С.Батболд: Өмнөхөө үгүйсгэж суух зав Засгийн газарт байдаггүй
-Танай намын бүлгээс Засгийн газрыг огцруулах санал гаргасан ч санасандаа хүрсэнгүй. Таны хувьд огцруулах үндэслэл, хүрэх үр дүнг хэрхэн урьдчилан харж байсан бэ?
-Нам бол улстөрийн зохион байгуулалт. Улстөр ч хамтын шийдвэртэй багийн тоглолт. Тэр утгаараа манай намын бүлгээс Үндсэн хууль болон бусад хэд хэдэн хууль зөрчсөн үндэслэлээр Ерөнхий сайдад хариуцлага тооцох саналаа УИХ-д гаргаж хэлэлцүүлсэн. Ардчилсан нийгэмд хууль зөрчсөн л бол Засгийн газар цөөхөн сар ажилласан, Ерөнхий сайд, ямар нэгэн гавьяат үйлстэн байхаас үл хамааран хариуцлага хүлээх ёстой. Манай бүлэг энэ зарчмаар асуудалд хандсан. Харин эцсийн шийдвэрийг яаж гаргах, Ерөнхий сайдад хариуцлага тооцох, үгүй нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Улстөрийн намууд, ер нь хэнтэй ч хуваалцахгүй энэ эрх мэдлийнхээ хүрээнд УИХ шийдвэрээ гаргасан. Үүгээр асуудал дуусч ард хоцорсон. Харин үр дүнгийн тухайд би арай өөр бодолтой байгаа.
-Ямар…?
-Хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хангаж, УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцдаг. Хэрвээ Засгийн газар нь, Ерөнхий сайд нь хуулиа зөрчөөд байвал энэ улсад хэн хууль мөрдөх юм. Хууль биелүүл гэж хэнд шаардлага тавих юм, нэгдүгээрт.Хоёдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдэд сөрөг хүчний, иргэний нийгмийнхэн, эдийн засагчид бизнесийнхэн, мэргэжилтнүүдээс хяналт тавих боломж, бололцоо бараг алга. Ил тод байдлыг, оролцоог хангаж чадахгүй байгаа нь хяналт сул байх, авлига хээл хахууль газар авах гол нөхцөлийг бүрдүүлдэг. Гуравдугаарт, эдийн засгийн өсөлт буурч бүтээн байгуулалт эхэлж, эрчимжиж чадахгүй байгаад Засгийн газар бодитой дүгнэлт хийх ёстой. Энэ гурван зүйл дээр УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газарт сайтар сануулж, цаашид гарч болох том алдааг бага дээр нь засч залруулах анхааруулга өглөө. Засгийн газар ч том сануулга авсан байх. Энэ бол үр дүн.
-Та бодитой дүгнэлт хийхгүй байна гэлээ, жишээ нь ямар асуудал дээр вэ?
- МАН, АН-ыхан Засгийн газарт хамтарсны хүчинд олон зүйл хийсэн. Улс орны хэмжээний, олон жилээр гацсан томоохон төслүүдийг хамтарсны хүчинд хөдөлгөж чадсан. Хамтарсны хүчинд амаргүй нөхцөлд, цаг хугацаа шаардсан олон ажлын ард гарч эдийн засгаа 18 хувиар өсгөж байсан нь бидний хамтын хүч. Гэтэл үүнийгээ “хөөс байсан” гэх нь бодитой дүгнэлт биш. Урдах руугаа чихсэн ийм улстөрийн дүгнэлт ажилд нэмэр болохгүй. Нэгэнт ачаа даах гэж байгаа бол эргэж буцахгүйгээр урагшаа харж ажиллах хэрэгтэй. Ямар ч ажил үгүйсгэлээр урагшаа явдаггүй. Тэр тусмаа засгийн ажил. Тийм цаг зав ч Засгийн газарт байдаггүйг Ерөнхий сайд байсны хувьд би сайн мэднэ.
-Хамтарсны хүчинд олон зүйлийн ард гарсан гэдгээ АН-ынхан ч хэлдэг. Жишээ болгож голдуу Оюутолгойг нэрлэдэг. Үүнээс өөр ямар амжилтад хүрсэн бэ, таныхаар?
