Дэлхийн тэргүүн хатагтай нар
Ардын мэргэн ухаанд эр хүн толгой бол эмэгтэй хүн мөр гэж сургасан байдаг. Тэгвэл ерөнхийлөгч хүний амжилт түүний улс төрийн бүх ажил хэрэгт тусалж, түшиж, бусад эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болж байдаг тэргүүн хатагтай нараас шалтггаална. Түүхэнд ч энэ мэт жишээ олон бий. Тухайлбал Хиллари Клинтон нөхрөө эрх мэдэлд хүрэхэд тусалж, Жаклин Кеннеди өөрийн гадаад төрх, нэр хүндээрээ нөхрийнхөө рейтингийг өсгөж байв. Харин Райса Горбачева ЗХУ-ын анхны ерөнхийлөгчийн насан туршийн үнэнч хань байв.
Ингээд зарим хамгийн нэр хүндтэй бөгөөд царайлаг тэргүүн хатагтай нарын талаар товчхон өгүүлье.
АНУ. Мишель Обама.
Мишель Обама
АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгчийн гэргий Мишель Обама нь сэтгүүлчдийн үзэж буйгаар орчин үеийн хамгийн нөлөө бүхий тэргүүн хатагтай аж. Хатагтай Обама хоёр ч удаа нөхрийнхөө сонгуулийн компанит ажилд багагүй үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр өөрийн өө сэвгүй гадаад төрх, америкийн шилдэг дизайнеруудын хийсэн хувцаснаас гадна улс төрийн амьдралд идэвхтэй оролцдогоороо олны анхаарлыг татдаг. Түргэн хоолны үйлчилгээ хөгжсөн Америкт Мишель Обама эрүүл хооллолтыг сурталчилдаг. Хүнсэндээ хүнсний ногоо ахиу хэрэглэж, спортоор хичээллэхийг ард түмэндээ уриалдаг.
Тэр Цагаан Ордны орчим зассан ногооныхоо талбайг байнга арчилж, телевизийн шоуны үеэр гар дээрээ суниаж спортоор муугүй бэлтгэгдсэн гэдгээ харуулсан Түүнчлэн түүний хийсэн бүжиг интернетэд хит болж байна. Эцэст нь хэлэхэд Мишель Обама нь АНУ-ын түүхэн дэх цорын ганц хар арьст тэргүүн хатагтай.
Франц. Валери Триервейлер
Валери Триервейлер
Хэдийгээр Валери нь өмнөх тэргүүн хатагтай Карла Брунид царай зүсээрээ эн зэрэгцэхгүй ч түүнд өөр олон давуу тал бий. Авьяаслаг сэтгүүлч, гурван хүүхдийн эх тэрээр одоогийн ерөнхийлөгч Франсуа Олландтай 2008 онд танилцжээ. Хосууд удаан хугацаанд бусдын нүднээс нуугдсан. Харин одоо түүний нэр олонд дэлгэгдсэн ч ерөнхийлөгчтэй албан ёсоор гэрлээгүй байна. Магадгүй хурим хийх зав ч гарахгүй байгаа юм билүү. Ажиглагчдын үзэж буйгаар Валери Олландыг засгийн эрхэнд гарахад их тус болжээ. Валери бүтэн жилийн турш компанит ажлыг удирдсан. Харин одоо бараг ерөнхийлөгчийн тэргүүн зөвлөх гэж хэлж болно. Жинхэнэ дайчин “найз охин” гэж энэ дээ.
Азербайджан. Мехрибан Алиева.
Гейдар Алиев болон түүний гэргий Мехрибан Алиева
Алиева анагаахын сургуулийн оюутан байхдаа ирээдүйн ерөнхийлөгчтэй хувь заяагаа холбожээ. Одоогийн ерөнхийлөгч эхнэрийнхээ ачаар ийм амжилтад хүрсэн гэж ярих нь олонтаа. Тэргүүн хатагтай нэгэн ярилцлагадаа “Би Гейдар Алиевтай 20 жил амьдарсан. Манай гэр бүл жаргалтай, зовлонтой бүх жилүүдэд хамт байж ирсэн” гэж ярьжээ.
Алиева юм болгоныг амжуулдаг. Гурван хүүхдийн ээж, нийгмийн зүтгэлтэн, НҮБ болон ЮНЕСКО-гийн сайн санааны элч, түүнчлэн ерөнхийлөгчийн нэрэмжит сангийн тэргүүн. Түүнээс гадна Азербайджаны тэргүүн хатагтай гадаад төрхийн хувьд ч өө сэвгүй. Эдүгээ 48 настай ч формаа алдаагүй, түүний өтгөн урт үсэнд олон эмэгтэй атаархдаг.
Их Британи. Саманта Кэмерон.
Дэвид Кемэрон гэргий Саманта Кемэроны хамт
Их Британчуудад Ханхүүгийн гэргий гүнж Кэтрин байгаа ч албан ёсны тэргүүн хатагтай нь ерөнхий сайд Дэвид Кэмероны гэргий Саманта юм. Ерөнхий сайд ардчилсан үзэлтэй, даруухан амьдардагт нь ард түмэн сайн амтай. Заримдаа метрогоор явах юмуу эсвэл дугуйгаар ажилдаа явах нь ч бий. Амьдралын иймэрхүү хэв маягийг гэргий нь дэмждэг.
