Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсийг шийтгэх ёстой
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.10.21

Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсийг шийтгэх ёстой

УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гурван гишүүн цаг үеийн асуудлын талаар ээлжит мэдээллээ хийхдээ Оюутолгой тойрсон асуудлуудыг нэлээн хатуухан шүүмжлэв. Мөн ирэх оны төсөв хугацаандаа багтаж батлагдах эсэх, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний талаар өөрсдийн байр сууриа тайлбарласан юм. Үүний дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй дараах ярилцлагыг хийв.

-Та бүхний мэдээллээс энэ долоо хоногт УИХ дахь бие даагчдын зөвлөл нэлээн шаргуу ажиллах төлөвлөгөөтэй юм байна гэж ойлголоо?

Энэ долоо хоногт хэлэлцэх Галт зэвсгийн тухай хуульд бие даагчдын зөвлөл нэлээн хянуур, нямбай хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр өргөн уудам Монгол орны өнцөг булан бүрт хэдэн малынхаа араас явж байгаа малчдын дайсан нь малын хулгай, чоно хоёр болоод байгаа. Уулын аманд ганц гэрээрээ буусан ганц айлд буу шиг хэрэгтэй зүйл байхгүй.

Гэтэл тийм хэрэгтэй зүйлийг нь хураан авч, гарыг нь мухарлах хууль хэрхэвч баталж таарахгүй. Би өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөлийн Төмөрбулаг, Түнэл, Их-Уул сумдаар явж малчин айлд хоноод ирлээ. Миний хоносон айлын хаяанд нь чоно улиад унтуулахгүй байсан.

Тэгэхээр Галт зэвсгийн тухай хуулийг амьдралд нийцсэн, малчдад хэрэгтэй хууль болгохын тулд бид их нухацтай хандах ёстой. Өнөөдөр монголчууд америк шиг сургууль руу буу үүрч очоод олон арван хүнийг шүршиж алаад байгаа юм байхгүй. Мөн түүнчлэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариугаа ирэх тав дахь өдөр сонсоно.

Сүүлийн үед хоёр хөрш маань манайхаас мах авах талаар идэвхтэй ярьж эхэлсэн. Энэ ажилд саад болж байгаа гол асуудал нь дэлхийн стандартад нийцэж, эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядлах үйлдвэр болоод байгаа. Уг нь нэг тийм үйлдвэр барихад зургаан сая ам.доллар шаардлагатай. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Чингис бонд”-ыг авснаараа Монгол Улс дааж давахгүй өрөнд орлоо гэж яриад байгаа.

Гэтэл өөрийнх нь компани тэр мөнгөнөөс 80 сая ам. доллар авчихсан л байх жишээтэй. Тэдний авсан мөнгөөр дэлхийн стандартад нийцсэн махны үйлдвэр 12-13-ыг байгуулж болох л байсан. Яг энэ асуудалд Засгийн газрыг нэлээн сайн шахах хэрэгтэй болоод байгаа юм.

-Та бүхэн сая Оюутолгойн талаар нэлээн шүүмжлэлтэй хандаж, олон тоо баримт дурьдлаа. Эдгээр тоо баримтаас үзвэл монголын говьд байгаа тэр их эрдэнэс баялгаа бид гадныханд сул шахуу алдчихсан юм биш үү?

Шулуухан хэлэхэд Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баяр, одоо УИХ-д сууж байгаа нэр бүхий хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Одоогоор бидэнд олдож байгаагаар нь “Тurguoise Hill”-ын сайтад гарсан мэдээллүүдэд л дүн шинжилгээ хийгээд та бүхэнд мэдээлж байна.

Тэдний мэдээллээр 2014 оны есдүгээр сарын байдлаар 124 мянган тонн зэс борлуулж 821 сая 40 мянга, 8.6 тонн алт борлуулж 390 сая 544 мянга, 20 тонн мөнгө борлуулж 12 сая 868 мянга, нийтдээ нэг тэрбум 224 сая, 452 мянган ам. долларын борлуулалт хийсэн байна. Гэтэл Монгол Улсад төлөх ёстой татварын 130-хан сая ам.долларыг 30 сая болгочихоод хэнэг ч үгүй хэл ам хийгээд сууцгааж байгаа.

Энэ булхайтай ажилд нь Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат, Батцэцэг нарын зэрэг эрх мэдэлтнүүд оролцсоныг сая манай Ганбаатар тодорхой тайлбарлалаа. Бид энэ хүмүүсийг АТГ-т шалгуулна.

-Оюутолгойн гэрээг батлах үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт өнөөдөр ёс зүй яриад, УИХ-ын гишүүний халдашгүй хамгаалалтын дор ямар ч гэм зэмгүй явж байгаа нь шударга явдал мөн үү?

