Сангийн яам НӨАТ-ын босгын тооцоог гаргана
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэлмүүнээс НӨАТ төлөгчийн босгыг хэрхэх талаар яамнаас ямар бодлого барьж байгааг сонирхлоо.
-НӨАТ-ын босгын талаар, 200 сая болгох хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ асуудлаар сангийн яамнаас ямар судалгаа хийж байна вэ. Ер нь хэд болгох боломжтой вэ?
НӨАТ төлөгч нь ерөөсөө эцсийн хэрэглэгч байдаг. Одоо 10 саяын босготой байгаа. 200 сая болгох хуулийн төсөл өргөн баригдсан. Сангийн яамны зүгээс Татварын багц хуулийн шинэчлэлээр ойрын хугацаанд хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байна. Босго хэд байх вэ гэдгийг сангийн яамны зүгээс эцсийн тооцоогоо өгнө. Гэхдээ ер нь 10 саяыг ямар ч байсан нэмэгдүүлэх чиглэлтэй байгаа.
-Эдийн засагч нарын зүгээс НӨАТ төлөгчийн босго тавих нь НӨАТ-ын мөн чанарыг алдагдуулдаг гэсэн шүүмжлэлтэй байдаг?
Босго бага байвал татварын албаны зардлыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ үед татвар хураахад их зардал гарна. Нөгөө талаасаа жижиг татвар төлөгчид нь НӨАТ-д хамрагдах, тайлагнах зардал нь өндөр болчихдог. Энэ хоёрын балансыг олж босгоо тогтоох нь хамгийн чухал. Улс орнууд босготой, босгогүй янз бүр байдаг. НӨАТ-ын босго оновчтой тогтоох томьёо байдаг. Бид түүн дээр ажиллаж байгаа. Хэт өндөр тавьчихвал НӨАТ төлөгч хэдэн том компанид ашигтай. Тиймээс балансаа барих хэрэгтэй.