Хамтарсны хүчинд амаргүй нөхцөлд, цаг хугацаа шаардсан олон ажлын ард гарч эдийн засгаа 18 хувиар өсгөж байсан
-Эдийн засагт бодитой өсөлт гарсан. 18 хувийн өсөлт гарсан. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт өсөлт гарсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх суурь, эхлэлийг тавьж чадсан. Ажилгүйдэл, ядуурал буурч эхэлсэн. Нэг ёсондоо эдийн засаг тогтворжиж эхэлсэн учраас манай Засгийн газраас энэхүү өсөлтөө хүн рүүгээ чиглүүлэх, айл болгоны босгыг давуулах бодлого барьсан. Энэ хүрээндээ Хүний хөгжил сангийн хуулийг батлуулж, эдийн засгийн орлогоос ард түмэндээ хуваарилж эхэлсэн. Эхлээд цалин, тэтгэврийг дунджаар 2.5 дахин нэмэгдүүлсэн. Хүний хөгжил сангаас ард түмэндээ 21 мянган төгрөг олгож эхэлсэн.
-21 мянгыг “Халамжийн хөтөлбөр байсан” гэж эрх баригчид шүүмжлээд байгаа?
-Хэрвээ халамжийн хөтөлбөрийг эхлүүлсэн автор хайж байгаа бол сонгуулиар бэлэн мөнгө амлахыг санаачлагч нь АН-ынхан өөрсдөө хүүхдийн 10 мянгаар эхлүүлж байсан. Энэ нь буруу байснаа одоо ухаарч байгаа юм уу, байр сууринаасаа ухарч байгаа юмуу мэдэхгүй, өнөөдөр огт өөр юм ярьж байна л даа. Хараад байхад АН-ынхан цаг үеийг харж байгаад, ялангуяа сонгуульд орох болохоороо зүүний чиглэлийн намын байр суурьтай болоод ирдэг. Сонгуульд ороод олон суудалтай юмуу, цөөнх болохоороо буцаад барууны чиглэлтэй нам болчих юм. Өнөөдөр бол сонгуулийн үеэр ид амлаж явсан зүүнээсээ нүүдэл хийгээд баруун талдаа гарчихсан тууж явах жишээтэй. Улстөрийн нам ингэж үзэл баримтлал, бодлого нь тогтворгүй, ойр ойрхон бууриа сэлгэж явах нь буруу л даа.
-Танай намд ийм “өвчин” байхгүй юу. АН-ын нэг саяыг давуулаад 1.5 сая болгон амлаж явсан санагдах юм?
-Манай нам өөрийн гэсэн үзэл бодол, тогтсон үзэл баримтлалтай. Түүндээ тууштай, ямар ч тохиолдолд чинээлэг дундаж давхаргыг бий болгох ёстой гэж үздэг. Төрийн бодлого нь хүнээ дэмжсэн, эдийн засгийн бодлого нь зах зээлд суурилж төрийн зохицуулалттай явах ёстой гэж үздэг. Бид сонгуульд олонхи байсан ч, цөөнх болсон ч энэ байр сууринаасаа буцаж байсан удаагүй. Амласнаа өгдөг, биелүүлдэг.
-21 мянгыг халамжийн хөтөлбөр байсан тухайд... ?
Засгийн газрын бодлогын хүрээнд бид иргэн бүртээ 21 мянган төгрөг хуваарилсан.
-Чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг зорьдог нь зүүн төвийн намуудын гол зарчим. Манай намын энэ зарчим, эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ жигд хүртээх Засгийн газрын бодлогын хүрээнд бид иргэн бүртээ 21 мянган төгрөг хуваарилсан. 21 мянга бол Монгол Улсын бүх иргэнд жигд хүрдэг төрийн бодлого байсан шүү. Энэ бол эхлэл бөгөөд 21 мянгыг цаашид эдийн засагтайгаа уялдуулаад өсгөх ёстой. Байгалийн баялгаасаа ашиг хуваарилж амжилтад хүрсэн Норвеги улсын сан, Аляскийн зэрэг сангууд ч ингэж багаас эхэлж байсан түүхтэй. Хорин нэгэн мянгаас гадна бид хүн рүүгээ чиглэсэн бодлогын хүрээнд иргэдээ эрүүл, боловсролтой болгох бодлого хэрэгжүүлсэн. Бага насны хүүхдийн эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгийг орон даяар явуулсан. Боловсролын системд Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн.
