Я.Содбаатар: Н.Алтанхуяг зуурсан жонхууныхаа учрыг өөрөө олох ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.10.20

Я.Содбаатар: Н.Алтанхуяг зуурсан жонхууныхаа учрыг өөрөө олох ёстой

Ерөнхий сайдыг огцруулах асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Чухам ямар үндэслэлээр Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар болсноо тайлбарлана уу?

Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, цомхон чадварлаг болгоно гэдгээ ард түмэнд амласан. Үүнийхээ дагуу энэ сарын 1-нд “Засгийн газрынхаа бүтцийг өөрчилж байна” хэмээн зарласан атлаа маргааш нь 2015 оны төсвийн төслийг өргөн барьсан. Ингэж Засгийн газрын тэргүүн өөрөө нэг хоногийн зөрүүтэйгээр төсвийн зөрчилтэй хуулийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, “Бүтэцдээ өөрчлөлт оруулж байгаа” гэсэн атлаа хуучин бүтцээр боловсруулсан төсвийг өргөн барьж, асуудалд мэдрэмжгүй хандлаа.

Энэ бол нэг л жишээ. Үнэндээ Ерөнхий сайд бүтцээ өөрчлөх нэрийн дор засгийг харин ч тогтворгүй болгож байна. Засгийн газраа цаашид тогтвортой ажиллах боломж нөхцөлөөр хангахгүй байна гэж үзэж байгаа юм. Энэ мэт хэд хэдэн үндэслэлээр огцруулах хүсэлт өргөн барилаа. Хоёрдугаарт, энэ хүн Ерөнхийлөгчийн зүгээс шаардаж байгаачлан “Давхар дээл” тайлахыг биелүүлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдугаарт, бид аль эртнээс Засгийн газрыг “Хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нартаа хариуцлага тооц” гэдэг асуудлыг удаа дараа тавьсан ч холбогдох хуулиудыг зөрчин байж сайд нартаа хариуцлага тооцолгүй авч үлдсэн.

Товчхондоо, Н.Алтанхуяг сайд цаашид энэ Засгийн газрыг толгойлж явж чадахгүй юм байна, Монгол Улсын эдийн засгийг өнөөгийн хямралт байдлаас дээрдүүлж ч чадахгүй нь. Ер нь хоосон амлалт, худлаа хийрхэл, PR-дсаар байтал улс орны байдал улам дордох аюул нүүрлэлээ. Тиймээс эдийн засгийн хямралт байдлаас Монгол орныг хохирол багатай гаргахын тулд Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барилаа.

Цаашлаад чадварлаг Ерөнхий сайдыг гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай. Иймээс бид Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ийнхүү огцруулах санал өргөн барьсан юм.

-Дээр нь Н.Алтанхуяг сайдыг ажлаа өгч байгаад шалгуул гэдэг шаардлагыг тавьж байгаа юм билээ. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

УИХ дээр ч тэр хариуцлагын асуудлыг маш их ярьж байгаа. Гэтэл Н.Алтанхуяг сайд хууль зөрчдөг, дүрэмгүй тоглодог, эргээд улс төр, бизнесийн бүлэглэл, намынхаа фракци хоорондын зөрчилдөөн, барьцаанд ороод ямар ч хариуцлага яригдахаа больсон. Хариуцлага хүлээх ёстой субъект нь Ерөнхий сайд. Энэ утгаараа Н.Алтанхуяг сайдтай хариуцлага ярья гэж байгаа юм.

Эдийн засгийн хөгжлийн болон бусад хариуцлага алдсан сайд нарын асуудлыг бид хөндөж тавьсан. Гэсэн ч энэ бүгдийг “Бүтцийн өөрчлөлт” нэрээр жонхуу болгож орхилоо. Ингэж хутгасан жонхууныхаа учрыг Ерөнхий сайд өөрөөр олох ёстой. Түүнчлэн түүний хувийн болон гэр бүл, найз нөхдийнх нь хүрээнд явагдаж байгаа ёс бус, хууль зөрчсөн олон асуудал гарч байна.

