Д.Ганхуяг: Олборлогчид алтаа монголбанкинд тушааж эхэлсэн
УИХ-ын намрын чуулган сар шинийн өмнөхөн завсарласан. Харин ирэх гуравдугаар сарын 20-нд ээлжит бус чуулган хуралдах тов гараад байгаа. Чуулган завсарласан энэ өдрүүдэд Төрийн ордон нам гүмхэн байна. Гишүүдийн зарим нь гадаадад яваа бол нэг хэсэг нь хөдөө орон нутагт ажиллаж буй юм. Тэгвэл УИХ-ын зарим гишүүд хаагуур, юу хийж амарч байгаа талаар тодруулснаа хүргэе.
-УИХ-ын чуулган завсарлалаа. Ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ. Уул уурхайн салбарт ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Уул уурхайн 2014 оны ажлын хөтөлбөр гарсан байгаа. Энэ онд 10 орчим төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаанд үүн дээрээ сууна. Ер нь бол графикийн дагуу ажил явагдана. Харин төсөл хөтөлбөрүүдээ ажил хэрэг болгохдоо цаг тухайд нь мэдээлэл хийнэ. Тухайлбал, нүүрс хийжүүлэх төсөл байна. Хүрэн нүүрсээр Монгол орон баян ч гадагш экспортолдоггүй учраас ийм төсөл санаачилсан. Хятад улсын тухайд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх цахилгаан станциудаа байгалийн хийгээр ажиллуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хурдацтай ажиллаж байна.
-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал бүтэн жилийн хугацаанд яригдсан ч тодорхой ахиц гарсангүй.
-Оюу толгойн хувьд ил уурхайн баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл явагдаж байгаа. Далд уурхайн санхүүжилтийн асуудлыг компанийнхан шийдвэр гүйцэтгэх байгууллагаараа шийдэх ёстой. Асуудлыг шийдэхээр гэрээ хэлэлцээр явагдаж байна. Тооцоо томьёолол хийж дараагийн санхүүжилтийг хийхээр ажиллаж байгаа. Бас Таван толгойн асуудал гэж бий.
Бид стратегийн хөрөнгө оруулагчдыг шийдэх ёстой. Асуудлыг хурдан шийднэ. Таван толгой өртэй байгаа. Өрийг нь 2013 онд багтаан төлж дуусгах байсан ч амжаагүй. Өрнөөс гарах хэмжээний нүүрсийг олборлочихсон байна. Нийт өрийн гуравны нэг нь үлдсэн.
-Ашигт малтмалын тухай хууль өөрчлөгдөж олборлосон алтаа эх орондоо үлдээх хөшүүргийг хийлээ. Ингэснээр эдийн засагт ямар дэвшил гарах юм?
-Бид алтаа төгрөгөөр худалдаж авна. Нөөцөлнө. Алтны нөөцтэй болно гэдэг шууд гадаад валюттай болсон гэсэн үг. Гадаад валютын нөөц их байна гэдэг ханш тогтвортой байхын илэрхийлэл. Хууль мөрдөгдөж эхлэхэд үр дүн гарна. Одооноос эхлээд олборлогчид алтаа Монголбанкинд тушааж эхэлсэн гэсэн мэдээлэл ирсэн.