-Өнөөдөр бүтэхээ байчихлаа гэх зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл энэ бодлогын хүрээнд гарсан шийдвэр үү?
-Тийм. Тодорхой судалгаа, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр эхлүүлсэн ажил. Монголбанкны өнөөдрийн удирдлагууд хамтарсан засгийн үед байсан. Тэдний болон мэргэжилтнүүдийн судалгаа тооцоог үндэслэж хүүг зургаан хувиар тогтоосон. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тухайн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байхдаа “Ерөнхий сайд аа, манайхан бүх тооцоо судалгааг хийлээ, хүү зургаан хувь байхад болно оо” гэж танилцуулж байсан. Харин өөрийн чинь асууснаар энэ хөтөлбөр бүтэхээ байсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Эдийн засгийн өсөлт буурч зарим нэмэлт ачаалал ирж, төсөвт хүндрэл үүссэн учраас Засгийн газрын зүгээс энэ бодлогыг эргэж харж байна гэж ойлгож байгаа. Энэ байж болох л асуудал, Засгийн газрын эрх. Уг нь сэтгэл байгаад зүтгэх юм бол хүүгийн хэмжээ зургаагаараа явахад болохгүй юмгүй. Яагаад гэвэл энэ хөтөлбөрт аль болох бага орлоготой хэсгийг түлхүү хамруулах ёстой. Үүний тулд зарим ачааллыг төр өөр дээрээ авахад ч буруу юм байхгүй. Хүүгийн хэмжээ бага байж л бага, дунд орлоготой иргэдээ илүү олноор хамруулах боломжтой. Энэ бол бидний шинээр хийх гэж байгаа биш, Сингапур зэрэг улс орнуудын яваад амжилтад хүрсэн сайн жишээ.
-Засгийн газарт хяналт сул байна гэх юм. Өмнө нь танай Засгийн газарт тийм сайн байсан юм уу?
-Манай Засгийн газрын үед Оюутолгой, Тавантолгой болон бусад бүтээн байгуулалтын ажлын хэсгийг хоёр намаас байгуулж, харилцан хяналт тавьж явдаг байсан. Дээр нь салбар хариуцсан сайд нар нь ордог. Засгийн газрын төвшинд ингэж харилцан хяналттай ажиллахаас гадна, аж ахуйн байгууллагын төвшинд янз бүрийн томилгоо бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ аль болох нээлттэй байж улстөрийн намууд, иргэний нийгмийнхэн, нийгмийн зүгээс хяналт тавих боломжийг хангаж, оролцоог нэмэгдүүлэхийг хичээдэг байсан.
Харилцан хяналттай хамтарч ажилласны хүчинд бид бодлогын болон бүтээн байгуулалтын олон ажлын хөрс суурийг бэлдэж эхлүүлж чадсан. Заримыг нь ажил нь эхлэхэд бэлэн болгоод сонгуультай золгосон. Гэтэл одоо тийм хяналт, оролцоог хангасан юм алга. Нэг талыг хэт их барьж байгаа нь харагдаж байна.
-Ажил нь эхлэхэд бэлэн болгоод сонгуульд орсон гэж ямар бүтээн байгуулалтуудыг хэлж байна вэ?
-ТЭЦ Y-аас эхлээд хэд хэдэн бүтээн байгуулалтын жагсаалт бий. Ганц жишээ хэлэхэд бид Хөгжлийн банкаар барьцаалж босгосон бондоороо төлөвлөсөн бүтээн байгуулалтаа бодитой эхлүүлж амжаагүй. Цаг хугацаа гараагүй. Мөнгө нь оройтож хавар дөрөвдүгээр сард, зургадугаар сард болох сонгуулийн ажил гэхээсээ хийрхэл нь эхэлчихсэн үед орж ирсэн л дээ. Гэхдээ бид санхүүжүүлэх төслүүдийнхээ шийдвэрийг гаргаж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, санхүүжилтийг шийдэж өгөөд сонгуульд орсон. Уг нь бид эхлээд Засгийн газрын бонд гаргая гэж бодсон юм.
