Я.Санжмятав: 54 мянган аж ахуйн нэгж, байгууллага хаалгаа бариагүй
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “11-11” төвд өчигдөр ажиллалаа. Иргэдээс ирсэн асуултад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга нар ямар хариулт өгснийг багцлан хүргэе.
-Цалингийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгох хэрэгтэй байна. Ард иргэдийн амьдралд хүрэлцэхгүй байна?
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог. 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь үндсэндээ тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн хөлсний хамгийн доод хязгаар юм.
Харин тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хуулиар хориглодог.
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх үү. Төрийн захиргааны албан хаагчдын цалин нэмэгдэхгүй үлдээд байна?
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүйн тулд цалинг нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмэх арга хэмжээг манай яамнаас эрхлэн боловсруулж тухай бүрт нь Засгийн газрын шийдвэр гаргуулсан. Энэ ажлын хүрээнд төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудал шийдвэрлэгдээд хэрэгжиж байгаа.
-Хөдөлмөрийн хууль зөрчиж хүмүүсийг ажлаас нь халж байна. Мөн цалин, тэтгэмжийг нь олгохгүй байна. Үүнийг шалгаж өгнө үү.
Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас халсан болон бусад 11 төрлийн маргааныг шууд шүүхэд шийдвэрлэхээр заасан тул та шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах нь зүйтэй. Харин шинээр боловсруулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хөдөлмөрийн маргааныг аль болох хурдан, чирэгдэл багатай шийдвэрлэх нөхцөл боломжийг тусгаж байгаа.
-40-өөс дээш насныханд ажилд олдохгүй байна. Ажлын байр нэмэгдүүлэхгүй юм уу?
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг тусгайлан дэмжих зорилт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд манай яамнаас “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр” болон “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг шинээр боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.
Хөтөлбөрүүдийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 40-өөс дээш насны иргэдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох санал, санаачилгыг дэмжих, түүнчлэн ажилд зуучлагдаж чадахгүй байгаа хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангаж, тодорхой хэмжээний орлого олох боломжийг бүрдүүлэх асуудал тусгасан.
40-өөс дээш насны ажилгүй иргэдэд аж ахуй эрхлэх чиглэлээр боловсруулсан төслийнх нь тодорхой хэмжээний зардлыг санхүүжүүлэх, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах болон дээрх арга хэмжээнд хамрагдах боломжгүй иргэдэд нийгмийн ач холбогдол бүхий арга хэмжээнд хамруулан орлого олох боломжийг бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Хоршоо байгуулах иргэнд 5-10 сая хүртэл төгрөгийн зээлийг сарын 0,85 хувийн хүүтэйгээр хоёр жилийн хугацаатайгаар олгодог.
Засгийн газраас ажил олгогч 40-өөс дээш насны иргэдийг шууд ажлын байраар ханга гэж тулгах боломжгүй. Ажил олгогч ажилтнаа өөрөө сонгож авах жишиг өнөөдөр мөрдөгдөж байгаа. Иймд дээрх хөтөлбөр, арга хэмжээний зорилго нь өөртөө ажлын байр бий болгох санаачилгыг дэмжих, ажил олоход хүндрэлтэй иргэнд түр хугацаанд орлого олох боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн.
-Төрийн банкнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таван сая төгрөгөөс дээш төсөл хөтөлбөрийн зээлийн мөнгө гаргахгүй байна. Яагаад олгохгүй байна вэ?
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлийг Төрийн банкаар дамжуулан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд 5-10 сая хүртэл төгрөгийн зээлийг сарын 0,85 хувийн хүүтэйгээр хоёр жилийн хугацаатайгаар олгодог. Жижиг зээл олгох асуудлыг Засгийн газрын тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журам”-аар зохицуулдаг.
