“Рио Тинто” Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоолоо
2013.07.31

Оюутолгойн далд уурхайн ажил зогслоо

Оюутолгой компани 1300 метрийн гүн дэх далд уурхайн бүтээн байгуулалтаа түр хугацаагаар зогсоогоод байгаа. Ингэснээр тус төслөөс манай улсын төсөвт төвлөрөх хоёр дахь хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Монголын Засгийн газар болоод Рио Тинто групп хоорондын энэ үл зохицлыг түргэн арилахгүйгээс үүдэх эрсдэлүүдийг ажиглагчид ийнхүү нэрлэж эхэллээ.

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа: Ер нь компани, Засгийн газар хоёр бол нэг нь бизнесийн байгууллага, нэг нь ард түмний төлөөлөл. Энэ анх таван жил ярьж байж зөвшилцөн шийдвэр гаргасан. Түүнийг өөрчилж болох ч ахиад л ярьж хэлэлцэж байж шийднэ.

Оюутолгой

Гэхдээ гэрээ байгуулаад үр дүнг нь хараагүй байж өөрчилнө гэхээр нөгөө тал нь дурамчхан байна. Тэгэхээр хоёр талынхаа эрх ашгийг хүндэтгээд зөвшилцөлд хүрэх нь өөрөө тав, зургаан жилийн хэлэлцээрийн явцад хийгддэг ажил.

Тэгж шийдсэн бол дэлхий нийтийн жишгээр түүнийг бас тав зургаан жил мөрдөх шаардлага гарна. Анхны зургаан тэрбумыг гаргах шийдвэр гэрээ байгуулсны дараа гарсан.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан учраас эрх зүйн орчин тогтвортой болж, гэрээний хугацаанд тохирсон зүйлээ мөрдөх юм байна гээд тэр мөнгийг гаргаж байгаа. Тэр бол тийм бага мөнгө биш. Одоо хоёр дахь шатныхыг нь гаргана гэхээр гацчихаж байна гэлээ.

Монгол улсын төсөв бүрдүүлэлт 300 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Зэсийн үнэ буурч буй энэ цагт гол найдлага тавьж байсан Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсохоор монгол улсын төсөв бүрдүүлэлт хүндрэх өндөр эрсдэл байгааг эдийн засагчид тооцоолжээ.