М.Сономпил: Хоёр яамыг нэгтгэхэд шинэ хүн л яригдана
Эрчим хүчний сайд М.Сономпилээс дараахь тодруулгыг авлаа.
-МҮАН Засгаас гарах юм уу, сайд аа?
Өнөөдрийн байдлаар МҮАН засгаас гарна гэж яриагүй байгаа.
-Намрын чуулган эхлээд долоо хоночихлоо. Засгийн газрын бүтцийн асуудал яагаад ингэж удав аа?
Хэлэлцээд л явсан. Манай бүлэг өнөөдөр /өчигдөр/ хуралдаж эцсийн байдлаар Ерөнхий сайдын саналыг дэмжье гэдэг шийдвэрт хүрсэн.
-Та Засгийн газраас гарч, таны оронд М.Энхсайхан дарга сайд болно гэдэг үнэн үү?
Хоёр яамыг нэгтгэхэд шинэ хүний тухай л асуудал яригдана шүү дээ. Хоёр сайдын асуудал яригдаж байгаа болохоор. Энэ нөхцөлд эвслийн бүлгийн шийдвэр гарвал ажлаа өгнө. Өгөхгүй гэж зууралдахгүй нь ойлгомжтой. Түүнээс би урьдчилаад ажлаа өгөх гэж байна гэж зарлаагүй. Хоёр талтай асуудал гэдгийг ойлгоорой. Нам эвсэл УИХ дээр яриад шийдвэл даргад бол өгнө, өөр хүнд бол өгөхгүй гэсэн асуудал байхгүй.
-Ерөнхий сайд танай яамыг үүргээ сайн биелүүлсэн гэж байсан. Үнэхээр сайн ажилласан юм бол нэгтгэх нь хэр оновчтой юм бэ?
Наадахаа Ерөнхий сайдаас асуу л даа. Эрчим хүчний салбарын хувьд бодлого тодорхой болсон. Хийх ажил нь хийгдээд явж байгаа. Өнгөрсөн хоёр жилд бараг дөрвөн жилийн дайтай ажил хийсэн. Одоо олон жил ярьсан томоохон бүтээн байгуулалтууд үлдсэн. V цахилгаан станц, Өмнөговийн Таван толгойн 50мвт- ын цахилгаан станц, Эгийн голын болон баруун бүсийн 60 мвт-ын гээд томоохон ажлыг гүйцэтгэх ёстой.
-Тэр тусмаа танай яамыг дангаар нь үлдээх ёстой гэж та бодохгүй байна уу?
Эвслийн бүлэг Эрчим хүчний яамыг дангаар үлдээх ёстой гэсэн шийдвэр гаргасан байсан. АН-ын бүлэг Ерөнхий сайдын саналын дэмжээч гэсэн учраас тэр саналыг нь хүлээгээд авчихсан.