Журамд зээл олгохтой холбоотой гарсан аливаа эрсдэлийг банк 100 хувь хариуцахаар заасан байдаг юм. Иймээс тухайн банк эрсдэлд орохгүйн тулд барьцаа хөрөнгө болон бусад холбогдох шаардлагуудыг тавьж зээл олгож байгаа. Энэ хүрээнд таны хөдлөх хөрөнгийг банкны нэр дээр болгох асуудал тавьж байгааг манай яамны зүгээс шууд болиулах ч юм уу зохицуулах боломжгүй байна.
Манай яамнаас Төрийн банктай хамтран зорилтот бүлгийн иргэдэд тавьж байгаа өндөр шаардлагуудыг тодорхой хэмжээнд бууруулах бодлого барьж ажиллаж байна. Төрийн банкны зүгээс манай яамны тавьсан шаардлагын дагуу тодорхой ажлуудыг хийж, зээлдэгчид тавих шаардлагыг бууруулах тодорхой арга хэмжээг авсан.
Тухайлбал, гурван сая төгрөгөөс дээш хэмжээний зээлийн түүхтэй, зургаан сараас дээш хугацаанд хувиараа бизнес эрхэлсэн туршлагатай иргэнд 10 сая хүртэл төгрөгийн зээлийг үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр олгох болсон. Мөн хоёр саяаас дээш зээлд үл хөдлөх, хөдлөх хөрөнгө хослуулан барьцаалдаг байсныг таван саяаас дээш болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл таван сая хүртэл төгрөгийн зээлд хөдлөх хөрөнгө барьцаалж болох арга хэмжээг авсан.
-Их дээд сургууль төгссөн оюутнуудыг ажилд орох гэхээр 2-3 жилийн ажлын туршлагатай байх ёстой гээд авахгүй байна?
Ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтан авахдаа ажилласан жил зааж, шаардлага тавьдаг асуудлыг яамны зүгээс дэмждэггүй. Ийм байдал гаргахгүй байхыг уриалж ажилладаг. Гэхдээ зах зээлийн нийгэмд шилжсэн өнөө үед үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ашиг, орлоготой ажиллахын тулд ажилтан албан хаагчиддаа өндөр шаардлага тавих, шинээр ажилтан авахдаа өндөр мэргэжилтэй, мэргэшсэн ажилтан авахыг зорилго болгож ажилладаг.
Үүнийг буруутгах аргагүй. Аж ахуйн нэгжид энэ хүнийг ажилд шууд ав гэж тулгах боломж Засгийн газарт байхгүй. Иймээс манай яамнаас ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийг санхүүгийн болон бусад байдлаар урамшуулан дэмжих, оюутан залуучуудыг хичээлийн бус цагаар ажил хөдөлмөр эрхэлж, орлого олохыг нь дэмжих, улмаар ажил, хөдөлмөрийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болгож, ажилласан хугацаатай, туршлагатай болгох зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлж эхлээд байна.
-МСҮТ-д 24 наснаас дээш болон дунд шатны ангид сурч байгаа хүмүүст тэтгэмж өгдөггүй нь ямар учиртай вэ. МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг яагаад цагтаа өгөхгүй байна вэ?
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 294 дүгээр тогтоол түүний хавсралт журамд Өмчийн хэлбэр харгалзахгүй МСҮТ, түүнтэй адилтгах мэргэжлийн сургалт эрхэлдэг байгууллагад мэргэжлийн анхан, дунд шатны сургалтаар мэргэжил эзэмших 24 хүртэлх насны суралцагчдад тэтгэлэг олгоно гэж заасан. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн сургалт нь таван сар үргэлжилдэг бөгөөд сургалтын сарын тэтгэлэг 190 мянган төгрөгийг сар бүрийн сүүлийн долоо хоногт тухайн сургуулийн данс руу шилжүүлдэг.
-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн мөнгө яагаад шилжиж орж ирэхгүй байгааг тайлбарлаач?
Харилцагч банктайгаа зээлийн гэрээ хийсэн аж ахуйн нэгж, иргэдийн санхүүжилт Хөгжлийн банкнаас 2014 оны аравдугаар сарын 9-ний өдрөөс хойш хийгдээгүй байгаа. Удахгүй мөнгө шилжих болно.
