Эболо вирусын аймшиг
Эболо вирусээр халдварласан хүнийг ар гэрийнхэн нь ч асрах боломжгүй байдгаараа гачлантай
2014.10.15

Эболо вирусын аймшиг

Баруун Африкт эбола вирусын халдвар тахлын хэмжээнд хүрч, аравдугаар сарын 2-ны байдлаар 7178 орчим хүн өвчлүүлж, 3338 хүн нас бараад байна. Эбола вирус өнгөрсөн тавдугаар сард Гвинейн өмнөд хэсгийн Гуекедоу нутагт илэрснээс хойш Баруун Африкийн таван оронд тархаад байна. Үхлийн аюулт вирус хэдхэн сарын хугацаанд халдварын голомт Гвиней улсаас хальж, хөрш Сьерра-Леоне, Либери, Нигери, Сенегал, Конго улсад тархав.

Эбола вирус тархаж байсан он тоолол

Халдварын голомтод ажиллаж, зорчсон өөр олон орны иргэд эболагаар өвдөж, хорвоог орхисоор байна. Хамгийн сүүлд гэхэд эболагаар нас барсан хоёр хүнийг асарч байсан Испани сувилагч халдвар авсан нь тогтоодлоо. Испани сувилагчийн асарч байсан номлогч 69 настай Мануэль Гарсиа Вьехо Сьерра-Леоне улсад байхдаа эбола вирусын халдвар авч, өнгөрсөн есдүгээр сарын 25-нд III Карл хааны нэрэмжит Мадрид хотын эмнэлэгт нас баржээ. Харин нөгөөх нь 75 настай Мигель Пахарес Либери улсад байхдаа халдвар авч өнгөрсөн наймдугаар сард нас барсан байна. Ийнхүү өвчний голомтын гадна эболагаар хүн халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ. Испани сувилагчид эболагийн шинж тэмдэг амралтын хугацаанд нь илэрсэн болохоор түүнтэй харьцсан хүмүүс халдвар авсан байх магадлал өндөр байна. Мөн АНУ-ын дөрвөн иргэн эболагийн халдвараар өвчилжээ. Баруун Африкт ажилласан АНУ-ын тусламжийн ажилтан  Кент Брантли, Нэнси Брайтбол эбола вирусын халдвар авч, гурван долоо хоног эмчилгээ хийлгэсний эцэст эмнэлгээс гарсан гэж мэдээлж байгаа.

Түүнчлэн “NBC News” телевизийн сурвалжлагч 33 настай эрэгтэй халдвар авсныг мэдээлсэн. Гэхдээ 42 настай Томас Эрик Данкан гэгч Либерид амьдардаг хамаатантайгаа уулзаад ирэхдээ вирусын халдварыг АНУ-д тархах өндөр эрсдэл дагуулжээ.  Тэрээр эболагаар өвчилсөн гэдгээ мэдээгүйгээс АНУ-д 100 хүнд эболагийн халдвар тараасан байх магадлалтай байгаа юм. Эдгээрээс 12-18 хүн нь өвчтөнтэй шууд харьцаж байсан болох нь тогтоогдсон гэж Даллас хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ. Мөн өвчтөнтэй шууд харьцаж байсан иргэдийн дотор таван хүүхэд байгаа гэсэн мэдээллийн орон нутгийн хэвлэлүүд өгчээ. Ийнхүү АНУ-д халдвар ирлээ гэх мэдээнээс үүдэн хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ нь унаж, нислэгийн компаниуд Баруун Африкийг зорих нислэгээ цуцалснаас алдагдал хүлээж, хувьцаа нь доошилжээ. Мөн хүмүүс олноороо цугладаг казино, зочид буудлуудын хувьцааны үнэ ч буурч эхэлсэн байна.

Эбола ганц Африкийн асуудал биш

Олон улс эболагийн халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын харьяа Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод өнгөрсөн наймдугаар сард Нигери улсаас ирсэн оюутныг хөл хорионд оруулсан тохиолдол гарсан байна. Үүнтэй ижил арга хэмжээг Их Британи өнгөрсөн наймдугаар сард халдварын голомтод зорчоод ирсэн 20 орчим иргэндээ авч хэрэгжүүлжээ. Түүнчлэн манай улс ч өнгөрсөн наймдугаар сард халдвар тархсан Конго улсад зорчсон 12 иргэнийг шинжилгээнд хамруулсныг мэдээлж байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 60 гаруй ажилтан өнгөрсөн наймдугаар сард энэхүү вирусын халдвараар амиа алджээ. Нийт 370 эмнэлгийн ажилтан эболагаар өвчилсний 216 нь нас барсан байна.

