Я.Содбаатар: Ахмад нь хөлгөө хаяад зугтдаггүй шиг ерөнхий сайд ч бас огцрох ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.10.02

Я.Содбаатар: Ахмад нь хөлгөө хаяад зугтдаггүй шиг ерөнхий сайд ч бас огцрох ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн нь олны дунд багагүй хүлээлт үүсгээд байна. Нөгөө талаас ингэж бүтцэд өөрчлөлт оруулснаар Н.Алтанхуяг сайд өөрөө уснаас хуурай гарахыг санаархаж байна гэсэн дүгнэлт хийх хүн олон байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? 

УИХ-ын намрын чуулган өнөөдөр / өчигдөр/ үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэ чуулганаар өнөөгийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн байгаа. Энэ асуудал нийтийн дунд багагүй хүлээлт үүсгэж байгаа нь үнэн. Ингэхээс ч аргагүй.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ олон яам, тамгын газар, сайд нар, орлогч, зөвлөх гэсэн данхар бүтцээр ажилласан. Харин “Энэ нь буруу юм байна, бид хоёр жил буруу явчихжээ” гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн зөвшөөрлөө гэж ойлгож байгаа. УИХ дахь МАН-ын бүлгээс болон АН-ын томоохон зүтгэлтнүүд хүртэл “Энэ бүтэц болохгүй байна” гэдийг хэвлэл мэдээллээр дамжуулан хангалттай мэдэгдэж байна.

Энэ утгаараа намрын чуулганаар хэлэлцэх асуудлын анхаарал татах томоохон сэдэв нь бүтэц байх нь гарцаагүй. Засгийн газрын бүтцийн асуудал УИХ-ын бүрэн эрхэд хамаардаг. УИХ энэ асуудлыг тогтоолоор баталдаг учраас эндээс эцсийн шийд гарна. Түүнчлэн Засгийн газрын бүтцийн асуудлыг оруулж ирэхдээ Н.Алтанхуяг сайдыг өөрийнхөө огцрох өргөдлийг хамт өгөх байх гэж харж байгаа.

Учир нь багийн капитан болж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар гэдэг том залуур дээр суусан капитан нь өөрөө үлдээд багийнхаа бусад гишүүнийг цаазын тавцан руу хариуцлага тооцохоор түлхэхгүй байх гэж найдаж байгаа. Товчхондоо, энэ Засгийн газрын бүтэцтэй хамт Н.Алтанхуяг сайд огцрох юм байна гэсэн ойлголтыг олон хүн авсан шүү.

Нөгөө талаар эдийн засгийн хямралтай үед төр бүсээ чангалах, цомхон чадварлаг болох асуудал хамгийн чухал байгаа. Баялаг бүтээж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үзүүлэхээс илүү төр өөрөө яаж хэмнэлтийн горимд шилжихээ өндөр төвшинд хүлээж авах ёстой. Энэ утгаараа энэ удаагийн эдийн засгийн хямралаас гарах нэг гарц нь төр өөрөө мөнгөний бодлогынхоо хүрээнд хэмнэлтийн горимд шилжиж байгаа юм байна гэж харж байгаа. Тийм учраас намрын чуулганаар хэлэлцэх бас нэг чухал асуудал нь энэ байх болов уу.

-Засгийн газрын бүтцийн асуудалтай зэрэгцээд МАНАН үүсэх нь гэсэн хардлага гарах боллоо. Тэр дундаа МАН-ын залуус үүнийг хүсч байна гэсэн мэдээлэл ч гарч байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

Дараагийн Засгийн газар АН-ынх л байна. АН-ынхан энэ улс орны хувь заяаг дөрвөн жилийн хугацаанд бид хариуцна, “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдруулна” гэж гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ амлалтаа биелүүлж, хийх гэсэн бүхнээ амжуулах ёстой. Биднийг бол сөрөг хүчний байр сууринд бай гэж ард түмэн санал өгсөн.

Хэдий хоёрхон саналын зөрүүтэй байсан ч биднийг “Гадна талаас нь шүүмжил, хяна, болохгүй байгаа зүйлд нь санал бодлоо илэрхийл” гэж иргэд санал өгсөн. Бид энэ үүргээ ч биелүүлж ажиллаж байгаа. Энэ утгаараа МАН цаашид ч энэ байрандаа байна. Ер нь Монгол Улсын нийгэм эдийн засаг ямар байдалтай байх вэ гэдгийг МАН төдийгүй бусад улс төрийн хүчин ярих цаг нь болсон. Би бол Үндсэн хуулийн өөрчлөлт рүү энэ намрын чуулган яваасай гэж хүсч байгаа.

-Хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газрын бүтэц багтаагүй. Энэ нь Ерөнхий сайд сурсан зангаараа бас л худлаа ярьчихав уу гэх харыг дагуулаад байна л даа?
Ер нь Монгол Улсын нийгэм эдийн засаг ямар байдалтай байх вэ гэдгийг МАН төдийгүй бусад улс төрийн хүчин ярих цаг нь болсон. 

