Соёл иргэншлүүдийг оршуулдаг газар
Ирак болон Сирид олон соёл иргэншлийн хувь заяа шийдэгдэж байв
2014.10.12

Соёл иргэншлүүдийг оршуулдаг газар

Хүн төрөлхтөн удаан хугацаанд өөрийн түүхээ олон олон шийдвэрлэх тулааны үр дүн гэж үзсээр ирсэн. Өнөөгийн түүх маш олон хүчин зүйлээс шалтгаалах бөгөөд аль нь ч үйл явдлын эргэлтэд нөлөөлөх чадвартай. Ирак, Сири улсад тун эгзэгтэй үе ирээд байна.

Дэлхийн түүхэн дэх олон зуун мянган тулаанаас цөөхөн хэд нь түүхийн үргэлжлэлд нөлөөлж чадсан. Эдгээр цөөхөн тулаанаас ихэнх нь өнөөгийн Ирак, Сири улсын оршиж буй газар зүйн орон зайд болсон. Мэдээж дайны техник, стратеги, улс төр, геополитикийн хувьд олон өөрчлөлт гарсан. Гэхдээ одоо өрнөж буй мөргөлдөөн өмнө нь тус бүс нутагт болж байсан дайн тулаануудтай олон зүйлээр төстэй. Энэ газарт түүх нэг бус удаа чиглэлээ өөрчилж, соёл иргэншлүүдийг “нутаглуулах” газар болж байв.

Месопотами (Ирак), Сири, Ойрхи Дорнодыг багтаасан бүс нутаг нь Нил мөрний хөндий, Перс, Газар дундын тэнгис, Европ, Арабын хойг, Дундад Азийн олон соёл иргэншлийн огтлолцол дээр оршдог. Дээрх соёл иргэншлүүдээс аль нэг нь ноёрхолд санаархах үед зайлшгүй мөргөлдөөн гардаг байлаа. Кадешийн тулаанаар (МЭӨ 1294 онд) египтүүд болон хеттууд Сирид хяналтаа тогтоохын төлөө байлдаж байв. МЭӨ 331 оны Гавгамелын тулаанд Александр Македонский ялалт байгуулснаар персүүдийн 200 жилийн ноёрхол төгсгөл болж геополитикийн хүч эрс өөрчлөгдөв. Мөн 2067 жилийн өмнө Сирийн Каррахад ромчууд парфянчуудаас түүхэндээ хамгийн гутамшигтай ялагдлыг амссан. 636 онд арабын ертөнцийн дайчид Византын болоод Персийн эзэнт гүрнүүдийг оршуулж лалын шашныг Испаниас Хятад хүртэл түгээв. Харин 1260, 1281 онд Айн-Джалутад болсон тулаанаар мамлюкууд лалын ертөнцөд аюул учруулаад байсан Монголчуудын дарлалыг эцэс болгожээ. Чухам энэ бүс нутагт Загалмайтнуудын ариун газрыг эзлэх гэсэн олон зуун жилийн оролдлого бүтэлгүйтжээ.

Сирид хийсэн агаарын цохилт

Ирак, Сирид гарсан мөргөлдөөн тийм амархан шийдэгдэггүй. Түүгээр зогсохгүй цаашид удаан үргэлжлэх төлөвтэй, одоогоор хэн ч үйл явдал хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй байна. Түүхэнд том өөрчлөлт гаргах дайн ч болж мэднэ. Энэ бүгдийг “соёл иргэншлийн мөргөлдөөн” гэж хэлэхэд хэцүү ч “Лалын төрт улс” (Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Исламын улс” гэж нэрлэдэг) гэж өөрсдийгөө нэрлэсэн хөдөлгөөнийхөн соёл иргэншлүүдийг “мөргөлдүүлэх” бодолтой байгаа. Учир нь тэд колонийн эзэнт гүрнүүдийн зохиосон бүс нутгийн улсын хилүүдийг өөрчилж, геополитикийн хүчний дахин хувиарлалт хийх зорилготой. Халифатыг дахин байгуулах тухай яриа бол (Мустафа Кемаль Ататюрк нь Халифатын ёсыг халсан) лалынхан барууны шинэчлэлээс татгалзаж, лалын ертөнц нэгэн бүхэл соёл иргэншлийн үүрэгтэй байсан тэр үе рүү буцахыг тэмүүлж буйг гэрчилнэ.

Энэхүү том зорилгод хүрэхийн тулд ашиглаж буй арга хэрэгслүүд (терроризм, цааз, ухуулга, айлган сүрдүүлэлт) өмнөх зуунуудад ашиглаж байсан арга хэрэгслээс ялгарах зүйлгүй. Дайснаа занганд оруулах аргыг Красс хэрэглэж байсан. Харин терроризм, хэт даврагсдаар далайлгаж ард олныг айлгах аргыг Ассасинчууд ашигладаг байжээ. Ассасинчууд зуун зуун жилээр Сири, Иракийн ард түмнүүдийн аймшгийн зүүд байсан бөгөөд Монголчуудад ялагдсанаар алга болсон. Харин Монголчуудын шууд угсаа болох Доголон Төмөр (түүхэнд Тамерлан гэж алдаршсан) дайсныхаа толгойг олны өмнө огтолдог байсан. Уг аргыг одоогийн Лалын төрт улсын бүлэглэлийнхэн өвлөж авсан (барууны сэтгүүлчийг цаазалсан дүрс бичлэг). Доголон Төмөр огтолсон толгойгоороо овоо босгодог байжээ. 15 дугаар зууны эхээр тэр гавлын ясаар бүтсэн хэд хэдэн аймшигт пирамид босгосон.

Өрсөлдөгчөө аймшигт мангас мэтээр дүрслэх арга бас эндээс гаралтай. Лалын фанатуудыг тооцдоггүй юмаа гэхэд хэрхэн америкчууд өөрсдийнхөө үйлдлийг муу муухайтай хийж буй тэмцэл болгон харагдуулж чаддагийг бид мэднэ. Тэдний байнга нуршдаг зүйл нь “терроризмтай хийх тэмцэл”. Эдүгээ америкчууд холбоотон улсуудыг өөртөө татаж буй нь Римийн хоёрдугаар пап Урбан болон тавдугаар Пиегийн хийсэн үйлдэлтэй тун төстэй. Урбан бүх загалмайтнуудыг цуглуулж Иерусалим руу довтолсон, харин Пие 500 жилийн дараа Османы эзэнт гүрнийг дарах оролдлого хийсэн. Загалмайтнууд техникийн давуу байдал, бурхандаа итгэж байсан бол өнөөдөр барууны гүрнүүд нисэх хүчиндээ эрдэж байна. Үе үеийн үзэл бодлын мөргөлдөөн нэг иймэрхүү байдлаар өрнөдөг.

Эцэст нь энгийн ард  нэг талын түрэмгийлэл, нөгөө талын бусдын ертөнцийг хиймлээр бий болгох гэсэн мугуйд оролдлогын золиос болдог. Барууны сэтгүүлчийг цаазалсан дүрс бичлэгийг интернетэд тавьсан үйлдэл бол америкчуудын зохион байгуулсан агаарын цохилтын “зүй ёсны” үр дагавар юм. Гэхдээ агаарын цохилт хэрхэн явагдсан талаархи нарийн ширийн зүйлийг олонд дэлгэдэггүй.