Д.Ганбат: Бизнес эрхэлж байгаа бүх иргэн, аж ахуйн нэгж татвар төлдөг байх ёстой
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?
-Энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Учир нь, татварыг бүх аж ахуйн нэгж, иргэн адил тэгш төлөх ёстой. Энэ утгаараа одоо мөрдөж буй хуулийн 10 саяыг нь ч байхгүй болгох хэрэгтэй. Төр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих гэж байгаа бол зээлийн хүүг бууруулах нь зөв байх.
Нөгөөтэйгүүр татварыг ялгаатай тогтоохын тулд нөхөн сэргээгдэх болон нөхөн сэргээгдэхгүй баялгийг ашиглаж буй уул уурхайн компаниудад өөр босго тогтоож, бусдад нь адил тэгш хандах шаардлагатай. Гадаад, дотоодын иргэд гар дээрээс худалдаа маш их хийж байна. Тэд олон сая, тэрбумын худалдаа хийдэг. Тиймээс татварын байгууллагууд тэднийг тэр бүр хянаж чадахгүй байна.
-Тэгэхээр бизнес эрхэлж буй бүх иргэн, аж ахуйн нэгж татвар төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бизнес эрхэлдэг бүх иргэн, аж ахуйн нэгж татвар төлөгч болсноор бүх компани бүртгэлтэй болно. Төр тэдэнтэйгээ харьцдаг, дэмждэг болохын тулд НӨАТ-ын босго байхгүй болгох хэрэгтэй.
Ингэснээр бүгд НӨАТ-аа төлж, бүртгэлтэй болж, эмх цэгцэндээ орж, аж ахуйн нэгжүүд бие биетэйгээ барьцахгүй болно шүү дээ. Татвар төлж байна гэдэг эх оронч байгааг харуулж байгаа юм. Мөн төр аж ахуйн нэгжүүдийг ялгаж салгах шаардлагагүй болно. Харин НӨАТ-ын татвар өмнө нь 10 хувь байсныг болиулж, НӨАТ- ын босгын хувийг 5,7 болгож багасгах хэрэгтэй.