Д.Тэрбишдагва: Тэргүүн шадар сайд гэх цол хэргэм нэмэх шаардлагагүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтцийг УИХ-д өргөн барьсан билээ. Шинэ бүтцээр 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар төлөвлөж байгаа юм. Мөн Шадар сайдын албыг Гадаад харилцааны сайд давхар хашиж, одоогийн Шадар сайд нь Тэргүүн шадар сайд болж тушаал дэвших юм. Энэ талаар Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагваас тодрууллаа.
-Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтцээ танилцууллаа. Намын бүлгүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Танай намын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар бүтцийн асуудлыг хэлэлцээд Байнгын хороод руу шилжүүлсэн. Засгийн газрын шинэ бүтцийн асуудлыг дэмжиж байгаа. Мэдээж дотор нь тодорхой асуудлаар санал зөрөлдөх явдал гарахыг үгүйсгэхгүй. Зарчмын хувьд дэмжиж байгаа.
-Шинээр томилогдох сайд нарын хувьд?
Бид 16 сайд байна гэдэг асуудлыг зарчмын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Аль яаман дээр хэнийг очуулах, ямар яамыг МАХН, Шударга ёс эвсэл авах вэ гэдгийг ярилцаагүй. Өнөөдөр бүтэц дээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Дотор нь хэн ямар алба авах асуудал яригдаагүй байна.
-Бүтцийн өөрчлөлтөөр Шадар сайдыг Тэргүүн шадар сайд болгоно гэсэн. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
Тэргүүн Шадар сайд гэдэг асуудлыг олонхиороо дэмжсэн. Миний хувьд хоёр шадар сайдтай байх шаардлагагүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Шадар сайд гэж байхад дахиад цол хэргэм нэмж өгч байгаа нь зөв биш гэсэн хувийнхаа байр суурийг илэрхийлсэн. Харин олонхиороо энэ бүтцийг дэмжихээ мэдэгдсэн. Бүтцэд их, бага хэмжээгээр өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад танай нам гэрээ байгуулсан байгаа шүү дээ. Гэрээний дагуу сайд нарыг томилох асуудалд танай нам хэрхэн хандах вэ. Одоогийн байгаа сайд нар албан тушаалдаа хэвээрээ үлдэх үү?
МАХН, “Шударга ёс эвсэл” хамтарсан Засгийн газарт гэрээ байгуулж орохдоо гэрээндээ 25 хувийн квоттой байна гэдэг заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, дөрвөн сайдтай байна. Одоо 16 сайдтай байхад гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Тийм учраас дөрвөн сайдтай байна. Тэрийгээ ч бид хамгаална.
-Соёл спорт аялал жуулчлалын яам, Боловсролын яамыг нэгтгэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд байна?
Яам нэгтгэх асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирдэг.
-“ЭЗЭН-100” хөтөлбөрийг Ардчилсан намын зүгээс хангалттай хэрэгжүүлсэн гэж үзсэн бол сөрөг хүчнийхэн хангалтгүй гэж үзээд буй. Таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
МАХН, “Шударга ёс эвсэл” хамтарсан Засгийн газарт гэрээ байгуулж орохдоо гэрээндээ 25 хувийн квоттой байна гэдэг заалт оруулсан.
100 хоногийн хугацаанд бүтэн дөрвөн жилийн ажил гэдэг юм уу, эсвэл найман жилийн ажлыг хийх юм шиг нэг хэсэг нь ойлгож байгаа. Хийж байгаа ажлаа 100 хоногийн хугацаанд яаж сайжруулах вэ, бүтээн байгуулалтыг яаж нэмэгдүүлэх вэ, гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлэх вэ зэрэг ажлыг богино хугацаанд эрчимжүүлэх хөтөлбөр шүү дээ.
Түүнээс биш бүх зүйл сайхан болчихно гэсэн юм байхгүй. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хугацаанд зуны дэлгэр цаг байсан хэдий ч Засгийн газар долоо хоног бүрийн хуралдааныг нэг ч удаа таслаагүй хуралдсан. Энэ зун амраагүй сайдууд ч байгаа. Тодорхой дэвшил гарсан гэж үзэж байна.
-МҮАН нам Шударга ёс эвслээс гарна гэсэн яриа байна. Ингэсэн тохиолдолд засагт эзлэх танай намын байр сууринд ямар өөрчлөлт орох вэ?
МҮАН талаас энэ асуудлыг ярьж, хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг ярилцана.