Хөгжлийн банк дээр 20 гаруй тэрбум төгрөгийн хүү гарсан гэж шүүмжилдэг. Одоо бүр 1.5 тэрбумын бондод хүү төлнө шүү дээ
УИХ зөвшөөрөөгүй арилжааны банкуудынхаа эх үүсвэр, дотоод нөөц боломжоо бүрэн ашиглаагүй байж гадаад зах зээл дээрээс Засгийн газрын бонд босгох шаардлагагүй гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос шийдвэр гаргасан. Нэгэнт парламент зөвшөөрөөгүй учраас Хөгжлийн банкаараа бонд босгосон. Засгийн газрын бондыг бодвол банкаар барьцаалж бонд босгох амаргүй л дээ. Нэг банкинд итгэх, бүхэл бүтэн улсын Засгийн газарт итгэх хоёр харилцан адилгүй. Тэгэхдээ л бид тухайн үедээ боломжийн хүүтэйгээр 570 сая долларын эх үүсвэрийг босгож чадсан. Одоогийн Засгийн газар энэ мөнгийг ашиглаад, бүтээн байгуулалт руу оруулаад явж байгаа.
-Бондоор хийх бүтээн байгуулалтаас илүүтэй хүүгийн төлбөр нь шүүмжлэлд их өртөх юм. Хөгжлийн банкны хүүгийн төлбөр хэтэрлээ, төсвийн мөнгөнөөс хүү төлж байгаа нь буруу гэсэн шүүмжлэл сонгуулиар их явсан.Одоо 1.5 тэрбумыг бас хүүгээр нь шүүмжлээд байх юм?
-Хүүгийн тухайд Хөгжлийн банк дээр 20 гаруй тэрбум төгрөгийн хүү гарсан гэж шүүмжилдэг. Одоо бүр 1.5 тэрбумын бондод хүү төлнө шүү дээ. Ер нь хүү хаанаас гарах нь гол биш. 1.5 тэрбумын хүүг Монголбанкнаас гаргах, арилжааны банкуудтай хамтарч гаргах, Хөгжлийн банкны бондынхыг төсвөөс гаргах нь хэлбэрийн хувьд өөр байж болно. Эцсийн дүндээ Монгол Улсаас гарч байгаа, монголчууд бидний л мөнгө. Хүүгийн мөнгө хаанаас, хэний халааснаас гарав гэдгээр талцаж маргах нь утгагүй, ач холбогдолгүй. Хамгийн гол нь бондын мөнгөөрөө үндсэн зээлээ, нэмээд хүүгийн төлбөрөө нөхөх хэмжээний эрэлт үүсгэж бодитой үр дүн гаргах, эсвэл тийм хэмжээний бодитой бүтээн байгуулалт бүтээх төслөө онож санхүүжүүлэх нь хамгийн чухал.
-Ер нь засгийн ажил заавал залгамж чанартай байх ёстой юу. Танай Засгийн газраас залгамжлагдсан ямар ажил байна вэ. Таныг Ерөнхий сайд байх үед Тэргүүн шадар сайд байсан хүн өнөөдрийн Засгийн газрыг тэргүүлж байна шүү дээ?
-Шинэчлэлийн Засгийн газар шинээр бодлого хэрэгжүүлнэ гээд л байгаа. Би хувьдаа төрийн залгамж чанар байх ёстой, хамтраад шийдсэн ажлынхаа эцсийн үр дүнг бүрэн гаргах хэрэгтэй. Одоо хараад байхад хэлбэрийн чанартай шинэчлэл давамгайлж байх шиг байна. Харин агуулгын чанартай ямар шинэчлэл хийхийг нь нийгэм хараад хүлээгээд л байгаа. Ер нь өмнөх засгийн үед хөндлөнгийн хяналттай, иргэний нийгмийнхэн, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор бидний хамтаараа шийдсэн асуудал арай л голтой, дүн нуруутай байсан гэдэг би итгэлтэй явдаг. Жишээ нь, манай Засгийн газар шинээр тавих төмөр замын 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой. Үлдсэн 49 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчдыг татах хэлбэрээр тэдэнд эзэмшүүлье гэж шийдэж байсан. Энэ засаг ярьж, ярьж эргээд бидний хамтаараа шийдсэн шийдвэр дээр буулаа гэж ойлгож байгаа. Дотроо жижиг сажиг өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй. Суурь зарчим, агуулга нь хэвээрээ үлдлээ. Тавдугаар цахилгаан станцыг бид Азийн хөгжлийн банкны төслөөр техник эдийн засгийн үндэслэлийг нь нэлээд бодитой хийлгэсэн. Өөрийн улсын мэргэжилтнүүдийн санаа оноог авсан. Тендерийг нь зарласан. Одоо энэ засаг байршлыг нь өөрчилье гэж байх шиг байна. Тэгж болно. Гол нь төр засгийн ажлын залгамж чанараа хадгалаад, тэр дундаа засч сайжруулаад явах ёстой. Бид ч тэгдэг байсан.
