УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2013.06.19

Ч.Улаан: Сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засаг идэвхжинэ

Сангийн сайд Ч.Улаантай Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг эхний хагас жилийн байдлаар ямар төвшинд гарахаар байна вэ?

-Оны эхний хагас жил ихээхэн онцлогтой байдаг. Энэ үед эдийн засгийг идэвхижүүлдэг бүх үйл ажиллагаа эхэлдэг ч үр дүн нь хараахан гарч амждаггүй. Эхний хагас жилийн байдлаар эдийн засаг руу идэвхтэй хөрөнгө оруулалт хийлээ.

Хэдийгээр улсын төсвийн орлого тасалдаж байгаа ч “Чингис”, Хөгжлийн банкны бонд болон эдийн засгаар төсвийг маш их дэмжсэн. Энэ ажлын хүрээнд томоохон төслүүд амжилттай хэрэгжиж эхэллээ. Эхний хагас жилийн үр дүн оны сүүлийн хагаст гарах юм.

Он гарсаар эхний зургаан сарын байдлаар төсвийн бүрдүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хараахан хүрэхгүй байгаа. 70 орчим хувийн биелэлттэй явж байна. Харин улсын төсвөөс олгох ёстой нийгмийн халамж, цалин, тэтгэврийн, орон нутгийн хөгжлийн санд өгөх санхүүжилт, тусгай шилжүүлгийг бүрэн өгсөн.

Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс орон нутгийг, ард иргэдийг дэмжих санхүүжилт саадгүй гарсан. Хөрөнгө оруулалтын санхүүжилт удаашралтай бай­гаа. Зураг төсөл нь бэлэн болоогүй, тендер зарлагдаж гүйцэтгэгч нь шалгараагүй гэх шалтгаанаар олон төсөл санхүүжилтээ авч чадаагүй.

Энэ ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар 14 хоног тутам ярьж байгаа. Хуулийн хүрээнд бололцоотой зохицуулалтыг хийж байна. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөрөнгө оруулалтын санхүүжилт 10 гаруй хувиар илүү байгаа ч төлөвлөсөн хэм­жээнээс харьцангуй доогуур юм.

-Сонгуулийн дараа э­дийн засаг уналтад орно хэ­мээн зарим эдийн засагч дүг­­нэсэн байна лээ. Эл сал­ба­­рыг толгойлж байгаа хү­ний хувьд энэ талаар та албан ёсны байр суурь илэрхийлэхгүй юу?

-Үүнийг би сонгуулийн үеийн улс төржсөн мэдэгдэл гэж хэлье. Сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засаг идэвхжинэ. Яагаад гэвэл, эдийн засаг руу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ.

Хамгийн наад захын жишээ гэхэд “Өргөө” кино театрын урд байгаа замын уулзвар ашиглалтад орчихлоо. Энэ жил Улаанбаатарт 33 замын уулзвар ашиглалтад орно. Орон нутагт ч олон төсөл хэрэгжиж эхэллээ. Тиймээс оны сүүлийн хагас жилд Монголын эдийн засаг унаж, саарах биш эрчимжинэ.

-Гадаадын хөрөнгө оруу­лалт 70 хувиар буурсан нь Монголын эдийн засгийн нөх­цөл байдалд хамаатай. Гэтэл эдийн засаг өсч байгаа гэж яриад байна. Ер нь, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд манайх ямар ажил хийж байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруу­лалт буурч байгаа нь үнэн. Юунаас болж буурсан талаар бид дүгнэлт хийж байна. Гадаадын хөрөнгө оруулалт харилцан ашигтай байвал бид бүх талаас нь дэмжинэ. Энэ нөхцөл хангагдахгүй бол бид гадаадын хөрөнгө оруулалтын төслийг тусгайлан авч үзэж хянана.

Уг үйл ажиллагаа явагдаж байгаа учраас зарим нэг хөрөнгө оруулагчид болгоомжилж байхад нөгөө хэсэг нь итгэж ядаж байна. Цаашид энэ байдал үнэн зөвөөр ойлгогдож харилцаа идэвхжих нь дамжиггүй юм. Шинэчлэлийн Засгийн га­зар бололцоогоороо ажил­лаж байна.

Улсын төсвийн орлого тасалдаж байгаа ч “Чингис”, Хөгжлийн банкны бонд болон эдийн засгаар төсвийг маш их дэмжсэн.

Хөрөнгө мөн­гө хүрэлцэхгүй биднийг хүнд­рэл бэрхшээл, сорилттой тулгаж байгаа нь үнэн. Энэ байдлаас гарахыг хичээж байна. Тухайлбал, бид санхүүгийн дотоод зах зээлийг эрчимжүүлэхийн тулд маш том алхам хийлээ. Таван жилийн хугацаатай 160 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон.

Банкууд энэ ажилд маш идэвхтэй оролцож, 600 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах боломжтой гэсэн санал ирүүлсэн. Таван жилийн хугацаатай гаргах уг бондын Засгийн газар тогтоосон дундаж хүү 10 хувь байхаар тодорхойлсон. Энэ ч утгаараа Монголын эдийн засаг эрчимжих бодитой үндэс тавигдаж эхэллээ.

-“Чингис” бондын эх­ний зургаан сарын хүүг Монголбанкнаас төлсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Энэ үнэн бол хэчнээн төгрөг төлсөн бэ?