Эбола ганц Африкийн асуудал биш

Эбола вирусын халдвар Баруун Африкаас гарч, олон улсад тархах магадлал маш өндөр байгаа юм. НҮБ-аас томилогдон эбола вирусын тархалтын эсрэг ажиллаж байгаа доктор Дэвид Набаро уг вирусын халдвар, ДОХ болон САРС-аас ч илүү их хохирол дагуулж болохыг анхааруулжээ.  Тэрээр “Би Баруун Африкт ДОХ болон САРС-ын халдвар ид тархаж байх үед тэнд ажиллаж байлаа. Гэхдээ эбола вирусын халдвар дээрх хоёр өчнөөс ч илүү хурдацтай, бүр маш их хурдацтайгаар тархаж байна” гэжээ. Эболагийн халдвар тархалтын хурдыг Сьерра-Леонед цагт таван хүн өвчилж буйгаар хэмжиж болох юм. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр хийсэн эрдэмтдийн мэдээгээр “2015 оны эхэн үе гэхэд дэлхийн 1.5 сая хүн эболагаар өвчилсөн байна” гэж урьдчилан таамаглажээ. Тиймээс дэлхийн олон орон эбола вирусын тархалтыг даруй зогсоохын төлөө өөрсдийн хэр хэмжээнд хандив тусламж илгээж байна.  Тухайлбал,  өнгөрсөн долоо хоногт Японы Засгийн газар эбола вирусын тархалттай тэмцэхэд дахин 22 сая ам.долларыг хандивлахаа мэдэгдлээ. Өмнө нь Япон улс 40 сая ам.долларын тусламж илгээхээ мэдэгдсэн юм. Түүнчлэн Малайзын Засгийн газар эбола вирусын халдвар дэгдээд байгаа Баруун Африкийн Либери, Сьерра-Леоне, Гвиней, Нигери, Конго улсын эмнэлэгт 20 сая гаруй хамгаалалтын резинэн бээлий хандивлажээ.

Дэлхийн толгой баячуудын нэг “Microsoft” корпорацийн тэргүүн Билл Гейтс ч өөрийн сангаас эбола вирустай тэмцэхэд зориулж 50 сая ам.доллар хандивласан байна. АНУ-ын хувьд халдвар дэгдсэн бүс нутгуудад туслах зорилгоор нийт 110 сая ам.долларыг гаргасан байна. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас нэмэлт санд 75 сая ам.доллар оруулжээ. Дэлхийн банкнаас Либери, Сьерра-Леоне, Гвиней зэрэг улсуудад 200 сая долларын зээл олгож, 60 сая долларын хөрөнгийг Африкийн хөгжлийн банкинд шилжүүлжээ. Харин эболагийн халдвараас ихэд сэжиглэж буй Их Британи 20 сая фунт-стерлингийг хандивласан байна. Үүний зэрэгцээ олон улс Баруун Африк руу зорчихыг хориглосноос аялал жуулчлалын салбарынхан хохирол амсч эхэлжээ. Мөн Баруун Африкаас үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, уурхай олборлогчид дайжиж, далайн гүний газрын тосны өрөмдлөгийн компаниуд ч халдварын бүс дэх үйл ажиллагаагаа хумьж байгаа аж.

Эболо вирус

Хүнийг  үхэлд хүргэдэг хамгийн хүчтэй таван вирусны нэг нь эбола өвчнийг үүсгэгч. Гол тээгч нь нэгэн төрлийн жимсний сарьсан багваахай бөгөөд хоёрдогч тээгчид нь горилла, шимпанзе сармагчин, гөрөөс, гахай юм. Эбола вирусын халдвараар анх 1976 оны наймдугаар сарын 26-нд Ямбуку (Заир, өнөөгийн Ардчилсан Конго улс) хотын багш мэргэжилтэй эрэгтэй өвдсөн гэж бүртгэгджээ. Тухайн үед эболагийн халдвараар 602 хүн өвчилсний 431 нь нас баржээ. Тус вирусыг өмнө нь өөрөөр нэрлэдэг байсан ч 2010 онд хүмүүсийг төөрөлдүүлэхгүйн тулд “эбола” гэж нэрлэсэн байна. Эбола вирусын үхэлд хүргэх магадлал анх 76 хувьтай байсан ч 2002-2003 оны тархалтын дараа 90 хувь гэж тодорхойлсон байдаг.

Хүний биеийн бүх шингэнээр халдварладаг эбола вирусын тархалтыг зогсоох ганц арга зам нь өвчтнүүдийг тусгаарлах аж. Эбола вирусын халдвар авсан хүн 21 хүртэлх хоногт нууц байдалтай байдаг нь өвчнийг бусад хүмүүст халдварлуулах гол эх үүсвэр болж байна. Одоогоор эболагийн эсрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм бэлдмэл, вакцин гараагүй байгаа бөгөөд ОХУ, АНУ, Их Британи, Канад, Япон зэрэг хэд хэдэн улсын эрдэмтэд вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ эбола вирусын халдварын эсрэг эм, вакцин үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ өсч байна.  Тухайлбал, эболаг дарах гол эмийг бэлтгэж эхэлсэн “Tekmira Pharmaceuticals” хувьцаа 27.1 хувиар нэмэгджээ. Мөн эболагийн эсрэг вакцин дээр ажиллаж буй “BioCryst Pharmaceuticals” компанийн хувьцаа 11 хувиар, “Newlink Genetics” 13 хувь, “Sarepta Therapeutics” 7 хувиар тус тус өссөн байна. Харин “Inovio Pharmaceuticals” групп эболагийн эсрэг  3.6 хувь, GlaxoSmithKline 1.1 хувиар өсчээ.