-Жишээ нь…?
-Оюутолгойн гэрээг сайжруулъя гэж хэд хэдэн өөрчлөлт оруулж байсан. Зээлийн хүүг бууруулсан. Манай талын 34 хувийг илүү баталгаатай болгож тодотгосон, ордын лицензийг бусдад зарахааргүй болгож Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Үүнээс гадна хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 51-д хүргэхийг заавал 30 жил гэж хүлээхгүйгээр наана нь авч үзэж болох тухай ярилцаж байсан. Засгийн ажил энэ мэтээр чанаржаад сайжраад явах ёстой. Гол нь засч сайжруулах гэж байна гээд таг зогсоож гацааж болохгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа хэлбэрийн төдий өөрчлөлтөөр шинээр эхлүүлэх нь Монголд бүр л хохиролтой. Тавантолгой дээр сайжруулах ёстой л гэж байна. Тийм байж болно, гэтэл тэрийгээ нээлттэй, ил тод, хяналттай зөв хийж чадаж байна уу, үгүй юү гэдгийг мэдэх бололцоо алга.
-Тавантолгой гэснээс энэ ордоос иргэн бүрт хуваарилсан хувьцаа, хөрөнгийн зах зээл гээд танай Засгийн газрын ажлууд чимээгүй болчихлоо. Бодлого буруу байсан уу, эсвэл цаагуураа ажил явж байгаа юм болов уу?
Тавантолгойн ордоос иргэддээ 1072 хувьцаа олгох, аж ахуйн нэгжүүддээ давуу эрхээр хувьцаа эзэмших сонголтыг бид хийсэн.
-Тавантолгойн ордоос иргэддээ 1072 хувьцаа олгох, аж ахуйн нэгжүүддээ давуу эрхээр хувьцаа эзэмших сонголтыг бид хийсэн. Энэ бол хөрөнгийн зах зээл дээр бүртгэгдсэн, олон улсын гэрээ дүрмээр явах ажил. Ажил явж байгаа эсэх нь айхтар харагдахгүй байгаа гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ таг зогсчихсон гэж бас бодохгүй байна. Иргэн бүрийн 1072 хувьцаа бол цаас байх ёсгүй. Одоо энэ ажил цаашаа, иргэд компаниудын хувьцаа нь мөнгө болж, үнэ ханш нь өсч буурч зах зээлийнхээ эргэлтэд орж явах ёстой.
-Хувьцаатай холбогдуулж асуухад компаниудыг олон нийтийн засаглалтай болох ёстой гэж Ерөнхийлөгч хаврын чуулганы нээлт дээр анхааруулж хэлсэн. Та өмнө, намынхаа Бага хурал дээр энэ тухай хөндөж байсан. Олигархийн засаглалаас олон нийтийн засаглалд гэж томьёоллоо эвгүй хэлсэн үү, ажил болж эхлээгүй. Үнэхээр боломж байгаагүй юү?
-Засгийн газар шууд хийчих, компаниуд шууд хувьцаа гаргаад эхлэх ажил хараахан биш л дээ. Ер нь уул уурхайн, төрийн өмчийн томоохон компаниуд, Монголын баялгийг түшиглээд дэлхийн зах зээл дээр гарчихсан, тэндээс мөнгө босгочихсон гадаадын болон үндэсний компаниуд наад зах нь 10-аас доошгүй хувиа Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа болгож гаргах ёстой.
Тэрийг нь худалдаж авах боломж Монголын ард түмэн, олон нийтэд ижил тэгш нээлттэй байх ёстой. Ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах талаар манай Засгийн газар нэлээд ажил хийсэн. Бодлогыг нь гаргасан.
