Хэрвээ жолооч Б тэр өдөр архи уугаагүй байсан бол
АЖДХ-оос нийт жолооч явган зорчигчдод хандан “Зам тээврийн ослоос сэргийлье” гэсэн уриалгад заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохыг хуулиар хориглосныг хэрэгжүүлье” гэсэн уриалгыг тусган авч хэрэгжүүлсэн бол 7 настай бяцхан хүү өнөөдөр эцэг эх, анги хамт олонтойгоо баяр, хөөртэй байх байлаа...
Энэ сарын эхээр Баян-Өлгий аймгийн төвд хичээлээсээ тараад харьж явсан 7 настай бяцхан хүүг согтуу жолооч дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг гарчээ. Энэ жилийн хувьд тус аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг гараагүй байсан аж.
Хүүг нас барсны долоо хоногт Баян-Өлгий аймгийн төвийн бүх сургууль дээр эмгэнэл илэрхийлэх арга хэмжээг тус аймгийн прокурорын газраас санаачлан Боловсролын газартай хамтран зохион байгуулсан байна.
Уг арга хэмжээний үеэр “Хэрвээ бяцхан хүүгийн гэрийнхэн хичээл тарахад нь ирж хөтөлж авч явсан бол”, “Хэрвээ багш нь гэрийнхэнд нь утасдаж хүүгээ ирж аваарай гэж хэлсэн бол”, “Хэрвээ Жолооч Б тэр өдөр архи уугаагүй байсан бол”, “Хэрвээ замын цагдаагийн эргүүлүүд тэр өдөр уг согтуу жолоочийг эрт илрүүлж саатуулсан бол”, “Бага насны хүүхдийг гараас нь хөтөлж зам гаргах тухай Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг эцэг эхчүүд байнга хэрэгжүүлдэг бол” гэсэн асуудлаар хүн бүрийн хариуцлагыг хөндөж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.