Өнөөдрийн/өчигдөр/ намрын чуулганы нээлтэн дээр УИХ-ын дарга энэ талаар мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, З.Энхболд дарга“Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг дараалал харгалзахгүй хэлэлцэнэ” гэдгээ мэдэгдсэн. Үндсэндээ Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна гэдэг нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газар болохгүй байна, хариуцлагаа үүр гэсэн үг. Ер нь эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэсэн, ард иргэдийн амьдрал өнгөрсөн онуудынхаас маш хурдацтай унаж байна шүү дээ.

-Танай намын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Өнөөдөр үүнийг хэлэлцэх гэж байна. Гэхдээ бүтэцтэй хамт оруулж ирнэ гээд буцаачихвий гэсэн болгоомжлол ч байна?

Н.Батбаяр сайдын асуудал бол бүтэц бүрэлдэхүүнтэй холбоогүй. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал учраас тусад нь хэлэлцэх ёстой. Биднийг хүлээлгэж өгөхөд 17.5 хувьтай байсан эдийн засаг өнгөрсөн жил 11 хувьд хүрсэн бол энэ жил 8.5 хувь болж буурсан байх жишээтэй.

Тэгэхээр нийгэм, эдийн засгийг ийм хүндрэлтэй байдалд оруулсан эрх баригчид тодорхой хариуцлага хүлээх ёстой гэдгийг манай намын бүлгийн зүгээс байнга хэлж байна. Энэ утгаараа асуудал хариуцсан сайдад нь хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Харамсалтай нь эрх баригчид энэ асуудлыг хууль зөрчин байж чуулган дамнуулан хэлэлцэхээр болсон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бага ч гэсэн ухаарал авсан юм болов уу гэж харж байгаа.

-Ерөнхий сайд өнөөдөр “ЭЗЭН100” хөтөлбөрийн тайланг тавих гэж байна. Танай намын бүлгээс энэ хөтөлбөрийг үр дүн муутай болсон гэж дүгнэсэн. Харин Н.Алтанхуяг сайдын тайлан танай намын дүгнэснээс хэр зөрүүтэй байх бол?

“ЭЗЭН100” хөтөлбөрийг баталж байх үед Ерөнхий сайд юу гэж хэлж байсан, ямар мэдээлэл өгч байсныг эргэж нэг хараасай гэж хүсч байна. Хэлсэн ярьснаас нь юу нь биелэж, юу нь орхигдсон бэ гэдгийг ард түмэн харьцуулж харах хэрэгтэй.

Үнэхээр Монголын нийгэм эдийн засгийн байдал сайжрав уу, хөрөнгө оруулалт нэмэгдэв үү, бүтээн байгуулалт, томоохон төсөл хөтөлбөрүүд гацаанаас гарав уу гэдгийг олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тийм учраас бодит байдлаас хэр зөрүүтэй мэдээлэл хийхийг харьцуулж харах нь зүйтэй. Манай бүлгийн зүгээс бол“ЭЗЭН100” хөтөлбөрийг 30 хувьтай байна гэж дүгнэсэн. Харин Ерөнхий сайд юу гэж дүгнэхийг харъя. Хэн бүхний нүдэн дээр ил байгаа зүйлийг арай худлаа ярихгүй байлгүй гэж найдаж байна.

-Өнгөрсөн хаврын чуулганаар багагүй хугацаанд маргалдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого буюу царигийн асуудлыг чуулганы эхэнд хэлэлцэх гэж байна. Энэ асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөлд хүрэхгүй байсаар багагүй хугацаа өнгөрч байна л даа?

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлачихсан. Энэ баримт бичгийн хэрэгжилтийг хэрхэн хангах нь УИХ-ын гэхээсээ илүү Засгийн газрын ажил. Тэгэхээр Засгийн газар УИХ-аас баталж өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг нь УИХ-д мэдээлэх ёстой.

Манай бүлгийн зүгээс бол“ЭЗЭН100” хөтөлбөрийг30 хувьтай байна гэж дүгнэсэн

Засгийн газрын гишүүд дотроо үл ойлголцолтой байгаа. Эрх баригчдын фракци, эдийн засгийн бүлэглэлүүдийн зөрчлөөс болоод энэ ажил явахгүй байна гэж харж байгаа. Гэхдээ царигийн асуудал бол тийм чухал биш гэж би хувьдаа боддог. Учир нь цариг бол технологийн асуудал.

Энэ бол эдийн засгийн тооцоо үр дүнгээр шийдэх ажил. Аль ч оронд цариг янз бүр байгаа. Үүнээс болоод геополитикийн асуудал үүсээд байгаа юм байхгүй. Гол нь царигаар дамжаад хил гарсны дараа далай, боомт дээр очих, цаашлаад гурав дахь хөршид түүхий эдээ гаргах асуудлыг шийдчихвэл асуудал цэгцэрнэ. Хамгийн гол нь Засгийн газрын үл ойлголцол гацааны үндэс болчихоод байна.

