С.Ганбаатар: Бүтцийн өөрчлөлт хийх нь дараагийн Засгийн газар сайн ажиллана гэсэн үг биш
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.03

С.Ганбаатар: Бүтцийн өөрчлөлт хийх нь дараагийн Засгийн газар сайн ажиллана гэсэн үг биш

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

Хамгийн түрүүнд Засгийн газрын бүтцийг яах гэж өөрчилж байгаа юм бэ гэдгээ ярилцах ёстой. Одоо бол хэнийг нь авч үлдэж, хэнийг явуулах вэ гэдэгт анхаараад байж болохгүй. Асуудалд обьективный хандах учиртай. Субьек­тив буюу хүн дээр битгий ярь гэмээр байна. Өөрөөр хэлбэл, юу хийх вэ, ямар ажил гүйцэтгэх вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. 

Засгийн газар гэдэг Монголын ард түмний бэрхшээлийг шийдэж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг авч ирэх, олон ажлын байр бий болгохын тулд байдаг. Үүнийхээ төлөө үлдэж буй хоёр жилд хаана хүчээ төвлөрүүлж, юу гүйцэтгэх вэ гэдгээс ургуулж, ямар бүтэцтэй байх нь гарч ирнэ.

Үүнийхээ дараа хамгийн сайн нэр дэвшигчийн шалгуураа гаргаж, эцэст нь хүнээ ярих ёстой. Уг зарчим нь ийм л юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, аливаа ажлыг ярихын өмнө ажлын байрны зураглал гэж гаргадаг.

-Энэ Засгийн газар зураглал гаргаагүй гэсэн үг үү?

Тийм. Алтанхуяг сайд харамсал­тай нь анхнаасаа бүлэглэл дундын наймаачин шиг бүтэц оруулж ирсэн. Фракциудын зодооныг зогсоох, бүгдийнх нь амар амгалан байдлыг бодолцож, энх тайвныг сахиулах бүтэц шүү дээ. Аль нэг фракци нь гомдол гаргахаар ямар нэг яам бий болгож, сайд томилох сэтгэлгээр ажиллачихсан. Үүнээс нь болж өнөөдрийн үйл ажиллагаа доголдож байгаа тал бий. 

-Юутай ч эхний ээлжинд яамдыг цөөлөхөөр болж байгаа нь сайн хэрэг юм биш үү?
Засгийн газар бол УИХ-ын дэргэдэх улсын бага хурал шиг л байгаа. 

Яг нарийвчлаад, доторхыг нь нягталж үзвэл асуудал их байна. Тухайлбал Монгол Улсын хамгийн чухал үндэс бол газар шороо. Гэтэл оруулж ирсэн төслөөр бол газрын асуудал нэг яамны, газрын, хэлтсийн хаяанд байна.

Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс болсон газрын асуудал Барилгын яамны харьяанд багтдаг. Гэтэл ОХУ, Казакстан зэрэг олон улсад Газрын харилцааны яам гэж байдаг. Гэхдээ энэ яамыг байгуул гэж байгаа юм биш шүү. 

Би өнгөрсөн жил Газрын тухай хуулийг хамгийн ихээр эсэргүүцэж байсан. Одоо өөрөө өргөн барихаар ажиллаж байгаа. Үүндээ Газар, байгаль орчны яам гэдгийг бий болгох саналыг оруулна. Барилга барьдаг, уул уурхай ярьдаг яамдад газрын асуудал чухал бус. Байгаль, орчин хариуцдаг яамны тэргүүн асуудал нь газар байх ёстой. Энэ мэтчилэн дэлгэрэнгүй яривал асуудал их байна. Давхардсан бүтэц ч байгаа. 

-Нэг асуудлыг олон газар харьяалж байна гэж үү?

Бодоод үз дээ. Агаарын бохирдлын асуудлыг гурван яаманд зэрэг харьяалуулж байна шүү дээ. Гадаад харилцаа, Сангийн яам, Түлш эрчим хүчний яам гэсэн мөртлөө яг аль нь асуудлыг тэргүүлж авч явах нь тодорхойгүй үлдчихэж. Энэ мэтчилэн техникийн болон зарчмын концевцийн асуудлууд байгааг УИХ-ын чуулган дээр илэрхийлэхээр төлөвлөсөн. 

-Техникийн алдаа, зарчмын зөрүү байна гэдэг нь магадгүй нэлээд яаран гаргаснаас болов уу? 

Яарсан гэхээсээ илүү нууцаар гаргасан гэх нь зүйтэй болов уу. 

-Яагаад?

Төрийн гурван өндөрлөг тээр дээр гурвуулхнаа “яавал дээр вэ” гэдгээ шийдээд, дараа нь бүлэглэл, фракциуддаа хэлж, тулгаад л шийдчихсэн байх. Цаад утгаараа бол өнөөгийн парламентад хүний толгойгоор кноп дардаг “кнопчин” гишүүн олон байна л гэж харж байгаа. 

-Фракциудын наймаа дуусаагүй гэж үү. Наймааны Засгийн газар явуургүй гэдгийг харууллаа шүү дээ?

Би хувьдаа тэгж л ойлгож байгаа. Наймаа хийсээр байна. 

-УИХ дахь бие даагчдын албан бус бүлгийнхэн байр сууриа нэгтгээ юу?
Яарсан гэхээсээ илүү нууцаар гаргасан гэх нь зүйтэй болов уу. 

Бид одоо /өчигдөр 15:00 цаг/ хурадах гэж байна. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүтцийн тухай мэдээлэл нь нууц байлаа. Гишүүдэд сая л өгсөн. Би сая хараад эхнээс нь дүгнэлтээ хийлээ. Техникийн маш их алдаа байна. Эдгээрийг хурлынхаа үеэр ярьж, бие даагчдын байр суурь тодорхой болно. Ганц минийхээр болохгүй. 

-Засгийн бүтцийг ярилцсаар байгаад цаг хугацаа алдаж, үйл ажиллагааны доголдол гарах юм биш биз. Өнөөдөр /өчигдөр/-ийн өргөн барьсан нь зөв алхам мөн үү?

Монгол Улсын Засгийн газар олигтой ажиллахгүй байгаа нь үнэн. Гэхдээ дараагийн Засгийн газар гарч ирлээ гэхэд олигтой сайн ажиллана гэсэн үг ч биш. Хамгийн гол нь УИХ-ын дээр сандайлаад суучихсан Засгийн газар хамжааргатай байгаач ээ, парламентын гишүүд нь үүнд анхаарлаа хандуулаач гэмээр байна.

Засгийн газар бол УИХ-ын дэргэдэх улсын бага хурал шиг л байгаа. Мөн УИХ-ын шийдвэр, гүйцэт­гэлийн хэрэгжилтэд тавьдаг хяналтын механизм ажиллахгүй, маш муу байна. Эдгээрийг авч хэлэлцэх учиртай. Тиймээс би энэ тухай УИХ-ын чуулган дээр хөндөх болно.