Ямар ч гэсэн бид ард түмнээ мэдээллээр хангаж, байдал ямархуу байгааг дамжуулах үүргээ гүйцэтгээд л явж байна. Өнөөдөр манай УИХ-д Рио Тинтогийн хоолыг нийлүүлдэг, тогооч улстөрч өдөртөө 150 мянган ам. долларын борлуулалт хийчихээд хэнэг ч үгүй явж байгаа нь үнэн. Нэг хүний хоолыг 58 ам. доллараар нийлүүлдэг гэхээр Оюутолгойн 3000 ажилтан өдөртөө л манай тогооч улстөрчийн халаасыг 150 мянган ам. доллараар түнтийлгэж байгаа юм л даа. Гэтэл өнөөдрийн байдлаар Оюутолгойгоос Монгол Улсад ирэх ногдол ашиг нь хасах 284 тэрбум төгрөг болчихоод явж байх жишээтэй.

Товчхондоо монголчууд 70 жил Оюутолгойгоос ногдол ашиг авахааргүй болчихоод байна. Энэ чинь одоо ер нь юу болж байна вэ. Ер нь Оюутолгойн гэрээний “9-ийн А-3”-ыг өөрчлөөгүй цагт бид борлуулалтын орлогоос орж ирж байгаа ашгийг үнэн зөвөөр нь тогтоож хэзээ ч чадахгүй. Одоо монголчууд бүгдээрээ нийлж байгаад Оюутолгойг гадныханд найр тавьж зүгээр өгсөн луйварчдыг шийтгэж чадах юм бол дараагийн хулгайчид төрөх зориггүй болно.

Тэгэхээр баригдаж дуусаагүй байгаа 400 гаруй обьектийн төсөв, санхүүг даруйхан шийдэх л ёстой. 

Харин эднийг шийтгэж чадахгүй бол мянга, мянган хуйлгайч нар тэдний араас төрөн гарна. Одоо хэрвээ монголд АТГ гэж байгаа бол давын өмнө Оюутолгойн араас хөөцөлдөх цаг нь болчихоод байна.

-Ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. Урьд нь царцаасан барилгууд маш олон байгаа. Эдгээрийг хэзээ санхүүжүүлж ашиглалтад оруулах юм бол. Ирэх оны төсөвт энэ талаар тусгагдаж байгаа болов уу?

Баригдаж эхэлсэн ч төсөв, санхүүгийн улмаас цар­цаагдсан 400 гаруй обьект орон нутгуудад шийдлээ хүлээгээд байж байна. Төсөв нэлээн өсөлттэй байсан 2010-2013 оны хооронд ихээхэн хөрөнгө оруулалт төлөвлөөд тэдгээр барилгын ажлыг эхлүүлчихсэн. Гэтэл энэ олон барилгын ажлыг эхлүүлсэн компаниуд банкнаас зээл авчихсан байдаг.

Тэдгээр зээлийг нь банкны системийн найдваргүй зээлд хамруулаад одоо анх авснаасаа гурав дахин өсчихсөн. Өмнө нь 90 тэрбум байсан бол одоо 200 гараад явчихсан байгаа. Түүний 100 гаруй тэрбум нь тухайн компаниуд “За төр дараа нь мөнгөө өгч л таарна” гээд авчихсан зээл байгаа шүү дээ. Энэ нь эргээд тэдгээр компаниудын үйл ажиллагаа, тэнд ажиллаж байгаа иргэдийг хохироогоод зогсохгүй банкны салбарт ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа.

Тэгэхээр үүнийг даруйхан зоригтой шийдэхгүй бол банкны салбар нь ч тэр нөгөө барилгын компаниуд нь ч сүйрлийн ирмэгт ирчихээд байна. Ийм учраас төр мөнгөө өгөх л ёстой. Яг өнөөдөр нэг аймагт 20 гаруй дуусаагүй байшин байж л байгаа. Тэгэхээр баригдаж дуусаагүй байгаа 400 гаруй обьектийн төсөв, санхүүг даруйхан шийдэх л ёстой. Өөр арга байхгүй.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд яг одоо Зас­гийн газраар оролдож байгааг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?

МАН-ын бүлэг энэ асуудлыг хөндлөө гэдгээсээ илүү Монгол Улсын банк санхүү, эдийн засгийн байдалд нэлээн ул суурьтай дүн шинжилгээ хийвэл энэ Засгийн газар үнэхээр хариуцлагагүй, алдаатай ажиллаж байгаа нь үнэн. Ялангуяа төсвийн зарцуулалт, түүнд тавих хяналт, хийж байгаа ажлуудынх нь үр өгөөж гээд яривал алдаа их бий. Гэхдээ яг өнөөдөр 2015 оны улсын төсвийг хэлэлцэн батлах, өвлийг бэрхшээл багатай давах гээд тулгамдсан, цаг үеийн хойшлуулашгүй ажил их хүлээж байна.

