Л.Болд олон улсын тулгамдсан асуудлаар ярилцав
Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Радослав Шикорскитэй уулзав
2013.01.23

Л.Болд олон улсын тулгамдсан асуудлаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Радослав Шикорски нар албан ёсны  уулзалт хийв. Уулзалтаар Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөн ярилцсан бөгөөд ялангуяа Польшийн ДТГ-ыг Улаанбаатарт эргэн нээх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав. Мөн уулзалтын үеэр Польшийн Гадаад хэргийн сайд энэ оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах АОХН-ийн Сайд нарын бага хуралд оролцохоо албан ёсоор мэдэгдэв. 

Түүнчлэн НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд  хоёр орон бие биенээ харилцан дэмжиж ажиллах талаар ярилцан тохиролцохын зэрэгцээ бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сайд Л.Болд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскитэй хийсэн албан ёсны хэлэлцээ, Ерөнхий сайд Доналд Туск болон Польшийн ардчилал, эв санааны нэгдэл “Солидарношч” хөдөлгөөний домогт удирдагч Ерөнхийлөгч асан Лех Валенса-тай хийсэн уулзалт, Монгол, Польшийн бизнес форум болон Варшавын Их сургуульд зохион байгуулсан арга хэмжээнд тус тус оролцов.