Д.Тэрбишдагва: Хоёр Шадар сайд байх шаардлагагүй
Хэвлэлийн бага хурлын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва МАХН-ынхантай Н.Энхбаярын талаар байр суурь нэг байгаагаа илэрхийлсэн юм. Түүнээс Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар санал, байр суурийг нь сонслоо.
-Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын шинэ бүтцийг та дэмжиж байгаа юу?
Засгийн газрын шинэ бүтцийн талаар Ерөнхий сайдын санаачлагыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд УИХ-ын холбогдох байнгын хороодод нь шилжүүлсэн. УИХ дахь намын бүлгүүд ч хэлэлцэж байна. Би, МАХН Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Хэлэлцэх явцад зарчмын зүйл дээр санал зөрөх зүйл гарахыг үгүйсгэхгүй.
-Ерөнхий сайдын саналд Тэргүүн шадар сайд, Шадар сайдтай байхаар тусгагдсан. Таныг Тэргүүн шадар сайд болгохоор байгаа?
Хувийн байр сууриа хэлэхэд Засгийн газар хоёр Шадад сайдтай байхыг дэмжихгүй. УИХ дээр олонхиороо асуудлыг шийдвэрлээд явах байх.
-“Шударга ёс” эвслээс МҮАН гарна гэсэн мэдээлэл байсан?
Тийм зүйл байхгүй. “Шударга ёс” эвслийн бүлэг дээр яригдаагүй.
-“Шударга ёс” эвсэл Засгийн газрын шинэ бүтцэд хэдэн сайдтай байх вэ?
Шинэчлэлийн Засгийн газрыг эмхлэхдээ байгуулсан гэрээнийхээ дагуу явна. “Шударга ёс” эвсэл Засгийн газрын бүтцэд 25 хувь буюу дөрвөн сайдтай байна гэсэн. Энэ байр суурин дээрээ зогсоно.
-МҮАН-аас сайд нэмж томилох уу?
МАХН, МҮАН дээр одоохондоо хэн хэнийг сайдад томилох тухай яригдаагүй. Хоорондоо хэнийг сайдаар томилуулахаа ярилцаж таарна.
Монгол Улсын нэгэн Гавьяат хуульч Н.ЭНхбаярт эрүүгийн хэрэг дахин үүсгэх тухай хариуцлаггүй зүйл ярилаа.
-“Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?
“Эзэн-100” улстөрчдийн дунд ойлголтын зөрүүтэй хөтөлбөр шүү дээ. Бүх зүйлийг өргөс авсан мэт сайн сайхан болгоно гэж эл хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй. Шинэчлэлийн Засгийн газар ажлаа эрчимжүүлэх, төрийн албаны хүнд суртлыг багасгах, бүтээн байгуулалтын ажлуудыг хурдасгах зорилготой хөтөлбөр.
-Танай намын дарга Н.Энхбаярын талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
Намынхантайгаа санал нэг байна. Монгол Улсын нэгэн Гавьяат хуульч Н.Энхбаярт эрүүгийн хэрэг дахин үүсгэх тухай хариуцлаггүй зүйл ярилаа. Монголдоо ирмээр байна гэдэг.
-Ойрын үед ирүүлэх талаар ярилцаж байгаа юу?
Бие нь сайжирвал Монголд ирэх тухай байнга ярьдаг. Монголынхоо цэвэр агаараар амьсгалахсан, хөдөө орон нутагт амарч, биеэ тэнхрүүлмээр байдаг тухайгаа бидэнд хэлдэг. Биеийнх нь байдлаас болоод хэзээ ирэх нь тодорхой бус байна.