2020.08.28
Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа
Дэлхийн 160 улс орны 10000 гаруй боловсролын байгууллагад хэрэгжиж байгаа Кембриджийн хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тэдний онцлогт нийцүүлэн олгох, дэлхийн их, дээд сургуульд элсэх, олон улсын тэтгэлэгт хамрагдах боломжийг жигд хүртээмжтэй бий болгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут гишүүд хамтран "Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг" байгуулжээ.
2010 онд Монгол Улсын Засгийн газраас Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Англи-Монголын Засгийн газар хооронд гэрээ байгуулсан. Энэ хүрээнд 2019 онд 30 сургуулийг кэмбриджийн хөтөлбөрт шилжүүлэн, 3 сргуульд лаборатори маягаар туршин багшийг сурган, улсын хэмжээнд чадавхийг сайжруулахаар тусгасан. Өмнөх парламентын үед энэ гэрээний үр дүнг нягтласан. Дүнг нь БСШУС-ын сайдад өгсөн. 2012 онд энэ хөтөлбөрийг Үндэсний цөм хөтөлбөр болгосон. Ингээд лаборатори сургууль гарч ирсэн. Ингэснээр сурагчдыг ялгаварлах байдал үүссэн.
Тиймээс энэ байдлыг өөрчлөх, кэмбридж, лаборатори гэж ялгадаг байдлыг арилгаж бүгд тэгш боловсрол эзэмших боломжийг бий болгох шаардлагатай. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллах уг лобби бүлгийг байгуулсан тухайгаа өнөөдөр мэдээллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ боломж нь хувийн хэвшлийн болон улсын хэдхэн сургуульд суралцагсдад давуу эрхтэй байдлаар хэрэгжиж бусад газарт хүртээмжгүй байж болохгүй. Боловсрол бол тэгш хүртээмж юм энэ ч утгаараа Кембриджийн хөтөлбөрийг Баянхошуу, Толгойт, хөдөө орон нутаг гэх мэтээр Монгол Улсын өнцөг булан бүрт сурч боловсорч байгаа бүх хүнд боломж жигд олгогдох нь зүйтэй юм.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажил ямар нэгэн боловсролын ялгаварлан гадуурхалт, улс төржилт, танин мэдэхүйн шинжтэй үгүйсгэлгүйгээр хэрэгжих ёстой гэж үзэж Улсын Их Хуралд лобби бүлэг байгуулан ажиллахаар боллоо.
Монгол хүүхдүүд дэлхийд үнэлэгдэх, өрсөлдөх боловсролыг нийслэлд ч орон нутагт ч тэгш эзэмших боломжийг боловсролын тогтолцоонд бий болгох ёстой гэж бүлгийн гишүүд үзэж байгаа юм байна.