Оффшор бүсэд дөхсөн татварын орчинг бүрдүүлэх хэрэгтэй
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаагаас НӨАТ-ын хуулийн шинэчилсэн төслийн талаар ярилцлаа.
-НӨАТ-ын тухай хуульд өөрчлөхөөр ярьж байна. Төлөгчийн босгыг 200 сая болгоё гэж. Энэ талаар танай холбооноос ямар байр суурьтай байна вэ?
Өнөөдөр манай улс орлогын албан татвар багатай орон. Гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар хуулийнхаа утгаараа зах зээл дээр үйлчилж чаддаггүй. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн үндсэн гол концепци нь аж ахуй нэгж, хувь хүмүүс татварын буцаалтыг авах хэрэгтэй.
Нөгөө талаас монгол улс мөнгө санхүүгийн төв боломжийг хайх хэрэгтэй байгаа. Өнөөдөр хувийн болон төрийн байгууллага ч ялгаагүй санхүүгийн дутагдалд орчихсон учраас бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад хүндрэл үүсдэг. Одоо оффшор бүсийг монголд бий болгодоггүй юм гэхэд оффшор бүс рүү дөхөж очсон татварын таатай эрх зүйн орчинтой зах зээлийг бий болгох хэрэгтэй.
Өнөөдөр дэлхий глобаль учраас америкийн хөрөнгийн бирж, монголын хөрөнгийн бирж ч бай ялгаагүй аль улс нь татварын таатай орчинтой байна тэнд хөрөнгө оруулагчийг татна.
Монголын мэргэжлийн байгууллагын мөрөөдөл бол монголын хөрөнгийн бирж дээр тоёота мэтийн томоохон компаний хувьцаа арилжигдах явдал юм.
Том компаний хувьцаа монголд ирж худалдаагдаж, үүнийг хөрөнгийн урсгал дагаж ирнэ. Үйлдвэрүүд орж ирэх боломжтой, ажлын байр бий болно.
-Монголчууд жинхэнэ мэргэжлийн мэдлэг, боловсролтой болох боломж бүрдэнэ.
-Үүний тулд татварын орчноо сайжруулах хэрэгтэй?
Өнөөдөр хөрөнгийн бирж дээр НӨАТ-тай холбоотойгоор хувийн болон хувьцаат компаниудын хооронд асуудал үүсдэг.
Хувьцаат компаниуд мэдээж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийтэд нээлттэй байх ёстой. Хувьцаат компани болсоноороо хувийн компаниас илүү давуу тал үүсэх ёстой.
Гэтэл давуу тал алга. Хувийн компаниуд татвараас нуугдаад, бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулж чаддаг. Хувьцаат компани нээлттэй учраас өртөг нь өндөр гардаг. Энэ байдлаас харахад давуу тал байхгүй. Тэгэхээр хөрөнгийн бирж дээр татварын таатай орчныг бий болгох хэрэгтэй.
-НӨАТ төлөгчийн босгын талаар ямар санал хэлэх вэ?
Босгын талаар манайд нэг буруу ойлголт байгаа. Миний хувийн бодлоор жижиг дунд аж ахуй нэгжүүд банкнаас зээлийн шалгуурт тэнцдэггүй. Харин жижиг дундын шалгуурт том компаниуд тэнцээд зээлийг нь авчихдаг гажиг тогтолцоотой. Энэ гажиг тогтолцоо ерөөсөө л татвараас болж үүссэн.
Босго тавихын тулд үндсэн хэдэн зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Хэдий хэмжээний хөрөнгөтэй, ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компанийг том корпораци гэж нэрлэх юм бэ, жижиг дунд аж ахуй нэгж гэж яг юуг хэлэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Үүний дараа босгын асуудлыг ярина. Юм болгонд бид тоогоор хандах нь буруу. Тооны цаана чанар байгаа.