Берлины хана нурсан ч дэлхий ертөнцөд шударга ёс тогтсонгүй
Берлины хана өнөөдөр
2014.11.08

Берлины хана нурсан ч дэлхий ертөнцөд шударга ёс тогтсонгүй

Дэлхийн ертөнцийг сөргөлдөгч хоёр хэсэгт хуваасан, хүйтэн дайны нэгэн гутамшигт билэг тэмдэг болсон Берлины хана нурснаас хойш 25 жил өнгөрлөө. Бид өнөөдрийн энэ үйлдлийг сэтгэл хөдлөлгүй, зүй ёсоор үнэлж чадахаар боллоо.

1990-иэд онд олон хүн “түүх төгслөө” гэж мэдэгдэж байсан ч тийм зүйл болсонгүй. Гэхдээ бидний итгэж, тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн найдаж байсан дэлхий ертөнц бий болсонгүй. Тэр үед хүйтэн дайн дуусч хүн төрөлхтөн олон арван жил тэмцсэний эцэст утга учиргүй зэвсэглэлийн хөөцөлдөөн, бүс нутгийн мөргөлдөөнүүд, ямар ч ашиггүй үзэл суртлын маргааныг мартаж байгальтайгаа зохицон амьдарсан, ядууралгүй, нөөцөө ухаалгаар ашигласан, хамтын аюулгүй байдал бүхий алтан зуунд алхан орлоо гэж найдаж байсан ч бүх зүйл талаар болов.

Хүйтэн дайн дууссанаар хүн төрөлхтөн өөрийн хөгжил, оршихуйн үндсийг бүрдүүлэгч хамгийн чухал зүйлсийн хоорондын уялдаа холбоог ойлгов. Өөрөөр хэлбэл тив болгон дээр өрнөж буй процесс, үйл явдлууд нь зүгээр нэг болоод өнгөрдөг бус, харин манай гаригийн тэрбум тэрбум хүний өдөр тутмын амьдрал, хувь заяаг тодорхойлж байдаг эдийн засаг, нийгэм, хүн ам, соёл, технологийн өөрчлөлтүүд нь хоорондоо амьд холбоотой байдаг гэдгийг ухамсарласан явдал юм. Хүн төрөлхтөн нэгдмэл соёл иргэншилтэй болж эхэллээ.

Төмөр хөшиг нурсан нь олон хүний хувьд гэнэтийн зүйл болсон бөгөөд өмнө нь янз бүрийн төрийн тогтолцоотой байсан улс орнууд хийгээд янз бүрийн түүх, уламжлал бүхий соёл иргэншлүүд бие биеэ анх удаа байгаагаар нь олж харав.

Өнгөрсөн зууны улс төрчид цөмийн дайнаас зайлсхийж чадсанаараа бахархдаг. Гэвч сая сая хүний хувьд дэлхий ертөнц аюулгүй болж чадсангүй. Эсрэгээрээ дэлхийн улс төрийн газрын зураг дээр олон хүний амийг авч одсон тоо томшгүй мөргөлдөөн, угсаатан, шашин хоорондын дайн дэгдэв.

Том жижиг ялгаагүй ихэнх улс орны цэргийн зардал хүйтэн дайны үеэс ч их болсон нь шинэ үеийн улс төрчдийн хариуцлагагүй, мунхаг үйл хэргийн шууд нотолгоо юм.  Хүч хэрэглэх тактик зөрчилдөөнийг шийдэх ердийн арга, олон улсын харилцааны нийтлэг шинж тэмдэг боллоо. 

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд байдал бүр ч дордов.  Баян хоосны ялгаа ихэссэнээс багассангүй. Орос болон хуучин социалист орнуудын нийгмийн хурц асуудлууд нь төвлөрсөн эдийн засаг, хүнд суртлын удирдлагын арга барилаас зүгээр нэг татгалзах нь хангалтгүй, яагаад гэвэл тухайн улсын дэлхийд өрсөлдөх чадвар, нийгэм дэх шударга ёс, хүн амын хэвийн амьдралын алиных нь ч баталгаа болж чадахааргүй байна.

Хуучин аюул дээр шинэ аюул нэмэгдэв. Энэ бол терроризм. Дэлхийн дайн хамгийн хүчирхэг, хамгийн нөлөөтэй гүрнүүдийн хүчний тэнцвэрийг хангахаа байсан өнөөгийн нөхцөлд терроризм нь жижиг бүлгүүдийн ашигладаг “ том атомын бөмбөг” болж хувирав. Олноор сүйтгэх зэвсэг хяналтгүй тараагдаж байгаа үзэгдэл, хүйтэн дайны хуучин оролцогчдын зэвсэгийн технологийн өрсөлдөөн, түүнчлэн олон туйлт ертөнцөд нөлөөгөө тогтоох гэсэн шинэ тоглогчдын улайрсан үйлдэл зэрэг нь дэлхийн улс төрийг улам ч эмх замбараагүй болгож байна.

Үзэл суртлын хямрал нь үнэт зүйлс, ёс суртахууны хямралд шилжихэд бэлэн болж хүн төрөлхтөн нийгмийн хөгжлийн чиг хандлагаа алдахад ойрхон байна. Хорьдугаар зуун нь тоталитар үзэл суртлыг төгсгөл болгосон нь бидний гол амжилт.

Гэвч Өрнөдөд ч тэр, Дорнодод ч тэр хуучныг орлож шинэ үзэл суртлууд гарч ирэв. Берлины хана нурсан нь дэлхийн хэмжээний өөрчлөлтийн шалтгаан бус, харин Дорно зүгт, ялангуяа Зөвлөлтөд бий болсон ард түмний хүчирхэг хөдөлгөөний үр шим байсныг эдүгээ олон хүн мартдаг. Большевикуудын эхлүүлсэн туршилт бүтэлгүйтэж, зөвлөлт систем нийгмийг мухардалд оруулсныг ухаарсны дараа ардчилсан шинэчлэлийн хүчтэй эхлэл тавигдсан.

Гэвч тун удалгүй өрсөлдөгчгүй болж, өөрийгөө цорын ганц ялагч, дэлхийн хөгжил дэвшлийн билэгдэл хэмээн үзэж байсан Барууны капитализм дэлхий ертөнцийг тэр чигээр нь ээлжит мухардалд оруулахад ойрхон байна.

Саяхан болсон эдийн засгийн хямрал цорын ганц хувилбар хэмээн тунхаглаж байсан Барууны хөгжлийн загварын хамаг дутагдлыг ил гаргав. Түүнчлэн социализм төдийгүй, хэт либералчлагдсан капитализмд ч гэсэн том өөрчлөлт хэрэгтэй гэдгийг харуулав.

Өмнө нь Өрнө, Дорны аль аль нь гуйвашгүй хэмээн үзэж байсан үүсгэл болоод туйлын үнэнүүд цаг үеэ өнгөрөөв. Тухайлбал чөлөөт зах зээл хамгийн хүчирхэг гэж үзэх нь тэнэглэлтэй адил сонсогддог болов. Барууны ардчиллын туршлагыг механик байдлаар түүхийн өөр өөр туршлага, уламжлал бүхий аль ч оронд түгээж болно гэсэн гүн итгэл байлаа. Гэвч тийм биш байж. Түүгээр барахгүй олон хүний дэмждэг нийгмийн дэвшил хэмээх ойлголтыг дахин судалж, тодорхойлох шаардлагатай болоод байна.