Я.Содбаатар: Ерөнхий сайд огцрох өргөдлөө өөрөө оруулж ирэх ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.10.02

Я.Содбаатар: Ерөнхий сайд огцрох өргөдлөө өөрөө оруулж ирэх ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулганы эхэнд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг хэлэлцэнэ. Энэ асуудалд бодлогоо тодорхойлсон ч УИХ-ын гишүүд зөвшилцөлд хүрэлгүй нэлээд удлаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдсан. Энэхүү баримт бичгийн хэрэгжилтийг хэрхэн хангах вэ гэдэг нь УИХ гэхээсээ илүү Засгийн газрын асуудал. Тэгэхээр Засгийн газар УИХ-аас баталж өгсөн хууь тогтоомжийг хэрэгжүүлж, хэрэгжилтийн байдлыг УИХ-д мэдээлэх ёстой.

Гэтэл Засгийн газар дотор үл ойлголцол байна. Дотроо эдийн засаг, фракц, улс төрийн бүлэглэлүүдийн зөрчил үүсч, үл ойлголцолд хүрснээр энэ ажил явахгүй байна гэж харж байгаа. Одоо царигийн асуудал яригдана. Царигийн асуудал бол технологийн асуудал. УИХ дээр улс төржүүлж, зөрчилдөөн болгоод байх асуудал биш юм.

-Царигийн асуудал дээр нэлээд маргаан үүсээд байгаа шүү дээ?

Царигийн асуудлыг тийм чухал асуудал гэж би ойлгохгүй байгаа. Учир нь энэ бол технологийн асуудал. Төмөр замын мэргэжилтнүүдийн хүрээнд нийгэм, эдийн засгийнхаа амьдралтай шийддэг. Ингээд эдийн засгийн тооцоо үр дүнд шийддэг асуудал. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд аль нь ашигтай байна, технологийн хувьд алийг нь хийх боломжтой байна гэдгээр нь шийдээд явдаг.

Учир нь усан онгоцны ахмад өөрөө үлдээд, бусад хүмүүсээ ус руу шидэж болохгүй шүү дээ. 

Улс орон бүрт  цариг  янз бүр байгаа. Үүнээс болоод гоеполитикийн асуудал үүсээд байх юм байхгүй. Харин хамгийн гол нь царигаар дамжаад хил гарсны дараа далайд гарах, боомтод хүрэх, гуравдагч оронд төмөр замын гарцтай болох транзит тээврийн асуудлыг бид яаралтай шийдвэрлэсний дараа энэ асуудал өөрөө тодорхой болно. Энэ утгаараа хамгийн гол нь Засгийн газар дотор үл ойлголцол байгаа нь энэ асуудлын гацаа болж байна.

-Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Удахгүй УИХ-д өргөн барих байх. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг та хэрхэн харж байна?

Ерөнхий сайд бүтцээ өөрчилнө гэдгээ мэдээлсэн. Нийгэмд ч нэлээд хүлээлт байх шиг байна. Ерөнхий сайд бүтцэд өөрчлөлт оруулах тогтоолын төслийн хамтаар өөрийнхөө огцрох хүсэлтээ өргөн барих байх гэж харж байгаа.

Учир нь усан онгоцны ахмад өөрөө үлдээд, бусад хүмүүсээ ус руу шидэж болохгүй шүү дээ. Энэ данхар бүтэцтэй Засгийн газар ажиллаж чадсангүй гэдэг дүгнэлтийг Ерөнхий сайд өөрөө хийлээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд хамгийн түрүүнд өөрийнхөө огцрох өргөдлийг оруулж ирэх байх.

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өнөө, маргаашгүй хэлэлцэнэ. Зарим гишүүд Засгийн газрын бүтэцтэй хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна?

Энэ бол Засгийн газрын бүтэцтэй холбоогүй. Энэ зөвхөн хариуцлагын асуудал. Тиймээс тусдаа хэлэлцэх ёстой.

-Дараагийн Засгийн газар байгуулагдахад МАНАН үүснэ гэсэн яриа гарч байна?
Эрх баригч нам гэлтгүй томоохон улс төрийн хүчнүүд ширээний ард суугаад асуудлаа ярих цаг нь болсон.

2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам төр барих эрх авсан.  Тиймээс ч дараагийн Засгийн газрыг Ардчилсан нам толгойлно. МАН-ыг сөрөг хүчин болж, хяналт тавьж, алдаж байгаа үед нь засаж залруулж, ард түмний дуу хоолой болоорой гэж биднийг сонгосон.