Дэлхийн хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржүүдийн сонгодог, анхдагч нь болох Лондонгийн хөрөнгийн биржтэй гэрээ байгуулж дэд бүтцээ шийдэж эхэлсэн, технологийг нь оруулж ирэхээр тохиролцсон. Хүмүүсээ сургаж эхэлсэн. Энэ бүхнийг системтэй явуулж байсан. Одоо ажил үргэлжлээд явж байгаа гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлийг боловсронгуй болгох, ялангуяа Засгийн газрын, тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангуудыг хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах боломжийг хангасан эрхзүйн орчныг иж бүрнээр нь шийдэх гээд энэ салбарт хийх ажил их бий. Миний хувьд одоогоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл дээр нэлээд ажиллаж байна. Хэрвээ эрхзүйн орчин нь зөв бүрдэж чадвал Монголын үндэсний томоохон компаниуд ч олон нийтийн өмчлөлтэй болох ёстой. Ийм сонирхол, шаардлага олон нийтэд ч, үндэсний компаниудад ч бий байх.
-Ер нь компаниуд олон нийтийн өмчлөлтэй байхын давуу тал юу вэ?
-Компанийн засаглалыг сайжруулах, олон нийтийн засаглалтай компаниудыг бий болгох, үүнд нь хувьцаа худалдаж авах хэлбэрээр иргэд идэвхтэй оролцох, хяналттай, нээлттэй байдаг нь сайн засаглалын гол чанар. Олон нийтийн өмчлөлтэй болох нь компанийн засаглалыг ил тод тунгалаг байлгадаг. Хоёрдугаарт компанийн менежментийг улстөрөөс хараат бус байлгана. Тэнд улстөрчид ах дүү амраг саднаа томилуулах боломжгүй, улстөр эдийн засгийн бүлэглэлүүд үр ашиггүй шахаа хийх бололцоогүй. Тэнд зөвхөн чадвар, туршлага, мэдлэгт суурилсан менежмент үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл, нээлттэй компанийг мэргэжлийн бус юмуу, чадвар муутай хүн удирдаад явах бололцоогүй. Үүнээс гадна зөвхөн арилжааны банкны зээлээр биш, хөрөнгийн зах зээл дээрээс эх үүсвэр босгох боломжтой.
-Ерөнхий сайд байсан хүний хувьд нөхөрсөг зөвлөгөө өгөөч гэвэл энэ Засгийн газарт та юу зөвлөх вэ?
-Бид хэдийгээр хоёр өөр нам ч, явж байгаа зүг, эцсийн зорилго маань нэг. Энэ Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, хойч үедээ өнөөдрийнхөөс илүү сайхан амьдрал цогцлооё гэж зорьж байгаа. Өнөөдөр дэлхийн эдийн засаг хүндэрлээ гэж байна. Гэтэл биднийг хамтраад засаг барьж байсан 2009 онд дэлхийн эдийн засгийн хямрал оргил үедээ хүрч байсныг АН-ынхан мэдэж л байгаа.
Манай Засгийн газар Хөгжлийн банкны 570 саяас гадна БНСУ-аас 300 сая доллар, мөн БНХАУ-аас зээл авахаар тохирсон байсан.
Манай Засгийн газар Хөгжлийн банкны 570 саяас гадна БНСУ-аас 300 сая доллар, мөн БНХАУ-аас зээл авахаар тохирсон байсан. Шинэчлэлийн Засгийн газар дээр нь нэмээд 1.5 тэрбум долларын бонд босголоо. Ажил хийх санхүүгийн эх үүсвэр байна. Үүнийгээ бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, чанартай хийх хэрэгтэй. Бидний үед гарсан эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдийг дандаа УИХ, Засгийн газар, улстөрийн намууд дангаараа хийгээгүй. Бид иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг хичээж ажиллаж байсан. Тэдний дэмжлэг оролцоо их байсан. Одоо харин ийм харилцаа суларч, чимээгүй болж. Энэ тийм зөв дохио биш. Энэ бүхэндээ зөв дүгнэлт хийж арагшаа бага хараад урагшаа зүтгэж ажиллаасай. Засгийн зөв ажлыг хойш чангаагаад байх шаардлага, сонирхол сөрөг хүчинд огт байхгүй. Бид урагшаа хараад хийж байгаа ажлын зөвд нь ташуур, бурууд нь анхааруулга болж явъя л гэж байгаа. Улстөрийн дүгнэлтээр эдийн засгийг өөд татдаггүй. Харин гадаад, дотоод орчиндоо бодитой хийсэн зөв дүгнэлт бол ажилд ус агаар шиг тустай.