-Монголбанкнаас 38 тэрбум төгрөгийн хүү төлсөн. Хүүг графикийн дагуу төлж эхэлсэн гэсэн үг. Бид дэлхийн зах зээлээс маш хямд үнэтэй мөнгө татаж авч дотооддоо ашиглаж байгаа. Бондыг байршуулан ашиглаж байгаа нь Монголбанк учраас эхний төлбөрийг тус банк хийсэн юм. Цаашид хагас жил тутам хүүний төлбөрийг саадгүй төлөөд явна.

-“Чингис” бондыг төлөөд дуусахад Монгол Улсад ямар бүтээн байгуулалт, үр өгөөж үлдэх вэ?

-Маш энгийнээр дүгнэхэд Монгол Улсын 18 аймаг нийслэлтэйгээ засмал замаар холбогдоно. Ингэснээр хот хөдөөгийн хөгжлийн ялгаа эрс багасна. Хоёрдугаарт Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхий дахинд гаргахад саадгүй хүргэх төмөр замын сүлжээтэй болж, далайд гарах шинэ гарцтай болно.

Эрчим хүчээр өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хүчин чадалд хүрнэ. Оюутолгой, Тавантолгойн ор­дыг ашиглах дэд бүтцийн сүлжээг бий болгох, Монгол Улсын эдийн засгийн хурд эрс нэмэгдэнэ гэх мэт олон давуу талтай. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлээс манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай болох юм.

-Оюутолгойн хувь ний­лүүлэгчдийн хурал ямар шатандаа явж байна вэ?

-Оюутолгойн хувь ний­лүүлэгчдийн болон ТУЗ-ийн хурал үргэлжилж байна. Асууд­луудаа нарийвчилж ярил­цаж байгаа. Санхүүгийн нарийвчилсан баримтын шал­галт хийгээд дуусч байна.

-Оюутолгой энэ сарын 21-нд зэсийн баяж­ма­лаа гаргана. Хувь ний­лүү­лэгчдийн хурлаас ямар нэг шийдвэр гараагүй байхад баяжмал гаргаж байгаа нь зөв юм уу?

-Уг нь баяжмал үйлдвэрлээд гаргах нь хувь нийлүүлэгчдийн хурлаас хамаарч саатах асуу­дал биш. Хуулийн хү­рээнд үйл ажиллагаагаа зо­хион байгуулаад гаргасан бү­тээг­дэхүүнээ экспортлох бүх болол­цоогоор бид хангасан.

Гагц­хүү Монгол Улсаас байга­лийн баялаг экспортод гарвал түүний орлого нь Монголын аль нэг арилжааны банкаар дамжин бүртгэгдэж гүйлгээ нь явагдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, баялаг экс­портод гарч мөнгө бол­лоо. Тэр нь Монгол Улсад бүрт­гэгдэх ёстой.

Үүний дараа дахин хуваарилалт хийгдэхийг бодлогоор зохицуулах ёстой юм. Тиймээс Оюутолгойн баяжмалаа үйлдвэрлэх, экс­портод гаргах асуудал хувь нийлүүлэгчдийн хурлаас болж саатаагүй.

-Өмнөд хөршийн “Чал­ко” компанид өгөх 350 сая ам.долларыг энэ жил барагдуулна гэж зарим хэв­лэ­лүүдэд бичсэн гарсан байна лээ. Энэ мэдээлэл үнэн үү. Хэрэв бараг­дуулахаар бол улсын төсөвт хэр ачаалал ирэх вэ?

-Улсын төсөвт маш их ачаалал ирнэ. Түүнийг даах чадвар бидэнд байхгүй. Тий­мээс яриа хэлцлийн журмаар хэн хэндээ харилцан ашигтай шийдэх ёстой. Үүний дүнд тохиролцоонд хүрэх учиртай. 

-УИХ-ын гишүүн Ё.От­гон­баярын эхнэртэй хол­боотой хэрэг олны ан­хаарлыг татаж байна. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл надад алга. Хууль хяналтын байгууллагынхан үнэн мөнийг нь тогтоох байх. Эдийн засагтай холбоотой хэрэг сүүлийн үед ар араасаа гарч байгаад би туйлын их харамсч байгаа. Хуулиа дээдэлж, төсвийнхөө сахилгыг чанд сахин шударгаар ажилласан бол ийм байдал гарахгүй байсан. Буруутай эздэд нь тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх үүрэгтэй.

-Мөнгө угаах тер­ро­ризмтэй тэмцэх ту­хай хуу­лийг саяхан баталсан. Хуульд 20 саяын бос­гыг хэвээр үлдээсэн. Нөгөөтэйгүүр хар дансанд орох­гүйн тулд “түүхий” хууль баталчихлаа гэх нэг нь ч байна.

-Ямар ч алдаагүй хууль батална гэж байхгүй. Хууль бодитой, амьд, тухайн нөхцөл байдалдаа тохирч шинэчлэгдэж байх учиртай. Энэ хуулийг шүүмжлэхээс илүүтэйгээр бага хэмжээгээр мөнгө угааж болдог, их хэмжээгээр угаавал хорьдог байж болохгүй гэдгийг хэлье. Тэр утгаараа 20 саяын босго тохирсон хэмжээ гэж үзэж байна.