О.Баасанхүү: Энэ гэрээг Э.Бат-Үүл сайн мэднэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.11.10

О.Баасанхүү: Энэ гэрээг Э.Бат-Үүл сайн мэднэ

АН-ын ээлжит бусаар хуралдсан ҮЗХ-ны хурлаас АН-ын МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцох тогтоол гаргаад байгаа. Хоёр намын гэрээг хүчингүйд тооцсон тогтоол гаргасан асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-МАХН- АН-ын байгуулсан гэрээг хүчингүйд тооцох  тогтоол гарлаа. МАХН-ын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Намын  дарга нар  гарын үсэг зурж, тамгаа дарснаар  гэрээ  хүчинтэй болсон. Гэрээ байгуулах  асуудал аль хоёр жилийн өмнөөс яригдаж, манай намаас Л.Цог, Д.Тэрбишдагва  хоёр  гэрээний заалт дээр суугаад боловсруулж байсан.

Харин АН-аас З.Энхболд   гэрээ байгуулах санааг гаргаж, анхны төслийг нь гаргасан. Ч.Сайханбилэг ч гэрээний талаар сайн мэдэж байгаа.  Ганц  Н.Алтанхуяг  гэдэг хүн Н.Энхбаяртай яриад шийдчихээгүй.

АН бол хариуцлагатай нам. Хоёр жилийн өмнөөс яригдсан гэрээг Э.Бат-Үүл дарга ч сайн мэдэж байх ёстой. МАХН-ын тухайд гүйцэтгэх товчоо, бага чуулганаар оруулаад гарын үсэг  зурсан.

Тэгэхээр гэрээ бол өнөөдөр хүчинтэй хэвээр байгаа. Харин гэрээг  дагах хүсэл байна уу гэдэг өөр асуудал. АН гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн.

Гэтэл хамтрагчаасаа асуулгүйгээр шууд гэрээ хүчингүй болсон гэж хэлж байгаад  эмзэглэж  байна. Гэрээг хүчингүй болгох тухай заалт гэрээн дотор бий. Тэр заалтаа үндэслэн хүчингүй болгох бол өөр хэрэг.

-Гэхдээ АН ҮЗХ- оороо асуудлыг оруулаад гэрээг хүчингүй тооцох тогтоол гаргачихсан шүү дээ?

-Тэд хүчингүй боллоо гэж хэлээд л хүчингүй болчихдог юм биш. Гэрээг дагахыг хүсэхгүй байна гэдэг нь хүчингүй боллоо гэсэн үг биш. 

Хоёр тал суугаад гэрээнд тусгагдсан заалтын хүрээнд л  хүчингүй болгох үндэслэлтэй.