Кэмероны гэргий Саманта ямар ч хувцсыг өөртөө зохицуулан өмсч чаддаг нь гайхалтай. Олны өмнө тэрээр голдуу даруухан хувцастай гарч ирдэг ч сэтгүүлчид түүнийг дэлхийн хамгийн стиллэг тэргүүн хатагтайгийн нэгээр шалгаруулжээ. Энгийн сонгогчдод ч энэ нь таалагддаг. Тэгээд ч британичууд ерөнхий сайдынх нь гэргий үрэлгэн байхад тун дургүй.
Сири. Асма Асад.
Асма Асад
Ихэнх тэргүүн хатагтай нараас ялгаатай нь Асма Асад улс төрөөр хол байдаг. Сирийн ерөнхийлөгч Башар Асадын гэргий Сирийн угсаа гарвалтай ч үнэндээ Европ маягийн бүсгүй. Тэрээр Лондонд төрж, тэндээ дээд боловсрол эзэмшжээ. Мөн АНУ-д санхүүгийн том компанид ажиллаж байсан бөгөөд дараа нь Сирид ирээд ерөнхийлөгчийн эхнэр болжээ.
Башар Асадын гэргий хэзээ ч араб хувцас өмсдөггүй бөгөөд үүгээрээ улс оронд эрх чөлөө цэцэглэж байгааг онцолдог. Эдүгээ гурван хүүхэдтэй. Заримдаа нөхрөө дэмжиж ухуулгын рекламанд зургаа авахуулах нь бий.
БНХАУ. Пэн Лиюань.
Си Цзиньпиний залуу гэр бүл
Хятадын тэргүүн хатагтайн талаар ярих зүйл багагүй. Нэгдүгээрт өмнөх тэргүүн хатагтай нараас аль нь ч олонд царайгаа харуулж, албан ёсны арга хэмжээнүүдэд оролцож байгаагүй. Хоёрдугаарт Николи Саркозийн гэргий Карла Брауны адилаар Пэн Лиюань төрийн ажил хийхээс гадна шоу бизнест амжилттай ажилладаг. Хятадад нэг ч шинэ жилийн цэнгүүн тэргүүн хатагтайгүйгээр эхлэхгүй. Эдүгээ 50 нас хүрсэн Пэн цэргийн баазуудаар олонтаа явж яриа илтгэл хийдэг байна.
Хятад эмэгтэйчүүд тэргүүн хатагтайн стилийг дуурайх нь олонтаа. Тэргүүн хатагтайн өмссөн хувцас болгонтой ижил хувцсууд дэлгүүрийн лангуунаас тэр дороо алга болдог.
Гүрж. Сандра Рулофс.
Сандра Рулофс
Гүржийн экс ерөнхийлөгч Саакашвиллийн гэргий Сандра Рулофс Голланд гаралтай бөгөөд нөхөртэйгээ Страсбургийн их сургуульд багш байхдаа танилцжээ. Тэр үед Саакашвили том улс төрч байгаагүй учраас нэр хүндэд нь болж гэрлэсэн гэж хэлж болохгүй. Тэрээр нөхрөө даган Европыг орхиж Тибилист иржээ. Нөхрийнхөө төлөө нэлээд хэцүү гэгддэг гүрж хэл сураад зогсоогүй үнэн алдартны шашинтай болжээ.
Сандра олон талын авьяастай. Тэр таван хэлээр ярьдаг, төгөлдөр хуур сайхан тоглодог, эрх зүйн талаар гүнзгий мэдлэгтэй, анагаах ухаан судалдаг. Гэхдээ Сандра улс төрөөс хол.
Япон. Акиэ Абэ.
Акиэ Абэ
Японы хоёр удаагийн ерөнхий сайд Синзо Абэгийн гэр бүлийг хамгийн хаалттай гэр бүлийн нэг гэж хэлж болно. Тэдний гэр бүлийн амьдрал хэзээ ч олонд дэлгэгдэж байгаагүй. Гэсэн хэдий ч Акиэ Абэ япончуудад ч гэсэн тэргүүн хатагтай гэж байдаг тухай сануулахыг оролдож байв. Хэд хэдэн удаа Япон дахь амьдралын уламжлалт хэв маягийг халах хэрэгтэй, япон эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй гэсэн утгатай мэдэгдэл хийж байв. Акиэ япон гэхээсээ илүү европ стилийн хувцас сонирхдог.
Акиэ радиод диджегээр ажиллаж байсан сонирхолтой баримт бий.
Франц. Карла Бруни.
Карла Бруни
Францын 23 дахь ерөнхийлөгч Николи Саркозын гурав дахь эхнэр. Саркозитай танилцахаасаа өмнө загвар өмсөж дуулдаг байв. Дэлхийн хамгийн үнэтэй хорин загвар өмсөгчийн тоонд орж нэг биш удаа нүцгэн зургаа авахуулж байжээ. Саркозитай 2007 онд нэгэн үдэшлэг дээр танилцсан бөгөөд Саркози эхнэрээсээ салаад удаагүй байсан аж.
Дөнгөж жилийн дараа Саркози сүй тавьж Карлатай хуримлав. Францын түүхэнд анх удаа ерөнхийлөгч хүн гэрлэв. 2011 онд Джулия нэртэй охин төрлөө. Карла бас нэг дагавар хүүтэй.