Н.Алтанхуяг: Сурагчдын дүрэмт хувцасны үнэ 2-15 мянган төгрөгөөр нэмэгдсэн
Долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулагддаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр боллоо. Уг уулзалтаар Ерөнхий сайд амралтынхаа үеэр хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд автозамын ажлын талаар мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Н.Алтанхуяг: Сурагчдын дүрэмт хувцсанд зарцуулах 51 тэрбум төгрөг дотоодын компаниудад шилжсэн
-Таныг амарсан хойгуур сурагчийн дүрэмт хувцастай холбоотой маргаан гарсан. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Үндэсний компаниудаа дэмжээд сурагчдынхаа дүрэмт хувцсыг оёх ажлыг Оёдлын нэгдсэн холбоонд өгөхөөр болсон. Энэ нь 200 гаруй компанийг өөртөө нэгтгэсэн. Нийтдээ дүрэмт хувцсанд зарцуулах 51 тэрбум төгрөг дотоодын компаниудад шилжүүлж, 5-6 мянган оёдолчин ажилтай болох юм.
Ийм учраас бид энэхүү ажлыг Оёдлын нэгдсэн холбоонд өгсөн. Үнэ өссөн гэсэн шүүмжлэл гарсан юм билээ. Үнэ өсөхийн хувьд өссөн. Гэхдээ дунджаар 2-15 мянган төгрөгөөр л өссөн. Жишээлбэл бага ангийн сурагчдын дүрэмт хувцас өмнөх жилүүдэд 31 мянган төгрөг байсан бол энэ жил 37 мянган төгрөг болсон.
Өмнөх жилүүдэд өмд, пиджак л өмсдөг байсан бол бид энэ жил арай өөр сонголтууд нэмж, ноосон майк, цамц зэргийг оёж байгаа. Хэрэв майк, цамцыг нэмж авахаар бол нөгөө яриад байгаа 100 мянган төгрөгт хүрч магадгүй. Бусдаар бол хуучных шигээ өмд, пиджакаа авна гэвэл 2-15 мянган төгрөг л нэмэгдсэн.
-Оёдлын нэгдсэн холбоонд нэгдээгүй аж ахуйн нэгжүүд дүрэмт хувцас оёж болох уу?
-Тэр маргааныг үүсгээд байгаа оёдлын компаниуд бол өмнөх жилүүдэд Эрээн хотод оёулаад Монголд оруулж ирдэг байсан компаниуд шүү дээ. Хэрэв тэдэнд оёдлын машин нь байгаад, дүрэмт хувцсаа оёж чадна гэвэл хамаагүй энэ ажилд оролцож болно.
-Нийслэлд зуслангийн газрыг өмчлүүлж эхэллээ. Нэг талаасаа иргэд газар өмчилж байгаа нь сайн хэрэг боловч зуслан байсан газарт замбараагүй байдал үүсэж бараг гэр хороолол болж байна. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?
-Манай намын зүгээс иргэдэд аль болох газар эзэмшүүлье гэсэн бодлого баримталж, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ үүднээсээ ч нийслэлийн удирдлагууд маань энэхүү ажлыг явуулж байх шиг байна. Шинээр эхэлж байгаа ажил бүхэн асуудалтай байдаг. Энэхүү асуудлаа нийтээрээ ярилцаж байгаад шийдвэрлэх хэрэгтэй.
-Ургац хураалтаас эхлээд намрын их ажил өмнө гарч ирж байна. Гэтэл зарим аймаг Засаг даргагүй байна. Энэ асуудлыг хэзээ цэгцлэх вэ?
-Надаас болоод Засаг даргагүй байгаа юм биш шүү дээ. Ийм ойлголт гадуур яваад байгаа юм билээ. Н.Алтанхуяг гэдэг хүн бүх аймгийн Засаг даргыг томилсон. Сүүлд нь элдэв асуудал гараад болиулсан нь бий.
Одоо Хөвсгөл, Дорнод аймгуудын ИТХ нь хуралдаад Засаг даргад нэр дэвшүүлэх хүнээ сонгочихвол би батлахад бэлэн байна. Энэхүү асуудал надаас огт хамаарахгүй. Одоо аймгуудын ИТХ нь хуралдаад хүнээ сонгох хэрэгтэй байна.
