Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэцийг нүдээ нээтэл ярина
Улс төрийн хүрээнд сүүлийн үед яригдаж байгаа гол сэдэв болох засгийн газрын бүтэц, ирэх оны төсвийн төслийн талаар АН, МАН сууриа илэрхийлсэн. Харин уг асуудалд УИХ-ын бие даагч гишүүд ямар бодолтой байгаа талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Таны хувьд Засгийн газар ямар бүтэцтэй байгааай гэж бодож байна вэ ?
Засгийн газрын бүтэц тодорхой хэмжээгээр цомхон болж, зардал хэмнэж үр ашигтай байх хандлага харагдаж байгаа учир бүтцийг дэмжиж байгаа. Харин Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдлаа. Үүнтэй холбоотой улс орны дунд, урт хугацааны нэгдсэн бодлого төлөвлөлтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй явж байгаад харамсч байна.
Энэ асуудлыг Ерөнхий сайд анхаарах хэрэгтэйг УИХ-ын чуулган дээр хэлсэн. Гэхдээ бүтэц гол нь биш. Хамгийн чухал нь шинэ яамдыг авч явах боловсон хүчин. Мэргэжлийн бус хүмүүс салбарын яамдыг удирдах болсон нь шүүмжлэлд өртөөд байгаа сул талуудын нэг юм. Салбарын яамны сайдаар мэргэжлийн бус хүн томилогдож байна.
Ингэснээр сайд нар мэргэжилтнүүдийн төлөвлөж оруулж ирсэн асуудлаас өөртөө зөвхөн таалагдсаныг нь сонгож ажлаа явуулж байна. Түүнээс биш тухайн салбараар туршлагажсан мэргэжлийн сайд хүний гаргадаг шиг шийдэл гаргаж чадахгүй байна.
-Тэгвэл бүтцийн өөчлөлтөөр жинхэнэ сайд сонгох боломж хэр байна гэж харж байна вэ?
Дээр ярьсан зүйлд анхаарах юм бол одоогийн бүтцийн өөрчлөлт хийж байгаагийн үр ашиг гарна. Сайд нарын тухайд мэргэжлийн хүмүүс санал болгохыг аль хэдийн анхааруулсан. Шийдэл гаргах чадвартай боловсон хүчин сонгох нь чухал. Төр суларч байгаагийн өөр нэг уршиг нь гэвэл нам, бүлэглэл дагасан төрийн албаны сонголтын асуудал байгаа юм. Тиймээс бие даагчид УИХ-ын чуулганаар Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд онцгой анхаарч ажиллах болно.
-Сайд нарыг парламентын гаднаас томилох саналыг дэмжиж байгаа юу?
Бид Үндсэн хуулийн асуудлыг хөндөөд явж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байх тухай Үндсэн хуульд хуульчилсан байдаг. Манай УИХ-ын хэсэг гишүүн зарим улс орны парламентын гишүүдтэй АНУ-ын парламентын үйл ажиллагаатай танилцсан.
Кени улсад парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн болсон байдаг гэнэ. Манай хоёр улс адилхан байдалтай байна гэсэн үг. Засгийн газар УИХ хоёр хоорондоо холилдоно гэдэг буруу зүйл гэдгийг олон улсын парламентчдын үгнээс ч сонслоо. Тиймээс шинэ сайд нар “давхар дээл”-гүй хүмүүс байх хэрэгтэй гэдэгт санал нэг байна.
Тиймээс бие даагчид УИХ-ын чуулганаар Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд онцгой анхаарч ажиллах болно.
Дээр нь “давхар дээл”-гүй ч намын харьяалал, мөн бүлэглэлийн хуваалтаар мөн ажлын туршлагүй хүн ирж магадгүй гэдгээс айж байна. Тиймээс мэргэжлийн, “давхар дээл”-гүй байхыг дэмжиж байна.
-Дээрх хоёр хууль батлагдсанаар өнөөгийн төр засагт үүсээд байгаа гажуудлыг өөрчилж чадах уу?
Улс төрийн намын тухай хуулиар хатуу гишүүнчлэлийг байхгүй болгох ёстой. Үүгээр дамжиж хэн дуртай нь төрд орж ирж, гишүүнээр сонгогдож байна. Хатуу хэлбэл гишүүнчлэлээр дамжиж үл бүтэх хүмүүс намд ирдэг. Энэ нь эргээд төрийг сулруулах хүчин зүйл болдог. Хатуу гишүүнчлэлээр дарамталдаг асуудлыг нэн тэргүүнд шийдэхгүй бол төрийн ажил сул хэвээрээ байна.
