УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.05.06

Миний шүүмжилж байсан сайдын сейфнээс 400 цэцэрлэгийн мөнгө гарсан

Aravt.mn сайтын “Аминчхан 10 асуулт” ярилцлагын цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

Оюу толгой компанийг Гаагийн шүүхэд өгсөн байгаа. Энэ асуудал юу болж байгаа вэ?

Оюу толгойн тал дээр Монголчууд бид нэгдсэн байр суурьтай болсон. Энэ гэрээнд Монголын эрх ашиг байхгүй байна. Монголын талаас гэрээ хийсэн хүмүүс дэндүү хямдхан худалдчихсан юм биш үү гэдэг зүйлийг л ярьж байгаа.

Олон улсын Гаагийн шүүхэд өгсөн шалтгаан нь 1803 гэдэг НҮБ-ын шийдвэр байдаг. Үүнийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Хоёрт гэвэл тэгш эрхийн шударга зарчим дээр гэрээ хийгдээгүй.

Хэрхэн шийдвэрлэх бол?

Ямар шийдвэр гарахыг таах аргагүй. Бидний эрх зөрчигдсөн гэж үзсэн учраас асуудлыг тавьсан нь бидний ажил.

Зарим улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Оюу толгойн гэрээ байгуулахад гар бие оролцсон хүмүүст хариуцлага тооцох асуудал ярьж байна?
Тэмцээд ялагдаж болно Тэмцэхгүй бол аль хэдийн ялагдсан байдаг.

Чонотой нийлсэн ноохой, чононоос долоон дор байдаг. Ёс зүйн хувьд унасан хүнийг дэвсэх тийм байна. Миний хүмүүжил тийм биш. Шийдэх ёстой байгууллага нь шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр бие даагч гишүүний хувьд таны байр суурь?

Би иргэний эрүүл мэндийн даатгалын хууль, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өргөн барьсан байгаа. Төмрийн хүдрийн нойтон баяжуулалтын үйлдвэр бүтээн байгуулалтыг дэмжээд явж байгаа. Энэ гурван зүйл дээрээ төвлөрөөд явж байгаа үед өөр зүйл бодох сөхөөгүй байна.

Энэ жил Эрүүл мэндийн ямар шинэчлэл хийх вэ?

Би эрүүл мэндийн шинэчлэлийг дөрөв таван жилийн өмнөөс ярьж байгаа. Энэ тендерийн яам болчихлоо. Бид бие биедээ хайртай хамаатан садангийн тогтолцоон дээр эрүүл мэндийн тогтолцоо явж байна.

Миний шүүмжилж байсан сайдын сейфнээс 400 цэцэрлэгийн мөнгө гарч ирсэн. Бидний эрүүл мэндийн даатгалын мөнгөн дээр улстөрчид найрлаж байна.