-Оюутолгой компанийн далд уурхайн ажил зогссон. Энэ талаар “Рио Тинто” компаниас мэдэгдэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаар УИХ-аар хэлэлцэж, эргэн харах талаар Засгийн газрын шийдвэр гарсан тул далд уурхайн ажлыг зогсоолоо гэсэн. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
Оюутолгой
-Санал нийлдэг нийлдэггүй юм гэж байна. Гаргасан хүдрийн мөнгө эргэж яаж улсад маань орж ирэх вэ, хэдэн төгрөгөөр борлуулах гэж байгаа вэ гэх мэтээр олон асуудалд санал зөрөлдөж, зэсийн олборлолтоо хоёр ч удаа хойшлуулсан.
Бид зөвшилцөлд хүрч чадсан болохоор зэсээ экспортолж эхэлсэн. Ер нь бол УИХ, “Рио Тинто” компанитай холбоотой Засгийн газраас шийдвэр гаргаагүй. Ингэх эрх ч байхгүй.
Би Оюутолгойн удирдлагуудад хэлсэн. Манай тал, танай тал гэж байхгүй. Нэгэнт хамтраад ажиллаж байгаа бол хамтраад харилцан ашигтай ажиллая гэж хэлсэн.
-Гадаадын хөрөнгө оруулалт энэ жил маш ихээр буурлаа. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Өнгөрсөн жилийн сонгуулийн өмнөхөн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой стратегийн ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулах тухай хууль баталсан. Үүнээс үүдэж гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос үргэсэн тал бий.
Бид энэхүү алдааг засаад хуульд өөрчлөлт оруулсан. Төрийн өмчит болон хувийн хэвшил ялгаж заагаагүй байсныг бид ялгаатай байхаар оруулж өгсөн. Үүнээс гадна арга хэмжээ авах ёстой гэдэг дээр санал нийлж байна.
-Ам.долларын ханш чангарч байна. Үүнтэй зэрэгцээд томоохон банк дампуурч өөр банкинд нэгтгэгдлээ. Засгийн газраас валютын ханшийг тогтворжуулах талаар арга хэмжээ авах уу. Хадгаламж банкны асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
Хадгаламж банк
-Валютын ханшийг тогтворжуулах бол Засгийн газрын хийх ёстой ажил биш. Асуудлыг Монголбанк хариуцна. Инфляцийг нэг оронтой тоонд байлгах тал дээр анхаарал хандуулахыг бид үүрэгдсэн.
Тэд үүндээ хүрэхийн тулд тодорхой арга хэмжээ авна байх. Хадгаламж банкны тухайд бид мөн л оролцоод шийдвэр гаргах ёсгүй. Зээлийн хэмжээ, эрсдэлтэй төвшинд хүрсэн тул өөр банкинд нэгтгэхээс өөр аргагүй болсон гэсэн.
Монголбанк хуралдаад Төрийн банкинд нэгтгэхээр шийдвэрлэсэн. Найдваргүй зээлээ Монголбанк өөртөө аваад, үлдсэн зээлийг Төрийн банкинд нэгтгэсэн юм билээ. Ямар нэг эрсдэл гарахгүй байх гэж бодож байна.
-“Эрдэнэс-Тавантолгой” компани дампуурлын ирмэг дээр ирсэн гэж ярих боллоо. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Дампуурахдаа хүрвэл “Эрдэнэс-Тавантолгой” компани аль эрт дампуурчихсан. Нүүрсээ гаргаагүй байхдаа зараад иргэн бүрт 20 мянган төгрөг тараагаад өгчихсөн. Харин тэр дампуурлыг бид багасгаж байна. Анх 350 сая ам.долларын өртэй байсан.
Дампуурахдаа хүрвэл “Эрдэнэс-Тавантолгой” компани аль эрт дампуурчихсан.
Одоо 180 сая орчим ам.долларын өртэй болсон. Ямар ч байсан хасахтай нь хасахтай, гэхдээ арай бага хасахтай болсон гэсэн үг. Өнгөрсөн онд 2.5 сая тонн нүүрс гаргаж байсан.
Харин энэ жилийн эхний долоон сарын байдлаар 2.5 сая тонн нүүрсээ олборлочихсон, гаргаж амжаагүй байна. Яагаад гэхээр өмнө нь Тавантолгойн нүүрсийг цагаан хаданд буулгаж, тэндээс нь хятадын жолооч нар дахин ачиж, хил гаргадаг байсан.
Харин одоо үүнийг бид хятадын талтай ярилцаад, шууд хил гаргаж байхаар болсон. Тэгэхээр монгол жолооч нар Хятадын хил гарахаар болж байгаа юм. Үүнтэй холбоотой асуудлыг удахгүй шийдвэрлэх юм.