэрхэн саналаа хүргүүлж байсан бэ?

-Бид хууль боловсруулах явцад Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагуудад таван жилийн турш хандсан. Манай холбооноос Хөрөнгийн биржийн ТУЗ-д хүн байхгүй. Бидний саналыг авахгүй байна. Ингээд дараа нь муу хууль гарвал хэн хариуцлагыг хүлээх вэ гэдийг тодорхой болгох ёстой.

-Үнэт цаасны тухай хууль юугаараа дутмаг гэж үзэж байгаа вэ?

0 гаруй жилийн түүхтэй Монголын хөрөнгийн зах зээл нь өөр ямар ч улсад байхгүй жижиг тогтолцоотой байна.

-20 гаруй жилийн түүхтэй Монголын хөрөнгийн зах зээл нь өөр ямар ч улсад байхгүй жижиг тогтолцоотой байна. Шинэ хувьцаа гарч ирэх боломж тун хомс байна. Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах зорилго нь Монголын хөрөнгийн захын хэмжээг нэмэгдүүлэх, гадаадад гарсан Монголын уул уурхайн компаниудын хувьцааг нааш нь татах зорилготой. Манай хуучин хууль нь дуализм буюу давхар бүртгэлийг зөвшөөрдөггүй байсан бол шинэчилсэн найруулга зөвшөөрөхөөр болж байна. Гэсэн ч дутуу зүйл байна. Энэ хууль нь дангаараа бус, дагасан Нотариатын тухай хууль ч юм уу, бусад хуулиуд өөрчлөгдсөнөөр бодитоор хэрэгжих учиртай. Өөрөөр хэлбэл, бусад хууль эрх зүйн орчинтойгоо зохицоогүй.

Хуулийн журмууд нь хоорондоо нийцэж өгөхгүй байна. Шинэ хуулинд брокеруудын үүрэг, хариуцлагыг улам чангатгасан байгаа. Мөн хуулинд Андеррайтерын тусгай зөвшөөрөл гэсэн хоцрогдсон хуулийн нэр, томъёоллыг оруулсан байсан. Өөр нэг асуудал бол, олон улсын туршлагаар аливаа хувьцаат компани ёс зүйн болон мэргэжлийн стандартын алдаа гаргасан тохиолдолд тухайн компанийг хариуцдаг Мэргэжлийн холбооноос олон нийтэд мэдэгддэг. Ингэснээр эрсдэлтэй компаниар хүмүүс үйлчлүүлэхээ больдог. Гэтэл үүнийг одоогийн шинэчилсэн найруулгатай хуулинд оруулсан байна. Энгийн журмаар шийдэх асуудлыг хуульчилсан нь оновчгүй.

-Хуулийг ямар байдлаар боловсруулбал болно гэж үзэж байна вэ?

-Наад зах нь хуулинд хувьцаат компаниудынхаа хүлээх хариуцлагыг тодорхой болгох, зах зээлд шинэ компани нэвтрэх бололцоо өгөх ёстой. Төлбөр тооцоо хийх системийг орчин үеийнх болгох шаардлагатай шүү дээ. Гадны ч тэр, дотоодын ч тэр хөрөнгө оруулагчид төлбөр тооцоо хийхийн тулд Монголын банк дээр ирж гарын үсэг бичиг баримтаа бүрдүүлэх ёстой гэж үү. Тиймээс хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцооны үйл явцад цахим гарын үсгийн системийг оруулах шаардлагатай. 

-Одоогийн үнэт цаасны арилжааны нөхцөл байдлыг тодорхойлбол?
Хөрөнгийн биржид 82 брокер ажиллаж байгаагийн 50 орчим нь манай хороонд харьяалагддаг.

- Өдөртөө 10 гаруй сая төгрөгийн арилжаа хийнэ гэдэг бол маш жижиг бирж гэсэн үг. Бүх брокерийн компани алдагдалтай ажиллаж байна. 2008 онд шинэ үнэт цаас их гарч байсан бол одоо шинэ үнэт цаас бараг гарч ирэхгүй байна. Энэ нь одооны эдийн засгийн хямралтай холбоотой л доо. Одоо биржийн зах зээлийн нийт үнэлгээ тогтмол буурч байна. Том хувьцаа эзэмшигчид  хувьцаагаа шилжүүлэх байдлаар арилжаанд оролцож буйгаас шинэ компани хөрөнгийн зах зээлд нэвтэрч чадахгүй байна шүү дээ. Албаныхны өгсөн тайлбар нь брокеруудыг чадвар муу байна гэх юм. Гэтэл тийм биш. Олон улсад сургууль төгссөн мэргэжлийн хүмүүс брокероор ажилладаг. Одооны үүссэн нөхцөл байдал нь хууль эрх зүйн орчин муу байгаагаас шалтгаалсан. Он гараад одоог хүртэл хийсэн арилжааны дүн 9.6 тэрбум буюу их тоо мэт санагдаж байгаа ч нийт ердөө 60 хэлцэл хийсэн нь бирж дээр хөрвөх чадвар байхгүйг харуулж байна. Үүнийг мэдээд том компаниуд Монголдоо биш, гадны хөрөнгийн зах зээл дээр гарч байна.

-Тухайлбал?

- Жишээ нь, “Занаду майнинг”, “Монголиан майнинг” корпораци нэрээр бүртгэлтэй байдаг “Энержи ресурс”, “Хүннү коал” гээд уул уурхайн том компаниуд маань гадны зах зээл дээр тоглодог.

-Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Төр, хувийн хэвшлийн оролцоог сайжруулна гэж ярьдаг ч энэ нь хэрэгжихгүй байна. Хөрөнгийн биржид 82 брокер ажиллаж байгаагийн 50 орчим нь манай хороонд харьяалагддаг. Тэдний дуу хоолойг сонсохгүй байна. Гадны туршлагад гол болон өсөлтийн гэсэн хоёр шатлалт бирж ажилладаг. Гэтэл манай хөрөнгийн зах зээлийн бүтэц муу байна. Гол шатлалд нь том компаниудыг оролцуулж, өндөр шаардлага тавьдаг байх. Өсөлтийхөнд нь шалгуур уян хатан нөхцөлтэйгээр, жижиг компаниудыг оролцуулдаг байх жишээний. Ийм туршлагыг Монголд нэвтрүүлж болно. Ингэснээр жижиг хэдий боловч цаашдаа өсөх боломжтой компаниудыг дэмжиж байгаа гэсэн үг.