Ш.Давааням: Түр оршин суугчид орчиндоо хоноцын сэтгэлээр ханддаг
БГД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч, зургадугаар хорооны Засаг дарга Ш.Давааням
2014.10.26

Ш.Давааням: Түр оршин суугчид орчиндоо хоноцын сэтгэлээр ханддаг

БГД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч, зургадугаар хорооны Засаг дарга Ш.Даваанямтай хорооны ажил амьдралын талаар ярилцлаа.

- БГД-ийн зургадугаар хорооны захиргаа ямар зарчмыг гол болгож иргэддээ үйлчилдэг вэ?

Шинэчлэлийн баг ажлаа эхлээд хоёр жил боллоо. Энэ хугацаанд бид иргэдийн дуу хоолойг сонсох, аливаа асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гол зорилго тавьж ажилласан. Өмнө нь зөвхөн дээрээс доош чиглэж, зааварчилгаа өгч ажилладаг байсан бол одоо иргэд иргэдийн оролцоо гэж чухам юу болохыг бага ч болов ойлгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага бол үйлчилгээний байгууллага гэдэг төлөвшлийн эхлэл тавигдсан. Гэхдээ үүнд цаг хугацаа орох нь мэдээж. Бэрхшээл олон бий. Зарим хүмүүс үүнийг далимдуулж төрийн ажилд хэтэрхий оролцох, үймүүлэх, улс төрийн зорилгоор сөрөг сурталчилгаа хийж олны санаа бодлыг төөрөгдүүлэх зэргээр ажилд саад болдог.

БГД-ийн зургадугаар хорооны хувьд яаралтай хийх ёстой байсан хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэсэн. Юун түрүүнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн чиглэл барьж өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталдаг. Уг ажлын хүрээнд долоо болон наймдугаар хороо руу өгссөн хоёр шатыг засч янзалсан. Эдгээр шатнууд бараг хүн явахын аргагүй болчихсон байсан. Түүнчлэн UB Palaceе-ийн ойролцоо байдаг он удаан жил болж нурах дөхсөн дөрвөн цамхгийг Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргаж буулгасан.

- Тохижилтын ажил хэр хийгдсэн бэ?

Хорооны нутаг дэвсгэрт барилга олноор баригдсан ч тохижилтын ажил огт хийгдээгүй. Хүнд даацын машинууд байнга явснаас гэр хорооллын замаас ч илүү тоостой зам асфальтан замын дээр бий болсон. Зам эвдэрсэн. Тиймээс дараа жилээс хорооллоо бүрэн тохижуулах ажлыг төлөвлөж, зураг төслийг нь гаргасан. Ногоон байгууламжийн ажил хийгдэж байгаа ч хангалтгүй. Иргэдийн өөрсдийнх нь оролцоо муу. Ер нь орчиндоо өөрийн гэсэн сэтгэлээр хандаж хотын соёл төлөвшихийн тулд оршин суугчдын сэтгэлгээнд том өөрчлөлт орох хэрэгтэй.

БГД-ийн 6-р хороо нь Энхтайваны өргөн чөлөө 18-р байрны 3-р орцонд байралдаг. Зүүн талаараа Чингүнжавын гудамж БГД-ийн 2-р хороотой, урд талаараа Энхтайваны өргөн чөлөө БГД-ийн 4, 5-р хороотой, баруун талаараа СХД-ийн 12-р хороотой, хойдталаараа Дилав хутагт Жамсранжавын гудамж, БГД-ийн 7, 8-р хороотой хиллэнэ.

Орчин үед иргэдийн оролцоогүйгээр урагшилна гэдэг тун бэрхшээлтэй болсон. Улсаас цалин авч байгаа учраас хорооны захиргаа л бидний өмнөөс бүгдийг хийх ёстой гэж хүмүүс үздэг. Үүнээс болж тохижилтын ажилд олигтой ахиц гардаггүй. Ноднин хийсэн зүйлийг энэ жил эвдчихсэн байх жишээтэй. Хорооноос бүх зүйлийг хянаж, цагдах боломжгүй.

Түүнээс гадна 16 000 хүн амтай, 4000 гаруй өрхтэй ийм том хорооны захиргааны орон тоо аль 80-аад оныхоороо байна. Тиймээс ачаалал ихтэй. Ард иргэдийн гэр орноор явж, уулзаж ярилцах ёстой ч цаг, хүчний хувьд хүрэлцдэггүй. Урдах ажлаасаа давдаггүй. Ихэнх цагийг гомдол барагдуулахад зарцуулдаг.

- Танай хороо хүн амын ямар бүтэцтэй вэ?

Хорооны хүн амын 30 орчим хувь түр оршин суугчид буюу шилжин ирэгсэд. Хорооллын хувьд орон сууцнууд нь нэлээд хуучирсан. Боломжтой хүмүүс нь шинэ хорооллууд руу нүүгээд явчихдаг. Хуучнаа түрээсэлдэг. Түрээсийн байранд амьдардаг энэхүү 30 хувь нь хорооны ажил, амьдралд огт оролцдоггүй. Хоноцын сэтгэлээр бүхэнд ханддаг. Ажил хийхийн тулд тодорхойлолт авах гэж л хороон дээр ирдэг.

Түүнчлэн манай хороонд амьдардаг 1200 орчим ахмадын 60 орчим хувь ямар ч харьяалалгүй учраас харьяалалжуулах ажлыг бага багаар хийж байна. Ахмадуудад зориулсан аливаа арга хэмжээнд бүгдийг нь хамруулж чаддаггүй.

- Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ ямар вэ?

Сургуульгүй, цэцэрлэггүй хороонуудыг бодвол нэг сургууль, хоёр цэцэрлэгтэй. Гэсэн хэдий ч хүн ам олонтой учраас хангалтгүй. 1500 орчим сургуулийн өмнөх насны хүүхдийн зөвхөн 1000 орчим нь төрийн болон хувийн цэцэрлэгт хамрагдсан.

- Зургадугаар хороонд газрын маргаан байдаг уу?

10 дугаар хороолол маань газрын хувьд талбай томтой. Уг талбайг ямар ч төлөвлөгөөгүй ашиглаж энд тэндгүй барилга  баригдсанаас болж иргэд эрүүл аюулгүй амьдрах орчин маш хомс болсон. Зарим барилга улаан зам дээр шахуу баригддаг. Байнгын чимээ, шороо тоосноос гадна шинэ барилгууд хуучин байрны нарыг шууд халхалдаг. 3-5 хан метрийн зайд 12 давхар байшин баригдчихаар доогуур давхарт амьдарч буй хүнд юу харагдах юм бэ? Иргэд хичнээн эсэргүүцлээ ч дийлддэггүй. Бухимдсан иргэд хороо зөвшөөрөл олгочихсон юм шиг бидэн дээр ирж гомдлоо гаргадаг.