Өнөөдөр олонх суудал авсан хүн ямар өрөнд унаж байна бэ гэсэн асуултын хариу маш тодорхой. Тэд сонгуульд авч явсан хүмүүсээ ажилтай байлгахын тулд мэргэжлийн бус хүмүүсээр яамд, төрийн байгууллагуудыг дүүргэх болсон. Үүнээс үүдээд төрийн ажил цалгарддаг. Цаашид төр суларсан байдлаараа явбал Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Сонгуулийн тухай хуулийн тухайд хамгийн гол зүйл нь намын ард нуугдан сонгогдож байгаа асуудлыг цэгцлэх ёстой.
Бид Үндсэн хуулийн цэцэд асуудал тавьсан. Хариуд ньҮндсэн хуулийн цэц шал утгагүй бичиг ирүүлсэн. Биднийг битгий дарамтлаад бай гэсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц хууль бус зүйл хийчихээд түүнийгээ зас гэхээр дарамталлаа гэдэг болжээ. Үндсэн хуулийн цэцэд юу болж байгааг хүн бүр харж байгаа. Ер нь үл бүтэх этгээдүүдийг суулгадаг ийм Үндсэн хуулийн цэц болжээ. Зарим хэсэг нь хөөрөгний наймаа хийж байх жишээтэй.
Нөгөө хэсэг нь гэмт хэрэгт холбогдоод байж байдаг. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн асуудлыг яаралтай шинэчилж дараагийн сонгуульд орох нь зүйтэй. Цэц үндсэн хуулиа хамгаалж чадахгүй болсон тохиолдолд байгаа Цэцтэйгээр явбал Үндсэн хуулийн баталгаа үгүй болно. Бид Үндсэн хуулийн цэцийг нүдээ нээтэл энэ асуудлыг хуулийн хүрээнд ярих болно.
-Ирэх оны төсвийн төсөл бодит байдалд хэр нийцсэн гэж үзэж байна?
2015 оны төсвийн төслийг боловсруулж танилцуулахдаа энэ оны буюу өнгөрсөн жилийн өсөлтөөс бууруулсан төвшинд оруулж ирсэн. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр ялангуяа 2010-2013 оны хооронд төсвийн орлогын өсөлтийг 20 хувиар авч байсан. Энэ нь биелэхгүй болохоор тодотгол хийдэг буруу жишиг рүү орж байсан.
Тиймээс энэ удаа төсвийн орлогын өсөлтийг 14 хувиар авсан байгаа. Харьцангуй бодит байдалтай уялдуулсан төсөөлөлтэй орж ирсэн гэсэн үг. Гадаад томилолтын зардлыг Ерөнхийлөгч, Тамгын газар зэрэг тодорхой байгууллагуудаас бусдыг нь бууруулахаар шийдсэн байна. Ер нь тодорхой хэмнэлтийн горимд байлгах, бүтцийн өөрчлөлтүүдийг хийх гэсэн УИХ-ын тогтоол шийдвэрүүд бий. Энэ хүрээнд хэлэлцүүлгийн явцад авч үзнэ. Төсвийн төсөл 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төвшинд боловсруулагдсан байгаа.
Төсвийн зарлага бол 7.6 их наяд, алдагдал нь 480 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барьж байгаа.
Тухайлбал, орлого нь гэхэд төсвийн хүрээний мэдэгдлээр тогтоож өгсөн доод шалгуураас 40 тэрбумаар бага. Төсвийн зарлага бол 7.6 их наяд, алдагдал нь 480 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барьж байгаа. Иймэрхүү төсвийн төслийг өргөн барьсан. Орлого тал дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн байдалтай уялдуулан өмнөх оны төсөөлж байснаас уул уурхайн салбараас орох орлогыг 300 тэрбум төгрөгөөс бууруулсан байна. Өнөөдрийн төвшинд төсвийн орлогын 20 гаруй хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ гэж үзсэн байгаа.
Төсвийн тогтворжилтын санд 18 тэрбум төгрөг төвлөрөх байх. Ингэснээр 430 тэрбум төгрөг төсвийн тогтворжилтын санд хуримтлагдана. “Оюутолгой” гэхэд ирэх жил 3.4 их наядын борлуулалт хийнэ. Үүнээс 330 орчим тэрбумыг хорогдол гэж тооцно гэж байгаа. Үүнээс 60 сая ам.долларыг урьдчилгаандаа өгнө. Ингээд 100 гаруй тэрбум төгрөг нь манай төсөвт орж ирнэ гэж үзэх юм. Харамсалтай нь үүнийг “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад маш бага.