Тийм учраас УИХ дахь бие даагчдын зөв­­лөл Монголбанкны Ерөн­хий­лөгчийн асуудлыг хуулийн хүрээнд хөндөж тавьсан юм.

Өнөөдөр Засгийн газарт хариуцлага тооцох талаар ярьж байгаа хүмүүс урьд нь ихэнх нь сайд, дарга байсан хүмүүс. Тэд өмнө нь юу хийж, ард түмнийхээ өмнө ямар гавьяа байгуулсан билээ гэдгээ бас бодоод үзэхэд буруудахгүй. Заавал энэ засгийг унагаж, оронд нь өөрсдөө суух гэж зүтгээд байгаа бол би дэмжихгүй. Яг одоо засаг төрөөрөө оролдвол валютын ханш шууд л 2000 гараад явчихна. Би тэр талаас нь л харж байна.

Нөгөөтэйгүүр саяхан хоёр их хөршийнхөө тэргүүнүүдтэй тохиролцсон эдийн засгийн их нааштай гэрээ хэлцлүүд худлаа болно. Хэрвээ яг одоо засгаа сольчих юм бол тэд дахиж бидэнд итгэхгүй.

-Та Монголбанкны Ерөн­хийлөгч Н.Золжаргалд нэлээн шүүмжлэлтэй ханд­даг. Түүний ажил хангалт­гүй байгааг ямар үндэслэлүүдээр нотлох вэ?

Наад захын олон үзүүлэлт бий. Валютын ханш, гадаад худалдааны тэнцэл, найдваргүй зээл, өр авлага, инфляци гээд л хөвөрч өгнө. Энэ бүхнийг аваад үзвэл өнөөдөр үндсэндээ Монголбанк дампуурчихаад байгаа. Өнөөдрийн эдийн засгийн хямрал, санхүү­гийн доройтолд хамгийн гол буруутан нь яах арга­гүй Монголбанк, түү­нийг удирдаж байгаа нө­хөр Н.Золжаргалтай хол­боо­­той.

Тийм учраас УИХ дахь бие даагчдын зөв­­лөл Монголбанкны Ерөн­хий­лөгчийн асуудлыг хуулийн хүрээнд хөндөж тавьсан юм. Харин З.Энх­болд дарга өнөөдрийг хүртэл хууль зөрчөөд л яваад байгаа. УИХ-ын дарга бол нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг л оруулж ирэх үүрэгтэй шүү дээ. Огцруулахад ганцхан Ерөнхий нарийн бичгийн даргаа л оруулж ирнэ гэсэн хуулийн заалттай.

Бусдыг нь УИХ-ын гишүүн оруулж ирэхээр хуульчлаад заачихсан юм. Тэр заалтын дагуу бид Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулж ирсэн боловч хуулийн хугацаанд нь шийдэх боломж олгоогүй. Бие даагчдын зөвлөлөөс Үндсэн хуулийн цэцэд хандсан ч авч хэлэлцээгүй.

Яг үнэндээ өнөөдөр Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн манаач биш хоёр том намын дохио зангаагаар ажилладаг улстөрийн хүү­хэлдэй болчихоод байгаа. УИХ дээр Монгол Улсын хууль хэрэгжихгүй байхад жирийн иргэдэд хууль биелүүлэх талаар шахаж шаардаж байгаа нь үнэхээр монголын төр ард иргэдээ алаг үзэж, ялгаварлан гадуурхаж байгаагийн илрэл юм.

-Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бод­лого бүхэлдээ буруу яваад байгаа хэрэг үү?

Ямар ч байсан ойрын хоёр жилд л мөнгөний бодлогын хувьд маш их алдаатай бодлого явуулж байна. Одоо орж ирж байгаа мөнгөний бодлогыг бараг хараад ч хэрэггүй. Би өмнөх УИХ-д байхдаа ч валютын ханшны асуудлыг маш тодорхой тавих ёстой гэж хэлж байсан. Манайх шиг ихэнх бараа материалаа гаднаас оруулж ирж амьдардаг улсад үндсэн валют нь их чанга байх ёстой юм. Товч­хондоо төгрөгийнхөө ханшийг чангаруулж, түү­нийгээ мөнгөнийхөө бодлогоор маш сайн дэмжих учиртай байсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч үүнийг зах зээл удирдах ёстой гээд яг эсрэгээр нь ажиллаад байгаа.

Тэгээд өнөөдөр албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаад л сууж байна. Хэрвээ би түүний оронд байсан бол аль эрт хариуцлагаа хүлээчихсэн байгаа. Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр бол макро эдийн засгийнхаа тулгуур багана шүү дээ. Гэтэл нэг багана нь доголдоод ирэхээр л эдийн засаг яаж ч болохгүй уналтад орж байгаа юм.