Ц.Оюундарь: Бүрэлдэхүүнийг л Гүйцэтгэх зөвлөл хэлэлцэнэ
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.10.03

Ц.Оюундарь: Бүрэлдэхүүнийг л Гүйцэтгэх зөвлөл хэлэлцэнэ

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас дараахь тодруулгыг авлаа.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийг өөрчлөх саналаа УИХ-д оруулж ирлээ. Энэ шийдвэрийг намтайгаа зөвшилцсөн үү?

Заавал ҮЗХ хуралдаж ийм асуудал шийдвэрлэнэ гэсэн зүйл байхгүй. Энэ бол цэвэр Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.

Намын даргын хувьд энэ удаад Ерөнхий сайдын хувиар асуудлаа УИХ-д оруулсан. Энэ тохиолдолд нам талаас хэлэлцэх хамгийн том субъект нь УИХ дахь АН-ын бүлэг. Тиймээс ч бүлгийн хурлаар Ерөнхий сайдын оруулсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн.

-ҮЗХ биш юм гэхэд ядаж Гүйцэтгэх зөвлөлөөр ярих ёстой биз дээ?

Энэ удаад засагт жижиг хэмжээний өөрчлөлт хийх саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулсан. Хэрэв Засгийн газрын гишүүдийн талаас дээш хувь нь ч юм уу, эсвэл Ерөнхий сайд өөрөө солигдох нөхцөлд бол Гүйцэтгэх зөвлөл хуралдана. Энэ удаагийнх бол Засгийн газрын гуравны нэгээс ч доош хэмжээнд яригдаж байгаа зүйл болохоор заавал хэлэлцэх албагүй.

-Тэгэхдээ УИХ-аар энэ бүтцийг хуульчилбал бүрэлдэхүүнийг хэлэлцэхдээ намтайгаа зөвшилцөх ёстой биз дээ. Фракцууд ч бас байр сууриа илэрхийлэх ёстой гэж ойлгож байна?

Тэр ойлгомжтой. Шинэ бүтцийг баталсны дараа бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ. Тэр үед АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байж шийдвэрлэнэ.

-АН-ын ҮЗХ хэзээ хуралдах вэ. Ойрын үед хуралдах уу?

Одоогоор яригдсан юм алга. Тов гараагүй байна.