С.Бямбацогт гишүүн иргэдийн бодит орлогыг дэмжсэн хуулийн төсөл санаачилжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.10.06

С.Бямбацогт гишүүн иргэдийн бодит орлогыг дэмжсэн хуулийн төсөл санаачилжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад хүргүүлжээ.

Тэрбээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан 84000 төгрөгийн татварын хөнгөлөлтийн хэмжээг 232000 болгон нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачилсан байна. 

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, бага, дунд орлоготой иргэдийн орлого нэмэгдэх боломж бага, нөгөөтэйгүүр үнэ, ханшийн өсөлтөөс үүдэн худалдан авах чадвар нь илт буурч байгаа, цалин тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй энэ үед төрийн зүгээс иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр дэмжлэг болох үүднээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.

Татварын хөнгөлөлтийн хэмжээг 232000 төгрөг болгосноор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж буй иргэд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх боломжтой ажээ.

Тиймээс тус хуулийн 24.1-т заасан 84000 төгрөгийн татварын хөнгөлөлтийн хэмжээг өсгөх замаар иргэдийн гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Өөрөөр хэлбэл, энэхүү  татварын жилийн хөнгөлөлтийн хэмжээг одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүйгээр буюу 232000 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатай гэж С.Бямбацогт гишүүн үзжээ.

Татварын хөнгөлөлтийн хэмжээг 232000 төгрөг болгосноор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж буй иргэд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх боломжтой ажээ.   
     
Хөдөлмөрийн яамны мэдээгээр улсын хэмжээнд 1.1 сая гаруй идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 8.4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа гарчээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хамгийн багадаа 100 орчим мянган иргэний амьдралд бодитой хувь нэмэр оруулах юм байна.