-Ирэх оны төсвийг та хэрхэн харж байна. Төсвийн төсөөллийг УИХ-д өргөн барих хугацаа өнөөдөр дуусгавар болж байна шүү дээ?

Төсөв мөнгөний бодлого орж ирнэ гэдэг Монгол Улс ирэх жил хэр хэмжээний хоол ундтай, ямар хувцас өмсөх, ямар бүтээн байгуулалт хийх вэ гэдэг гол бодлогын баримт бичиг байдаг. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд Засгийн газар, Монголбанкнаас оруулж ирж байгаа төсөв мөнгөний бодлого худлаа тоотой буюу, хууль зөрчиж орж ирээд байгаа.

Ихэнх нь амьдралд нийцэхгүй буюу тухайн үедээ орлого, зарлагаа хүчээр нийлүүлж явж байгаа. Тийм ч учраас сүүлийн хоёр жилд төсвийн тодотголыг 1-2 удаа хийдэг болчихлоо л доо. Нэг ёсны төлөвлөж чадахгүй байна. Ойрын нэг жилийн төсөв мөнгөний бодлогыг харж чадахгүй байна.

Ямартай ч ирэх оныхоо төсвийг бүтэцтэйгээ уялдуулаарай гэдэг анхааруулгыг бид өгсөн.

Ийм хүмүүс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлогыг яаж 10-20 жилээр нь төлөвлөж харахав дээ. Товчхондоо, ингэж улс орныхоо ойрын ирээдүйг харж чадахгүй байгаа нь өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хямралын нэг үндэс болсон гэж хэлж болно. Тухайлбал, өнгөрсөн оны төсвийг МАНын бүлэг шүүмжилж байсан. Гэтэл яг тэр шүүмжлэлтэй өнөөдөр нүүр тулж байх жишээтэй. Мөн төсвийн урсгал зардлыг 30 хувиар танах хүсэлтийг ч бид гаргаж байсан.

Нөгөө талаар дандаа худлаа тоо оруулж ирж байгаа. Тухайлбал, энэ жил 31 сая тонн нүүрс, 28 тонн алт гаргана гэсэн. Өнөөдөр аль нь ч биелэлээ олоогүй байна. Биелэхгүй нь өнгөрсөн жилээс харагдаж байсан. Ямар нэг тоо тавихгүй бол болохгүй байсан хэрэг л дээ. Учир нь төсвийн жилийн алдагдал төсвийн нийт дүнгийн хоёр хувиас хэтрэхгүй гэдэг үндсэн үзүүлэлтэд нөлөөлөөд байсан учраас ингэж худлаа тоо тавьж оруулж ирсэн хэрэг.

Дахиж битгий тийм худлаа тоо оруулж ирээсэй гэж бодож байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жил нэг ам.долларыг 1384 төгрөгтэй тэнцүү байхаар оруулж ирсэн. Гэтэл энэ нь амьдралд огт биелэхгүй гэдэг нь харагдаж байна шүү дээ. Энэ мэтээр мэдсээр байж Монголын эдийн засгийг санаатайгаар битгий хорлоосой л гэж харж байна.

-Танай намын бүлгээс ирэх оны төсвийг бүтэцтэй уялдуулах шаардлага хүргүүлсэн байгаа. Гэтэл бүтэцтэйгээ уялдуулна гэхээр хугацаа алдах гээд байдаг, эсвэл тодотголоор асуудлыг шийдэж таарна гэсэн үг үү?
Нөгөөтэйгүүр өнгөрсөн жил нэг ам.долларыг 1384 төгрөгтэй тэнцүү байхаар оруулж ирсэн. Гэтэл энэ нь амьдралд огт биелэхгүй гэдэг нь харагдаж байна шүү дээ. 

Ирэх оны төсөв мөнгөний бодлого одоогоор бидний гар дээр ирээгүй байна. Төсвийг Засгийн газрынхаа бүтэцтэй уялдуулж оруулж ирэх нь эрх баригч буюу АН-ынхны л мэдэх асуудал.

Ямартай ч ирэх оныхоо төсвийг бүтэцтэйгээ уялдуулаарай гэдэг анхааруулгыг бид өгсөн. Нөгөө талдаа салбарын асуудлыг цаашид залж чиглүүлж явах хүн ирэх оныхоо төсөв мөнгөний бодлогыг өөрөө оруулж ирж, хариуцлагаа үүрэх хэрэгтэй гэж бодож байгаа.

Тэр хүн гэрийн даалгавар авч байна шүү дээ. “Ийм төсвөөр ийм ажил хийнэ” гэдэг үүргийг жинхэнэ ажил хариуцах хүн нь авах хэрэгтэй. Ингэхгүйгээр гурав магадгүй долоо хоногийн дараа ажлаа өгөх хүн төсөв мөнгөний бодлогыг хариуцаж болохгүй. Энэ утгаараа бүтэц бүрэлдэхүүнээ чуулганы эхэнд ярьсныхаа дараа ирэх оныхоо төсвийг оруулж ирэх нь зүйтэй гэж харж байна.