Ж.Эрдэнэбат: Засгийн газар цомхон тусмаа сайн байна
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.10.08

Ж.Эрдэнэбат: Засгийн газар цомхон тусмаа сайн байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Та бүхэн Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Танай намынхны хувьд энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Та ч мөн адил биз?

Бид  өөрчлөлт хийхийг 100 хувь дэмжиж байна. Зайлшгүй хийх ёстой тулгамдсан асуудал бол энэ юм. Өнөөдөр улс орны эдийн засаг хүндэрлээ. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Төсвийн орлого маш их хэмжээгээр тасарчихлаа. Ийм байхад төр өөрөө цомхон чадварлаг хурдацтай ажиллах бүтэцтэй байх учиртай. Засгийн газар маань данхайчихсан өнөөгийн бүтцээрээ зүтгээд байвал хүндрэлтэй тал руу хурдан орно.

Манай намынхан “Энэ төслийг дэмжиж байна. Гэхдээ илүү цомхон болгооч. Чадварлаг бүтэцтэй болох боломжийг хайгаач” гэдгээ илэрхийлж байна.  Үүнийг ганцхан манай намынхан яриад байгаа юм бас биш. Эрх барьж байгаа улс төрийн нам, эвслүүд ч ярьж хэлж байна. Ард түмэн ч гэсэн цомхон байх хүсэлтээ илэрхийлж байна шүү дээ.

Энэ жилийн тариа шиг чанартай тариа байхгүй. Үүнийг 100 хувь баталж чадна.
-Цомхондоо ямар байх ёстой гэж?

Ажил үүрэг нь давхардсан яамдаа нэгтгээд ажиллах ёстой. Хуучин цагт нэгдсэн байдлаар ажиллаад болж байсан яамдыг салгасан ч түүнийх нь үр дүн мэдрэгдэхгүй байна шүү дээ. Жишээлбэл, Соёл, спорт, аялал жуулчлалын яам байна. Энэ яамыг чиглэл, чиглэлд нь тараахыг олон гишүүн дэмжиж байгаа юм билээ. Спортыг нь Эрүүл мэндийн яам руу, соёлыг нь Боловсрол, шинжлэх ухааны яам руу шилжүүлээд өгчих хэрэгтэй.

Өнөөдөр Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам гээд тусдаа байна. Хуучин энэ хоёр нэг яам байж болж л байсан шүү дээ. Ажил үүрэг нь давхарддаг яамдыг нэгтгэснээр төсвийн зардал хэмнэж чадна. Хэмнэсэн зардлаараа орлогоо нөхөх, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа газарт нь санхүүжилт өгөх боломж гарч ирнэ.

-Нэгтгэсэн шинэ яамдын сайд нарыг хаанаас томилохыг дэмжих бол. УИХ-ын гаднаас байх ёстой юу. Эсвэл дотроосоо томилоод явчих нь зөв үү?

Хамгийн гол нь ажил хийдэг  хүн хэрэгтэй. Хариуцлагатай нөхөр байх ёстой. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар хариуцлага тооцох нөхцлийг нь үгүйсгэчихээд байдаг талтай. Тэр утгаараа сайдыг нь УИХ-аас бус гаднаас оруулж ирүүлэх нь зөв.

-Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног төсөл хэрэгжээд дууслаа. Энэ төсөлд та таагүй дүн өгсөн байсан уу?

Эдийн засгийг эрчимжүүлнэ гэж том ярихаас илүү эдийн засгийн уналтыг зосгоох ёстой байсан юм. Уналтаа зогсоож чадаагүй байж эрчимжүүлье гэсэн сүртэй нэр өгөөд л. Эрх баригч нар хөхөө шиг донгодно гэгчээр уран цэцэн үгээр сайхан ярих юм. Харамсалтай нь тэр ярьж хэлж байгаа зүйл нь хэрэгждэггүй. “ЭЗЭН-100” гэдэг хөтөлбөрийн тайлангаас харж байхад энэ төсөл хэрэгжсэн, хэрэгжээгүйгээс үл хамааран хийгдэх ёстой ажлууд байна билээ.

ОХУ-руу автобус явдаг болж, Эрээн хот руу шууд нислэг хийдэг болж. Урьд өмнө хэлэлцээд тохирсон байсан ийм ажлуудыг “ЭЗЭН-100” хөтөлбөрт хамруулах шаардлага байсан юм уу даа. Өнөөдөр хэдэн аж ахуйн нэгж хаалгаа барьж, олон залуус  ажилгүй болсныг Ерөнхий сайд хэлэхгүй байна. Өөрөө уг нь энэ бүхнийг хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.