-ЖДҮ-ийн зээлд хамрагдахаар ТҮЦ машинаас тодорхойлолт аваад очихоор ХААН банк хүлээж авахгүй байна. Энэ шаардлага нь хэр үндэслэлтэй вэ?
Ийм асуудал ХААН банкинд гарсан. Гарсан гомдлын дагуу бид Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Засгийн газраас тус банкинд бичиг явуулж, энэ асуудлаа нягтлахыг хүссэн. Бусад банкинд бол ажил хэвийн явж байгаа.
-Жижиг, дунд үйлдвэрийн төслийг авах гэтэл банк шаардлага хангахгүй гээд зээл олгохгүй байна. Банкууд заавал хатуу шаардлага тавьж байгааг анхаарч арга хэмжээ авч өгч болох уу?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ хөтөлбөрт хамрагдаж ажил хөдөлмөр эрхэлж, өөртөө ажлын байр бий болгох боломжтой.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2014 онд арилжааны банкуудтай гэрээ хийсэн. Гэрээнд барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлээд үнийн дүнгийн 70 хувиар үнэлж байхаар гэрээнд тусгасан. Мөн тус зээл банкны шаардлагыг хангасан ч барьцаа хөрөнгө хүрээгүй байвал Зээлийн батлан даалтын сан руу шилжүүлж, ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэж байгаа болно.
Зээл хүссэн аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө банкинд холбогдох бичиг баримтаа бүрэн бүрдүүлж өгөхгүй байгаа учир зээл судлагдахгүй удааширч байна гэсэн хариултыг арилжааны банкууд өгсөн.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар Хөдөлмөрийн яам ямар ажил хийж байна вэ?
Хөдөлмөрийн яам Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв болон аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн найман хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүн дотор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан хөтөлбөр байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ хөтөлбөрт хамрагдаж ажил хөдөлмөр эрхэлж, өөртөө ажлын байр бий болгох боломжтой. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань харьяа дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст хандаж, энэ хөтөлбөрийг сонирхоод үзээрэй.
-Тэгэхээр сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор 54 мянган аж ахуйн нэгж, байгууллага хаалгаа барьсан гэнэ. Энэ талаар бодит мэдээлэл өгнө үү?
Энэ мэдээллийн дагуу ТЕГ, УБЕГ-аас хаагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийг авлаа. УБЕГ-т бүртгэсэн мэдээллээр бол жилд 10 гаруй мянган ААНБ шинээр байгуулагдаж, 500 орчим нь хаагддаг юм байна.
Тухайлбал, 2010 онд 11300 ААНБ шинээр байгуулагдаж 561 нь хаагдсан, 2011 онд 13860 байгуулагдаж 202 хаагдсан, 2012 онд 14434 байгуулагдаж 204 хаагдсан, 2013 онд 15998 байгуулагдаж 513 хаагдсан, 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 13143 шинээр байгуулагдаж 609 байгууллага хаагдсан байна.
Харин ТЕГ-ын ирүүлсэн мэдээллээр хаагдсан 54 337 аж ахуй нэгжээс байгуулагдсан цагаасаа хойш огт тайлан ирүүлээгүй 5571, байгуулагдсан цагаасаа хойш огт үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан ирүүлсэн ААНБ 19358 байна.
2012 оноос өмнөх онуудад үйл ажиллагаа явуулж байгаад 2012 оноос Х тайлагнаж байгаа 9678, 2012 онд үйл ажиллагаа явуулж байгаад 2012 оноос Х тайлагнаж байгаа 3200, 2013 онд үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос Х тайлагнаж байгаа 5692, 2014 онд үйл ажиллагаа явуулсан гэж тайлагнасан нь 10838 байгаа гэнэ. Эндээс харахад тоон дээр тоглолт хийж, Шинэчлэлийн Засгийн газрын үйд ажиллагааг харлуулах гэсэн ажил л явж байна гэж хэлж болохоор байгаа юм.