Эдгээрийг албан ёсоор шалгуулж нэг тийш нь болгох хэрэгтэй. Энэ бүхэн нийлээд Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулах хангалттай үндэслэл болно.

-Та бүхэн гарын үсгээ хэрхэн цуглуулав. Дэмжсэн гишүүн олон байсан ч нам, эвслийнхээ дүрэм журамд баригдаад болохгүй байна гэдэг тайлбар хийсэн гэсэн?

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналаа бүх гишүүнд хүргүүлсэн. Зарим гишүүний хувьд гарын үсэх зурах хүсэлтэй байгаа ч хүндрэл байна гэдгээ хэлсэн. Тухайлбал, “Намын зүгээс шахалт үзүүлж байгаа. Хувь хүний зүгээс ч тэр дарамт байна” гэдэг тайлбар хийсэн. Гэхдээ цаашид цөөнгүй гишүүн бидэнтэй нэгдэх байх.

Нэг ёсондоо УИХ-ын өөрийнх нь бүрэн эрх, чадамжийн асуудлыг ч ярих хэмжээнд хүрчихээд байна.
-Ингээд ярихаар “МАН-ынхан Н.Алтанхуягийг унагааж байж шинэ засагт багтах нь” гэж хардаад эхэлдэг. Үнэхээр ийм санаа байхыг үгүйсгэмээргүй ч юм шиг?

АН УИХ-д олон суудалтай. Тиймээс энэ намын гишүүд дунд Монгол Улсыг аваад явчих хэмжээний чадвартай боловсон хүчин байгаа гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлбэл, шинэ засгийг АН-ынхан өөрсдөө л бүрдүүлнэ. Ингэхгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнийг бид хоёр жил харлаа. Монгол Улсын эдийн засаг өдрөөс өдөрт муудаж байгаа нь эргээд ард иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлж байна.

Нэг ёсондоо ард түмэн болон баялаг бүтээгч, татвар төлөгчид Засгийн газрын алдаатай бодлогын горыг амсч, халаасан дахь хэдээрээ, хүч хөдөлмөрөөрөө төлж байгаа учраас энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй байна. Чуулган эхэлснээс хойш дандаа албан тушаал, эрх мэдлийн талаар л ярилаа. Ар араасаа хууль зөрчсөн асуудал орж ирсэн.

Нэг ёсондоо УИХ-ын өөрийнх нь бүрэн эрх, чадамжийн асуудлыг ч ярих хэмжээнд хүрчихээд байна. Энэ утгаараа Ерөнхий сайдтай хариуцлага тооцож, гүйцэтгэх засаглалд тавих хяналтаа УИХ чангатгах ёстой. Эдийн засаг, санхүүгийн хямрал байсан бол одоо засаглалын хямрал давхар нүүрлэж байгаа учраас энэ хүнийг огцруулах нь зүйтэй гэдэг гарцыг харсан гэж ойлгож болно.

-Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг хэзээ хэлэлцэнэ гэсэн үг вэ. Хуулийн хугацаа нь ямар байдаг юм бол?

Тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцдэг. Бид үүнээс өмнө хуулийн төслөө өргөн барилаа. Тийм учраас хуулийнхаа дагуу 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Ерөнхий сайдыг огцруулах тухайд хуулийн хугацаанд хэлэлцэж, Монгол төрийн замбараагүй, ойлгомжгүй, фракци бүлэглэлүүдийнхээ барьцаад орсон гинжин урвалыг таслах шаардлагатай.

Цаашдаа төрийнхөө бүтэц, зохион байгуулалтыг зүй зохистой болгож байж төсөв мөнгөө ярихгүй бол хаана хаанаа ойлгомжгүй байдал бий болчихлоо шүү дээ.

-Ерөнхий сайдыг огцруулна гэхээр засагт дахиад л замбараагүй, ойлгомжгүй байдал үүсчих юм биш үү?

Одоо замбараатай байгаа юм уу. Бүх юм ойлгомжгүй, хүлээлтийн байдалтай л байна шүү дээ.

-Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэхийг хэлэлцэх гэсээр байтал төсвөө хугацаанд нь хэлэлцэж амжих уу. Хажуугаар нь бүрэлдэхүүний өөрчлөлт цэгцрээгүй байна шүү дээ?

Ирэх оны төсвийг өргөн барихаас эхлээд хууль зөрчсөн гэдгийг хэлсэн. Одоо засвар хийнэ гээд заваарч байна. Ер нь эндээс харахад Н.Алтанхуягийг засаг толгойлж байхад энэ төсөв батлагдахгүй юм байна. Тийм учраас шинэ Ерөнхий сайд гарч ирж, шинэ засгийг бүрдүүлснийхээ дараа төсвөө батлах бүрэн боломжтой гэж бид харсан. Н.Алтанхуяг сайд эдийн засгаа сэргээх зорилгоор “ЭЗЭН 100” хөтөлбөрийг баталсан.

Тэгэхээр төсвийн хууль зөрчсөнөө эхнээс нь зассанаар зөв голдрилоор явах ёстой гэж харж байгаа. 

Манай бүлэг ч “Үнэхээр эдийн засгаа сэргээнэ” гэж итгээд дэмжсэн. Гэтэл харамсалтай нь эдийн засгийн бүх үзүүлэлт унасан. Үүний дараа бүтцийн өөрчлөлт хийх үеэр Үндэсний аудитын газраас “Есөн яамтай байх боломжтой байна” гэж зөвлөсөн юм билээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 30 гаруй мянгаар нэмэгдүүлсэн төрийн албан хаагчийнхаа тоог багасга гэдгийг ч хэлсэн байсан.

Харамсалтай нь Н.Алтанхуяг сайдын оруулж ирсэн бүтцийг харахаар өөрсдийгөө аргалах, улс төрийн бүлэглэлүүддээ шантаажлуулсан хэвээр гэдэг нь харагдаж байгаа юм. Тийм учраас эдийн засгийн хүндрэлтэй засаглалын хямрал давхцах хандлага ажиглагдаж эхэллээ. Хэрвээ ийм хямрал давхацвал Монгол Улс улам хүнд байдалд орно. Намрын чуулган эхэлснээс хойш 20 хонож байна. Гэтэл энэ хугацаанд УИХ-ын чуулганаар ард түмэнд хэрэгтэй асуудал ганц ч ярьсангүй.

-Ирэх оны төсвийг буцаан татаад байгаа. Гэтэл өнөөдөр /баасан гариг / төсвийн эхний хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлуулчихлаа. Энэ мэтээр цаг алдах байдал их ажиглагдаж байна л даа?

Би дахин хэлье. Төсвийг өргөн барьсан цагаасаа эхлээд хууль зөрчсөн. Татвар төлөгчдийн мөнгийг төсвөөр эргэж зарцуулахдаа УИХ зүйл, заалт бүрт нь ерөнхийлөн захирагч бүрээр нь зааж өгөх ёстой байдаг. Гэтэл бүтэц бүрэлдэхүүний тодорхойгүй байдлаас болоод хаа сайгүй хүндрэл үүсчихээд байна.

Тэгэхээр төсвийн хууль зөрчсөнөө эхнээс нь зассанаар зөв голдрилоор явах ёстой гэж харж байгаа. Харин төсвийн хэлэлцүүлэг хойшилсон шалтгаан нь эхний хэлэлцүүлгийг хийх өдрөө төсвийн төслийн талаарх номыг бидэнд тарааж байна. Хэдхэн цагийн дотор номоо уншаад хуулийнхаа хэлэлцүүлгийг хийгээд явна гэж байхгүй ээ. Угтаа төсвийн төслийг бид нухацтай уншиж, дүгнэлт хийх ёстой.

Тэр хэрээр сайн төсөв болно л гэсэн үг. Хэрвээ бид энэ номоо уншихгүйгээр халтуурдвал ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдал улам л хүндэрнэ гэсэн үг. Гэтэл сайн төсөв батлах боломж олгохгүй байна шүү дээ.