-Сая Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын төвшний хуралдаан Улаанбаатарт боллоо. Энэ нийгэмлэгийг даргалах хугацаанд та Гадаад харилцааны сайд, бас Ерөнхий сайд байж таарчээ. Сая Улаанбаатарт болсон хуралд оролцов уу?
-2009 онд би Гадаад харилцааны сайд байхдаа Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны урилгаар АНУ-д айлчилсан юм. Энэ айлчлалын үеэр Мянганы сорилын сангийн зээлийн 188 сая долларыг төмөр замаас авч өөр салбарт шилжүүлэх талаар хэлэлцээрт өөрчлөлт оруулах зэрэг олон чухал асуудал шийдсэн.
Тэр үед Монгол Улсыг АОХН-ийг тэргүүлэхийг АНУ дэмжиж байна гэдгээ Хиллари Клинтон өөрийн биеэр анх удаа албан ёсоор мэдэгдсэн. Яг энэ асуудлаар би Хиллари Клинтонтой хамт Төрийн департаментад хэвлэлийн бага хурал хийж байсан. Дараа нь долдугаар сард нь Лиссабон хотод АОХН-ийн удирдах зөвлөлийн хурал н болж Монгол Улсыг дэмжихээр болсон. Энэ албыг аваад манай улс ардчиллын боловсролыг түлхүү анхаарах, иргэний нийгмийг хөгжүүлж бэхжүүлэх, бүс нутагтаа Монголынхоо ардчиллын туршлагыг хуваалцах гэсэн гурван үндсэн чиглэлээр түлхүү ажилласан. Сайд нарын төвшний уулзалт бол хамгийн том хурал нь.
Манай улсын нэр хүндийг өндөрт өргөсөн, Монголын ардчилал эрийн цээнд хүрээд зогсохгүй, бусдад туршлага үлгэр болохыг олон улсад хүлээн зөвшөөрсөн том арга хэмжээ боллоо. Олон улсын хамтын нийгэмнэлэгээс манай улсын ардчилал, зах зээлийн хөгжил, Монголын ард түмний хүчин чармайлтыг дэмжиж, бидэнд итгэж байна гэдэг бол ардчилсан тогтолцоо, ардчилсан засаглалтай Монгол Улсын иргэн бүрийн бахархал.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад, танай нам Бага хурлаа товложээ. Олон нийтийн анхаарч, анзаарч байгаа гол сэдэв нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших бол гэх таамаг байх. Эдгээр таамгийн дунд Ерөнхий сайд, намын дарга байсан гэдэг утгаараа таныг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд оруулсан байна лээ. Та нам дотроо нэр дэвшихийн төлөө өрсөлдөх үү?
-Улс төрийн ажил амьдралд оролцоно гэдэг заавал өндөр албан тушаалд хүрч байж идэвхтэй оролцоог хангадаг зүйл биш. Итгэл үнэмшил, мэдлэг чадвар нь байгаад сэтгэл гаргаад зүтгэвэл идэвхтэй оролцох боломж Их хурлын гишүүнд бүрэн дүүрэн хангалттай бий. Тийм учраас би энэ сонгуульд орох гэж, нэрээ дэвшүүлж нам дотроо өрсөлдөхгүй. Манай намд Ерөнхийлөгчид нэр дэвших, энэ албыг нэр хүндтэй хашаад явчих мэдлэг чадвартай олон хүн бий.
-Гэхдээ сонгуульд оролцоно биз дээ?
-Нэр дэвшигчээ дэмжиж мэдээж оролцоно шүү дээ. Яагаад оролцохгүй гэж…
-Үгүй яах вэ, таныг “Чингис зочид” буудлаа “Ажнай” Бат-Эрдэнэд зарсан, бас улстөрөөс зайгаа авч байгаа зэрэг нь алсдаа Монголоос гарч амьдрах бэлтгэлээ хангаж байгаа юм гэх мэдээлэл заримдаа гардаг учраас л асуулаа?
