Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн Төрийн айлчлал
2013.02.01

Монгол, Польш улсууд түүхэн холбоотой

Бүгд Найрамдах Польш улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсад ажиллаж амьдарч, сурч буй иргэдтэйгээ уулзав. Польш Улсад одоогоор 1000 гаруй монгол иргэд аж төрж байгаагийн 300 шахам нь уламжлалт анагаахын чиглэлээр ажиллаж буй эмч нар юм. Мөн тус улсад Монголоос 200 гаруй оюутан их дээд сургуульд суралцаж байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Монголын онгоц анх удаа Варшавт газардаж, бид олуулаа ирлээ. Монгол, Польш улсууд түүхэн холбоотой. Анх найман зууны тэртээд 1241 оны тавдугаар сарын 9-нд Лигницэд монгол, польшууд нүүр учирч байсан. Энэ бол эндэх газар нутаг дээр болсон томоохон цэргийн урлаг шаардсан тулалдааны нэг байсан гэдэг. Үүнээс хойш польшчууд монголчуудыг мэддэг болсон. Хожим түүх улиран өнгөрч 1950 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа хөгжин хоёр улсын харилцаа,хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан юм.
Миний хувьд төдийгүй манай нөхдийн хувьд дурсгалтай сайхан зүйл бол 1989 оны сүүлээр Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөж, тэнд оролцож явахад, Польшид өрнөсөн ардчилал, эрх чөлөөний төлөөх хөдөлгөөнийхөнтэй холбоо тогтоохыг үргэлж эрмэлздэг байсан. Ер нь Польшийн ард түмний байгуулсан гайхамшигтай гавъяа бол хүн төрөлхтөний нэн шинэ түүх, ХХ зууны түүхийг өөрчлөхөд хамгийн их хувь нэмэр оруулсан ард түмэн юм. Хүн эрх чөлөөтэй, сайн сайхан амьдрах боломжийг дэлхийн бөмбөрцгийн нэгэн хагаст олгох үйлсийг эхлүүлсэн, цуцалтгүй тэмцэж ирсэн ард түмэн бол Польшийн ард түмэн. Ийм учраас бид үнэт зүйл, зүрх сэтгэлээрээ холбоотой ард түмнүүд юм” гээд Монгол, Польшийн харилцааны талаар дэлгэрэнгүй ярилаа. Ерөнхийлөгч хэлэхдээ цаашид хоёр улсын хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт илүү түлхүү хамтран ажиллаж, оюутны тэтгэлэт хөтөлбөрүүдийг өргөжүүлэх ёстой гэлээ.
Дараа нь Ерөнхийлөгч Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал хийгээд сүүлийн үед өрнөсөн нөхцөл байдлын талаар иргэдтэйгээ ярилцаж санал солилцов.

Польшид амьдарч байгаа монгол иргэд Ерөнхийлөгчийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор уриалсан Монголчууд “Олуулаа болъё” уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлээд гадаадад мэндэлж буй хүүхдүүдийн хоёрдмол харъяалал, гадаадад ажиллаж байгаа судлаач эрдэмтдийн оюуны өмчийг баталгаажуулахтай холбогдсон асуудал, Монгол Улсад Польшийн ЭСЯ байгуулах эсэх, гадаадад амьдарч буй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал, оюутны тэтгэлгийн асуудал, Оюутолгойн гэрээний талаар болон Монголчууд соёлын өвөө хайрлан хамгаалах, өвлүүлэх, залуу үедээ таниулан сурталчлах зэрэг олон асуудлаар Ерөнхийлөчөөс асуулт асууж хариулт авлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч, Монгол Улс иргэдээ “гаргадаг” газар байсан бол одоо “ирүүлдэг” газар болно. Монгол хүн нэг нэгнээ дэмжих ёстой, Монгол Улс мөнгөний зовлонгүй болсон, бид олуулаа болохын тулд хамгийн түрүүнд монгол иргэд маань эрүүл саруул орчинд, хүүхүүд нь цэцэрлэг сургуультай, төрөх насны эмэгтэйчүүд нь нийгмийн болон ажил олгогчийн зүгээс дарамт шахалтгүй байж нийгмийн асуудлуудаа бүрэн шийдвэрлүүлэх ёстой гэлээ. Мөн Ерөнхийлөгч энэ үеэр эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог тууштай дэмжиж ирсэн, цаашид ч дэмжих болно гэдэгээ илэрхийлсэн юм.

 Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа  нар оролцож мэдээлэл хийсэн юм.