Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён У Бангуод бараалхлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуод бараалхав
2013.02.01

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён У Бангуод бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуод бараалхлаа.

Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Э.Дөлгөөн, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа,

хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар оролцлоо. Хятадын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, Шэнь Чунь-яо, БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, Худалдааны дэд сайд Жун Шань, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун нарын албан ёсны төлөөлөгчид байлцлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён У Бангуотой танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, түүний айлчлал Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын парламент хоорондын харилцааг лавшруулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Харин ноён У Бангуогийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд олон жилийн турш ихээхэн үүрэгтэй ажиллаж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, БНХАУ-ын Ерөнхий сайд ноён Вянь Зябогийн мэндийг дамжууллаа. Монгол Улсад анх удаа айлчлан ирсэн тэрбээр манай орны эдийн засаг идэвхтэй хөгжиж буйг нүдээрээ харж, бахархаж байгаагаа хэлээд “Монгол Улс бол Хятадын чухал хөрш мөн. Манай хоёр улс их бүтээн байгуулалт, шинэ хөгжлийн гараан дээр байна. Монгол Улс байгалийн баялаг ихтэйгээрээ давуу талтай бол манай Хятад улс хөрөнгө, техникийн хувьд

боломжтой. Тиймээс бид худалдаа эдийн засгийн салбарт нягт хамтран ажиллаж, илүү их амжилт олох боломжтой” гэлээ. Түүнчлэн, Монгол Улсын төлөвлөж байгаа томоохон бүтээн байгуулалтад Хятадын нэр нөлөө бүхий томоохон компаниудыг оролцуулахад бэлэн байгаагаа илэрхийлээд, харин хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн үндэс нь хэн хэндээ тодорхой, тогтвортой байх нь чухал гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо хэллээ.

Монгол Улсын үе үеийн Засгийн газар БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирснийг Н.Алтанхуяг сайд тодотгов. Түүнчлэн, хоёр орны харилцаа эдүгээ стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байна гээд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах ньхамтын ажиллагааны тогтвортой хөгжилд чухал үүрэгтэйг онцолсон.

Ерөнхий сайд “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нөөц боломжих байна. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуйн салбарт бид өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой” гэж хэллээ