-Наадах чинь зорилготой хүмүүсийн санаатай, санаандгүйгээр хардаж тараасан гүтгэлэг байна. Миний хэзээ ч бодож байгаагүй зүйл байна. Би Батболд гэдэг бие хүн мөн боловч, миний амьдрал ганцхан минийх биш. Би бусдын адил гэр бүлтэй, аав ээж, ах дүү амраг садантай. Найз нар, намын нөхөд, спортын анд нартай. Тэднийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай. Бас тэднээсээ урам, таашаал авч амьдардаг. Тэднийгээ орхиод явах сэтгэл, эх орноосоо явах бодол сэтгэл, гэм надад байхгүй. Эх орноосоо хол байх тийм ч сайхан зүйл биш шүү дээ. Одоо ч нас жаахан яваад тэгдэг юмуу, гадагшаа яваад арав хонов уу үгүй юү л эх орноо санадаг болсон байна лээ. Манай ард түмэн, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг. Миний хувьд биеэ, гэрээ зассаныхаа дараа улстөрд орж ирсэн. Үүгээрээ би улстөрд орж ирчихээд тэндээсээ биеэ, гэрээ засах гэж яваа, бас тийм ойлголттой хүнээс эрс ялгаатай.
-”Чингис” зочид буудлаа зарсан нь бас худлаа юу?
Би яг зургаан сарын турш бараг гэртээ харихгүйгээр буудал дээрээ ажилласан
-Тийм юм байхгүй ээ. “Чингис зочид” буудал нэг талаар өмч, бизнес боловч манай гэр бүлийн, бидний амьдралын нэгэн түүхийг илэрхийлдэг. Үүгээрээ манай гэр бүлд өмч хөрөнгөөс ч илүү үнэ цэнтэй. Улс барьж чадахгүй гээд орхисон буудлын суурийг бид аваад босгох гэж манай гэр бүлийнхэн, манай компанийн хамт олон цаг наргүй, өдөр шөнөгүй хөлс хүчээ дуслуулан зүтгэж байж босгосон. Жишээ нь, би яг зургаан сарын турш бараг гэртээ харихгүйгээр буудал дээрээ ажилласан байдаг юм. Ер нь би “Алтай холдинг” компани, “Чингис” зочид буудлаа зарах бодолгүй ээ. Цаашдаа миний үр хүүхдүүдийн бизнес болж улам сайжирч явна гэдэгт итгэдэг.
-Улстөрөөс завсарлага авч байгаа гэдэг ч бас худлаа байх нь ээ?
-Надад улстөрөөс ухрах няцах шалтгаан байхгүй ээ. Урагшаа улайран зүтгэх албан тушаалын сонирхол ч байхгүй. Хуулиар УИХ-ын гишүүн ямар эрх үүрэгтэй, тэр хүрээндээ л ажиллана, зүтгэнэ. Харин улстөрийн сонгууль болж байхад намаа дэмжиж оролцдоггүй улстөрч гэж байхгүй. Улстөрч болгон л тэгэх байх. Нэг зүйлийг зориуд хэлэхэд засгийн ажил нь урагшаа, сонгууль нь болдгоороо, бүтээн байгуулалтын ажил нь тусдаа яваасай гэж хүсэх байна.
Яагаад гэвэл манай улс олон сайхан давуу талтай ч, байгалиас заяасан бэрхшээл хүндрэлүүдтэй. Үүний нэг нь улирлын онцлог. Бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай. Хавар дөрвөн сараас эхлээд үсрээд аравдугаар сард зогсдог. Ийм ховорхон үед сонгууль таарч, нийгмээрээ талцаж гүйгээд бүтээн байгуулах ажлаа орхигдуулдаг. Сонгуулийн өмнөх жил, сонгуулийн жил, сонгуулийн дараа жилийн хавар нь бид ч бас чамгүй улстөржиж цаг хугацаа алдах юм. Гэтэл цаг хугацаа, бүтээн байгуулалт, дэлхий эдийн засгийн өрсөлдөөн бидний хүлээхгүй шүү дээ. Олон жил бизнес хийсэн хүний хувьд заримдаа би боддог юм. Улстөрийн сонгуулийг бүтээн байгуулалт огт өрнөдөггүй улиралд, өвөл ч юмуу хийж болдоггүй юм болов уу гэж.