-Хамтарсан Засгийн газар байгуулахгүй гэсэн байр суурьтай байгаа гэж ойлгож болох уу?

Нийгэм эдийн засаг, улс орны байдлыг авч үзвэл өнөөдөр хамтарна гэхээсээ илүү бодлогын томоохон асуудлыг шийдвэрлэх цаг нь болсон гэж харж байна. Тухайлбал, энэ удаагийн намрын чуулган дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээсэй.

Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явж байж улс төрийн зэлтэрийн гацаанаас гарах гарцыг бүгдээрээ сууж байгаад ярих ёстой. Эрх баригч нам гэлтгүй томоохон улс төрийн хүчнүүд ширээний ард суугаад асуудлаа ярих цаг нь болсон.

-Сөрөг хүчин улс төрд гацаа үүсгээд байгаа гэх шүүмж бас бий шүү дээ?

УИХ-д орж ирж буй Засгийн газрын бодлогыг бид бүх талаар дэмждэг. Харамсалтай нь боловсруулалт, тооцоо судалгаа дутуу, Монголын хөрсөнд буухгүй, эсвэл эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн захиалгат, гадныхны гар хөл орсон ийм шийдвэрүүд орж ирдэг. Бид үүнийг буцаадаг.

Тухайлбал, Газрын тухай хуулийн төсөл байна. УИХ-ын түвшинд энэ Засгийн газар хамгийн их дэмжлэг авч ажиллаж байгаа. Харамсалтай нь хэрэгжилтийг хангах талаар гэрийн даалгавар өгөөд гаргахаар дандаа D эсвэл F гэдэг дүн аваад байх юм. Тиймээс бид энэ Засгийн газартай хариуцлага ярих нь зөв.

-Таны хувьд зайлшгүй хэлэлцэх ёстой гэж үзэж буй хуулийн төсөл энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан болов уу?

Энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд миний хариуцаж буй хоёр асуудал бий. Үүний нэг нь Худалдааны тухай хуулийн төсөл. Анх удаа УИХ-д цөөнх суудалтай намын гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх гэж байх шиг байна.

Нөгөөх нь Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа. 20 жилийн дараа энэ салбарын асуудал хөндөгдөж байгаа учир энэ бол нэлээд томоохон баримт бичиг хэлэлцэгдэнэ гэж ойлгож байна. Ер нь энэ удаагийн намрын чуулганы гол хэлэлцэх асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал байгаасай гэж үзэж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг гараад, өөрчлөлт оруулах нь зөв юмаа гэсэн дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр энэ асуудал хэлэлцэгдэж байж эдийн засгийн гацаанаас гарна гэж харж байна.

-Энэ намрын чуулганаар Монгол Улсын төсвийг хэлэлцэнэ. Таны хувьд мөнгө санхүүгийн бодлогод ямар байр суурьтай байна вэ?

Монгол Улс гэдэг айл ирэх 2015 онд хэр хэмжээний хоол ундтай байх вэ, ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ гэдэг үндсэн бодлогын бичиг баримт шүү дээ. Харамсалтай нь сүүлийн үед Монголбанк, Засгийн газраас оруулж ирж байгаа төсөв мөнгөний бодлогын ихэнхи нь амьдралд нийцэхгүй, хууль зөрчсөн бодлого байгаа. Өөрөөр хэлбэл зарлага орлогын дүнгээ хүчээр нийлүүлсэн байгаа юм.

Тиймээс энэ парламент байгуулагдсанаас хойш 1-2 удаа төсвийн тодотгол хийдэг боллоо.

Тиймээс энэ парламент байгуулагдсанаас хойш 1-2 удаа төсвийн тодотгол хийдэг боллоо. Энэ нь нэг жилийн тооцоог төлөвлөж чадахгүй байгааг харуулж буй хэрэг. Энэ нь эдийн засаг өнөөдөр хүнд байдалд орсны эх сурвалж шүү дээ.

Ийм хүмүүс яаж Монгол Улсын 10, 20 жилийн нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлох юм бэ. Өнгөрсөн жил бид төсөв хэлэлцэх үеэр нэлээд шүүмжлэлтэй хандаж байхад бидний тэрхүү саналыг тусгаж авсан бол өнөөдрийн байдалд орохгүй байх байсан.