Улс орноо өрөнд оруулж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байна шүү дээ. Энэ бүхэн эцсийн дүндээ ард түмний нуруун дээр очих ачаа юм.
-Сайжраагүй эдийн засгийг аврах өөр ямар гарц байна?

Монгол өөрөө маш жижигхэн зах зээлтэй орон. Хоёр том гүрний дунд байдаг, байгалийн баялаг ихтэй улс. Байгалийн баялагаа зөв зохистой ашиглаж чадвал улс орноо хөгжүүлэх боломж хангалттай бий. Гэвч төрийн харалган бодлого, ярьж хэлэхээс цаашгүй үйл ажиллагаа нь эдийн засагт асар их дарамт авчирч байна. Нөгөө талаас  төрийн дарамтыг арилгана гэсэн атлаа бизнес эрхлэгч рүүгээ улам нэмэгдүүлээд байгаа учраас хөрөнгө оруулалт буурч байгаа юм. Хөрөнгө оруулагч нарт улс төрийн буруу бодлого хүчтэй нөлөөлж дайжихад хүргэж байгаа нь маргашгүй үнэн зүйл.

Ер нь эргээд харахад Ардчилсан намыг эрх барихаар яагаад эдийн засаг унаад байдаг юм бол. 2000 оны аравдугаар сард миний бие  Сэлэнгэ аймгийн Засар даргын тамгын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдож байсан. Ажил авахад Тамгын газрын ажилтнууд маань  долдугаар сараас хойш цалингаа авч чадаагүй, аймаг гэхэд хоёр тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байх жишээтэй. Би ийм л аймаг авч байсан.

Гэвч өнөөдөр эрх баригч нар маань энэ байдал руу  эргээд шилжүүлж байна.  Улс орноо өрөнд оруулж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байна шүү дээ. Энэ бүхэн эцсийн дүндээ ард түмний нуруун дээр очих ачаа юм.

-Сэлэнгэчүүд энэ жил ургац арвин биз дээ. ОХУ-аас улаан буудай экспортлож авснаас болж тариаланчид нэлээд бухимдалтай байна?

Энэ зун цаг агаар сайхан байсан учраас манай сэлэнгэчүүд арвин их ургац хураан авлаа.  Улсын үр тарианы хэрэгцээний 50 хувийг дангаараа хангах боломжтой. Тариаланчид өнөөдөр яагаад гомдол мэдүүлэв гэхээр ийм учиртай. Нэгдүгээрт, газар тариалан эрхлэгч том аж ахуйн нэгжид тариа, будаагаа хадгалах байр нь байна. Харин жижиг тариалан эрхлэгчдийн хувьд тийм боломж нь алга. Хурааж авсан жаахан будааг нь шувуу идэж эсвэл чийг дааснаас болж хоргодол гарах эрсдэлтэй.

Эрсдэл гарахаас нь урьдаж гурил үйлдвэрлэгч нарыг жижиг аж ахуйн нэгжийн тариаг 100 хувь худалдан авахыг хүсэх байна. Том аж ахуйн нэгжийнхэн нь явцдаа борлуулчих боломж нь бий. Нөгөө талдаа Сэлэнгэчүүд газар тариалангийнхаа бүтээгдэхүүнийг дөнгөж хураагаад эхэлж байхад гаднаас улаанбуудай оруулж ирүүлсэн нь энэ Засгийн газрын хамгийн том алдаа.

Тариаланчдаа бодсонгүй. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ жил тарианы чанар муу байгаа учраас бид улаан буудайг холих гэж оруулж ирсэн юм” гэж хэлсэн байна лээ. Түүнд худлаа ярихаа болиоч гэж зөвлөх байна. Өөрсдийнхөө бизнесийг хамгаалах гэж тариаланчдын маань зунжингаа хуруу хумсаа хугалан байж тарьсан буудайг нь чанаргүй мэтээр ярьж болохгүй. Ичсэн хүн хүн ална гэгч болж байх шиг байна. Энэ жилийн тариа шиг чанартай тариа байхгүй. Үүнийг 100 хувь баталж чадна.

-Сайдад нь энэ талаараа аминчлан хэлэв үү?

Чуулганы хуралдааны үеэр хэлсэн. Өөртэй нь ч уулзаж хэлсэн. Анхаарна л гэсэн. Анхаарсан эсэх нь эргэлзээтэй байна. Гурил үйлдвэрлэгч нараас ганцхан зүйл хүсмээр байгаа юм. Том тариалан эрхлэгчтэй тохироод жижиг тариалан эрхлэгчдийн тариаг нь худалдан аваач гэж гуймаар байгаа юм.